Хуйвалдааны онолын баатар, буяны үйлстэн, тэрбумтан: Билл Гейтс 65 нас хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 30

 

Microsoft компанийг үүсгэн байгуулагч юу хийдэг вэ

Билл Гейтс найз Пол Аллентай хамтран 1975 онд “Microsoft” компанийг үүсгэн байгуулсан. Арван жилийн дараа тэд Windows 1.0 программыг гаргаж, мөн 10 жилийн дараа гэхэд АНУ-д “Windows 95” программ уртаас урт дараалал үүсгэж байв. Өдгөө “Microsoft” компани дэлхийн томоохон IT компани болсон бол Гейтс 116.9 тэрбум ам.долларын хөрөнгөөр “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад хоёрт орж байна.

2000 оноос тэрээр “Microsoft” компанийн удирдлагаас аажмаар холдож, 2020 оны хавар гэхэд ТУЗ-ын бүрэлдэхүүнээс гарч, техникийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаал, компанийн хувьцааны нэг хувийг л өөртөө үлдээв. Өдгөө Билл ихэнх цаг хугацаагаа буяны үйлсэд зориулж, эрүүл мэнд, нийгмийн тэгш бус байдлын асуудлыг шийдэх шинэ шийдэлд хөрөнгө оруулсаар. Үүнээс болж түүнийг дэлхийн хүн амыг хянах хорон санааг агуулж байна гэж сэрдэн, хуйвалдааны онолын баатраар нэг бус удаа “тодруулж” байв.

Билл Гейтс юунд хөрөнгө оруулдаг вэ

Билл Гейтс Сиэттл дэх Билл, Мелинда Гейтсийн сангийн төв оффист ажилладаг. Энэхүү санг тэрбээр эхнэрийн хамтаар 2000 онд байгуулжээ. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд тус сан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний тэгш бус хүртээмж, хүнсний хомстол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нийгмийн чиглэлийн төсөлд нийт 53.8 тэрбум ам.долларыг зарцуулаад байна. Энэ мөнгө зөвхөн Гейтсийн хувийн хөрөнгө бас биш. Тухайлбал, түүний эртний анд, тэрбумтан Уоррен Баффет тус санд зориулж өөрийн “Berkshire Hathaway” компанийн хувьцааг хандивлаж байв. 2010 онд Гейтс, Баффет нар “Бэлэглэлийн тангараг” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ. Энэ хөдөлгөөний оролцогчид буяны үйлсэд зориулан хөрөнгийнхөө дор хаяж тал хувийг зориулах тангарагтай.

Түүнчлэн, Билл Гейтсийн сан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Вакцин, дархлаажуулалтын дэлхийн холбооны /ВДДХ/ ивээн тэтгэгч. ВДДХ нь улаан бурхан, саа, гепатит В зэрэг амь насанд аюултай өвчний эсрэг хүүхдийн вакциныг бага орлоготой орнуудад нийлүүлдэг. 2000 оноос хойших хугацаанд тус сангийн санхүүжилтээр нийт 760 сая хүүхдийг вакцинжуулалтад хамруулжээ. Тус сан мөн Анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй. Энд хумхаа, сүрьеэ, суулга зэрэг төрөл бүрийн өвчний эсрэг вакцин, эм бэлдмэлийг гаргаж авдаг.

Ядууст зориулсан боловсрол

Гейтсийн сан олон тооны боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээрийн нэг “Educate!” төсөл Кени улсад мото таксины жолооч, хүргэлтийн зөөгч нарыг бэлтгэдэг байна. Тус улсад дунд сургуульд сурч байгаагүй олон залуус бий. Тэд Google газрын зураг уншиж, Uber зэрэг апплийкэшныг хэрэглэж чаддаггүй. Харин тус сангийн буянаар Кенийн залуус мэргэжилгүй ажилчны хөлснөөс хэд дахин илүү цалин авдаг болжээ.

Ногоон компаниуд

Дөрвөн жилийн өмнө Гейтс “Facebook” компанийн үүсгэн байгулагч Марк Зукерберг, “Alibaba” компанийн тэргүүн Жек Ма болон бусад бизнесменүүдтэй хамтран дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сан байгуулжээ. Тэд сангаа “Breakthrough Energy Ventures” гэж нэрлэж, нэг тэрбум ам.долларын төсөв бүрдүүлээд байна. Ойрын 20 жилд тус байгууллага энэ мөнгийг ногоон эрчим хүч боловсруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулна. Гейтс нарны зай үйлдвэрлэдэг стартап компанид чамгүй дэмжлэг үзүүлсэн нэгэн.

Томоохон бизнес

Билл Гейтс нийгмийн асуудлыг шийддэг компаниуд төдийгүй ашигтай бизнест ч хөрөнгө оруулдаг. Тэрбээр активынхаа 60 хувийг хувьцаа болгоод байна.  Биллийн цүнхэнд Уоррен Баффет сан, “Apple”, “Coca-Cola”, “Wallmart” зэрэг томоохон компаниудын хувьцаа бий. Билл Гейтс мөн эрсдэлтэй бизнес санаанаас ч айдаггүй.

Цоо шинэ санаанууд

2013 онд тэрбумтан Билл “Beyond Meat” компанийн тахианы махны орлуулагчтай тако амталжээ. “Намайг жинхэнэ мах идэж байна уу эсвэл хуурамчийг уу” гэж асуухад мах амтаараа ч тэр, гаднах байдлаараа ч тэр тахианы мах шиг л байсан. Миний идсэн зүйл бол мах орлуулагчаас ч илүү, ирээдүйн хоолны амт байсан” гэж Билл Гейтс өөрийн блогдоо бичиж байв. Тэрбээр “Beyond Meat” болон түүний өрсөлдөгч “Impossible Foods” мах орлуулагч үйлдвэрлэдэг стартап компанид хөрөнгө оруулсан. Үүний ачаар “Beyond Meat” үхрийн махан татшийг орлуулах вандуйн уургаар хийсэн котлетын жорыг гаргаж байв.

