ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт сайжирч байгаа ч...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

 

2020 оны нэгдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын 20-ны хооронд 12,3 тэрбум төгрөгийн өр авлага  барагдуулжээ

 

2021 оны Улсын төсвийн төсөлд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс шинээр санхүүжилт олгохгүйгээр зээлийн эргэн төлөлтөөс төслүүдийг санхүүжүүлэхээр тусгаад байгаа юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “ЖДҮ-ийн төслүүдийг зээлийн эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжүүлэх ёстой. Энэ салбарт нийтдээ 450-460 тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Үүнээс 200-гаад тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөс эргэн орж ирж зээлд хуваарилагдах боломжтой" гэж тайлбарласан.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа салбарын зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгч байна.

“Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд улсын төсвөөс хөрөнгө төсөвлөөгүй, зээлийн эргэн төлөлтөөр энэ онд хүлээн авсан төслүүдийг санхүүжүүлэхээр   болсон хэдий ч “Ковид- 19” цар тахлын нөлөөгөөр эргэн төлөлт  тасарсан байдалтай байна. Тодруулбал, оны эцэс гэхэд 50,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг  ЖДҮ хөгжүүлэх санд  төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч, одоогийн байдлаар 18 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гүйцэтгэлтэй явж байна. Тэгэхээр яг одоогоор 30 гаруй тэрбум төгрөг дутсан байдалтай байна.

Тиймээс манайхаас Сангийн яаманд ЖДҮХ санд дутаад байгаа мөнгийг шийдүүлэх талаар хүсэлтээ хүргүүлсэн боловч, төсвийн тодотголоор шийдэж өгсөнгүй. 2021 оны төсөвт  90 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт тусгах саналыг хүргүүлсэн.  Цаашдаа ямар шийд гарахыг мэдэхгүй, хүлээлтийн байдалтай байна” гэлээ.

Энэ оны хувьд аж ахуйн нэгжүүдээс 1573 төсөл хүлээж авсан аж. Энэ нь нийтдээ 239,0 тэрбум төгрөгийн төслүүд юм байна. Жижиг, дунд үйлдвэрийн газар сонгон шалгаруулалтын үр дүнд 50,4 тэрбум төгрөгийн төслийг  санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд хариу өгөхгүй бол төслөө ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэх аж.

Коронавирус цар тахлаас шалтгаалан эдийн засаг хумигдаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч амаргүй нөхцөл байдалд байгаа энэ үед ЖДҮ хөгжүүлэх санд улсын төсвөөс мөнгө суулгахгүй байгаа нь оновчгүй шийдвэр гэж тэрбээр хэлж байна.

Дэлхийн бусад улс орнуудад цар тахлын  үед гаргаж байгаа шийдвэрүүдийг харахад харин ч жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж,  санхүүгийн эх үүсвэрүүдийг нь  нэмэгдүүлж  байхад манайх эсрэгээрээ хасч байгааг зөв шийдвэр гэж хэлэхэд хэцүү байна. Ажлын байрыг бий болгохоосоо илүү хадгалах зарчмыг олон улсад баримталж байна. Байгаа ажлын байрыг устгалгүй тэнд нь тодорхой боломж нөхцөлийг нь хангаад хадгалж үлдэх нь чухал гэдэг чиглэлийг  дэлхий дахин барьж ажиллаж байна. Үүнийгээ жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замаар хэрэгжүүлж байна гэлээ.

Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ЖДҮ сангаас зээл авсан аж ахуйн нэгжүүд эргэн төлөлтийг нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа юу гэдэгт дараах хариултыг өгч байна.

“Борлуулалт зогссон, экспорт нь зогссон, эсвэл түүхий эдийнх нь  нийлүүлэлт тасалдсан, хэрэгцээ шаардлага хумигдсан, үйлчилгээг тодорхой нөхцлөөр хязгаарласан ийм байдалтай байгаа аж ахуйн нэгжүүд олон байна. Тийм учраас эргэн төлөлтөө хийх бололцоогүй болчихоод байна л даа. Дээр нь ХХААХҮ-ийн сайд, болон Засгийн газраас “Үндсэн зээлийн төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх” талаар гаргасан шийдвэр бий. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөд тасалдал үүсчихээд байна. Иргэдийн дунд ЖДҮ сангийн зээлийн эх үүсвэрийг жил бүр улсын төсвөөс төсөвлөж иргэдэд зээл олгодог гэдэг ойлголт түгээмэл байдаг. Ер нь бол 2018 оноос хойш манай сан улсын төсвөөс санхүүжээгүй. Энэ хугацаанд эргэн төлөлтөөр санхүүжилтээ хийж байсан” гэв.

Тодотгоход, Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулж, хуулийн хэлтэстэй болж  ажилласнаар зээлийн  өр барагдуулах, эргэн төлөлт сайжирсан үзүүлэлттэй байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсээс 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Зээлийн эргэн төлөлтийн 90-ээс дээш хоногийн зөрчилтэй нийт 360 зээлдэгчийн 68,4 тэрбум төгрөгийн зөрчилийг барагдуулах ажлыг хийж гүйцэтгэж, нийт өссөн дүнгээр /2020.01.01-2020.10.20/ 12,3 тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулжээ.

 Барагдуулсан өр, авлагын хэмжээг оноор ангилбал:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.90) 2020 оны 10 сарын 29

Содбаатар, Давхарбаяр нар зээлээ төлчихсөн гэсэн үг үү?

0  |  0
Top