АНУ-ын сонгуулийн сурталчилгааны зардал 14 тэрбум ам.долларт хүрч, 2016 оны сонгуулийн зардалтай харьцуулбал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж “Хариуцлагатай улс төрийн төв” /Center for Responsive Politics/ байгууллагын илтгэлд дурджээ. Ирэх сонгууль АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй сонгууль болно гэж илтгэлд онцолсон байна. Дээрх зардалд АНУ-ын ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхим, Сенатын танхимын 35 суудлын төлөөх сонгуулийн сурталчилгаа, АНУ-ын томоохон хоёр улс төрийн хүчин болох Бүгд Найрамдах, Ардчилсан намуудын үндэсний хороодын зардал багтжээ.
“Хариуцлагатай улс төрийн төв”-ийн мэдээллээр, АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зардал нь 6.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2016 оны сонгуулийн үеэр энэ дүн 2.4 тэрбум ам.доллар байжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден нэг тэрбум ам.долларын хандив цуглуулсан анхны нэр дэвшигч болох магадлал өндөр байгаа аж. Энэ сарын 14-ний байдлаар, тэрбээр 938 сая ам.долларын хандив цуглуулж чаджээ. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп 596 сая ам.долларын хандив цуглуулаад байна.
Ардчилсан намаас сонгуульт албан тушаалын төлөө өрсөлдөж буй төлөөлөгчид 6.9 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа бол Бүгд Найрамдах намын нэр дэвшигчид нийт 3.8 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ оны эхээр ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Нью Йорк хотын захирагч асан Майкл Блүмберг, тэрбумтан Том Стейер нар Ардчилсан намд хамгийн их хэмжээний хандив өргөжээ. Тэд нийт 1.4 тэрбумын хандив өргөсөн байна.
Нийт хандивын 22 хувийг 200 хүртэл ам.долларын хандив эзэлж байгаа бол бийлэгжүү америкчууд нийт хандивын 41.53 хувийг бүрдүүлжээ.
АНУ-ын ээлжит сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болно. Сонгуулиар АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын гуравны нэг буюу 35 гишүүн, 13 мужийн амбан захирагчдын сонгох юм.
Сэтгэгдэл ( 0 )