Технологийн “Microsoft” корпорацыг үндэслэгч Билл Гейтс тус корпорацын ТУЗ-өөс гарах болсон тухай зарлажээ.
Билл Гейтс энэхүү шийдвэрийнхээ талаар тайлбар хийхдээ, “Microsoft” түүний амьдралын чухал хэсэг байх болно гээд корпорацын Ерөнхий захирлын зөвлөхийн албан тушаалд очих болсон тухай мэдэгджээ.
Корпорацаас хийсэн мэдэгдэлд Гейтс эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг салбарт буяны үйл ажиллагаа явуулахад өөрийн цаг хугацааг зориулахаар төлөвлөж байна гэж дурджээ.
Билл Гейтс “Microsoft” корпорацыг 1975 онд Пол Аллен хамтран байгуулж, 2008 оныг хүртэл ерөнхий захирлаар нь ажиллаж байв. Тухайн онд тэрбээр албан тушаалаа орхин, эхнэр Мелинда Гейтстэй хамтран байгуулсан буяны санд илүү цаг, заваа зарцуулах болсон. Тэрбээр тус корпорацын ТУЗ-ийг 2014 оныг хүртэл удирдаж байжээ.
Гейтс “Microsoft ” корпорацын хувьцааны нэг хувийг эзэмшдэг бөгөөд “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 103.6 тэрбум ам.доллароор үнэлсэн. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад Жефф Безосын дараа хоёрт бичигддэг юм.
Сэтгэгдэл ( 0 )