Чингэлтэй дүүргийн НД-ийн хэлтсээс “АЖИЛ ОЛГОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Төрийн болон төрийн бус хэлбэрийн бүх аж ахуйн нэгж нийгмийг даатгалын шимтгэл төлөх учиртай. Гэвч аж ахуйн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүд нийгмийн даатгал /НД/-ын шимтгэл оногдуулах болон даатгуулагчийн төрөл, код, хувь хэмжээг тайлагнахдаа олон төрлийн зөрчил гаргадаг байна. Зөвхөн Чингэлтэй дүүргийн НД-ын хэлтэст бүртгэгдсэн зөрчлийн 70 хувийг энэ төрлийн зөрчил эзэлжээ.

Даатгуулагчийг бүртгэдэг НД-ын 30 нэр төрлийн код байдаг бөгөөд аж ахуйн нэгжүүд цөөн тооны код хэрэглэдэг юм байна. Тухайлбал, “01” бол үндсэн ажилтны код аж. Тус кодоор тухайн ажилтныг бүртгэж, тайлагнахдаа даатгуулагчийн цалингийн хувь хэмжээг андуурах, нас, хүйсийг зөрүүлэх зэргээс эхлээд жижиг зөрчлүүд гаргадаг ба ийм алдаа нь хяналтын программаар илэрч, хожим даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авахад хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажилтныг анх ажилд авахдаа асуулгаа зөв тавьж, алдаагүй бүртгэлжүүлэх учиртайг Чингэлтэй дүүргийн НД-ийн хэлтсээс зохион байгуулсан “Ажил олгогчдын зөвлөгөөн”-ий үеэр хэлтсийн албан хаагчид зөвлөж байлаа.

Чингэлтэй дүүргийн НД-ын хэлтэст 4160 ажил олгогч бүртгэлтэй байдаг. Тус хэлтсээс өнөөдөр /2020.10.22/ “Бишрэлт” зочид буудалд зохион байгуулсан “Ажил олгогчдын зөвлөгөөн”-нд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 250 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн НД-ын хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, тоон гарын үсгийн танилцуулга, тайлан гаргахад анхаарах асуудал зэрэг нийгмийн даатгалын хүрээнд хэрэглэгддэг хууль, тогтоомж, онцгойлон анхаарах зүйлсийг танилцуулав. Мөн тайлант хугацаандаа тайлангаа хариуцлагатайгаар үнэн зөв мэдээлдэг, даатгуулагчдынхаа эрх ашгийг хамгаалдаг шилдэг 10 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслол боллоо.

Дашрамд дурдахад, 2020 он гарсаар дэлхий хэмжээнд дэгдсэн “Ковид 19” цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, орлого буурсантай холбоотойгоор Засгийн газраас олон арга хэмжээг авч ажилласан байдаг. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн НД-ын хэлтэст бүртгэлтэй 4160 ажил олгогчийн 3471 ажил олгогч НД-ын хөнгөлөлтөд хамрагдаж 69.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top