Хиймэл махны зах зээл ирээдүйтэй. Өдгөө тус зах зээлд 12 тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд 2025 онд хоёр дахин нэмэгдэх төлөв бий. Дээрээс нь энэхүү технологи 20-30 жилийн дараа экологи, хүнсний хомстлын асуудлыг шийдэх түлхүүр болно гэж үзэх нь бий.

Энэ бол Билл Гейтсийн дэмжсэн хамгийн өвөрмөц санаа ч биш. Тэрбээр 2015 онд хүний ялгадаснаас ус, цахилгаан гаргаж авах технологийг боловсруулсан “Omniprocessor” стартапт мөн хөрөнгө оруулсан. Дэлхийн хамгийн ядуу орны нэг болох Сенегалын нийслэл Дакар хотод болсон эл төслийн нээлтийн үеэр Билл бохирын усыг цэвэрлэх замаар гаргаж авсан усыг ууж, үзүүлсэн удаатай.

Билл Гейтсийн сонирхол, улмаар хөрөнгийн татсан бас нэг төсөл бол “Earth Now” стартап. Тус компани манай гараг дээр юу болж буйг хэдхэн секундын зайтай шууд дамжуулах камер бүхий хиймэл дагуулыг бүтээж байна. Эдгээрийн тусламжтай байшинд гарч буй гал, авто замын хөдөлгөөн, түймэр, аянга цахилгаан, хүчтэй шуурга, далайн хар салхи, галт уулын дэлбэрэлт, халимын шилжилт хөдөлгөөн, дайны бүс зэргийг хянах боломжтой.

Альцгеймер өвчний эсрэг

Билл Гейтс Альцгеймер өвчинтэй тэмцэхэд зориулж 100 сая ам.доллар зарцуулжээ. Энэ мөнгөний хагасыг тэнэгрэх өвчнийг судлах сан авсан бол талыг нь энэ асуудлыг шийдэх шийдлийг эрэлхийлж буй стартапууд авах юм. Үүнд Гейтст хувийн сонирхол бий. Учир нь түүний эцэг Альцгеймер өвчний улмаас энэ онд насан өөд болсон юм.

Бүтэлгүй санаа ч бас бий

Билл өөрийн сангаар дамжуулан био технологийн “Oxitex” стартап компанид хөрөнгө оруулж байв. Энэ лабораторид хумхаа өвчин тээгч шумуулыг устгах генийн өөрчлөлттэй шумуулыг гарган авч байв. Энэ өвчний улмаас 2018 онд гэхэд 405 мянган хүн нас барсан. Гэвч энэ санаа байгаль орчныг хамгаалагчдад таалагдаагүй тул эцэстээ бүтэлгүйтсэн. Бразил улсад генийн өөрчлөлттэй олон сая шумуул гаргаж, үнэхээр ч эхэндээ шумуулын тоо буурсан ч нэг жил хагасын дараа шумуулын тоо толгой бүрэн нөхөгджээ.

Хуйвалдааны онолын баатар

Билл Гейтс вакцины борлуулалтаас ашиг олж, вакцинжуулалтын нэрийн дор дэлхийн хүн амд чип суулгахын тулд КОВИД-19-ийг бүтээсэн гэх яриа өнгөрсөн хоёрдугаар сард интернетэд шуугиан тарьсан. Энэ яриа хуйвалдааны онолд итгэдэг “QAnon” хөдөлгөөнтэй холбоотой нэгэн жиргээч Билл Гейтс цар тахлын талаар урьдаас мэдэж байсан гэж бичсэнээс эхлэлтэй. Үүнийгээ жиргээч Гейтс сан коронавирусний эсрэг вакцинтай холбоотой бүтээлдээ патент авсан Их Британийн Пирбрайтын хүрээлэнг санхүүжүүлсэнтэй холбон тайлбарлажээ. Тус хүрээлэн үнэхээр вакцин бүтээж байсан ба гэхдээ тэжээмэл шувуунд халдварладаг өөр төрлийн коронавирусний эсрэг байв. Ингээд хуйвалдааны онолд итгэгчид 2015 онд Билл Гейтс хүн төрөлхтөнд цөмийн дайн бус, вирус аюул тарина гэж хэлж байсныг гэнэт санав. 2020 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд Билл Гейтсийг цар тахал дэгдсэнтэй холбоотой гэж 1.2 сая удаа дурдаж байжээ. Түүнийг Эбола, Зика вирустэй ч холбоотой гэж сэжиглэдэг. Үүний гол шалтгаан нь түүний сан ядуу улс оронд вакцин нийлүүлдэг байгууллагуудад санхүүжилт олгодогтой холбоотой. Харин Гейтс өөрөө эдгээр цуу яриа вакцин түгээх үйлсэд нь саад учруулах вий гэж эмзэглэдэг.

Ном бичнэ

Цар тахал дэгдсэнээс хойш Билл багагүй ачаалалтай ажилласан ч уур амьсгалын өөрчлөлтийн талаарх номоо бичиж дуусгажээ. Энэ бол түүний гурав дахь ном. 1995 онд Гейтс технологи хэрхэн нийгмийн өөрчлөх талаарх “Ирээдүй рүү хүрэх зам” ном гаргаж байсан бол 1999 онд олон улсад амжилттай борлуулагдсан “Бодлын хурдтай бизнес” ном уншигчдын хүртээл болж байв. Харин түүний шинэ ном ирэх жилийн хоёрдугаар сард уншигчдын гарт очно.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top