Гейтс ковидын гарал үүсэл, төгсгөлийн талаар таамаг дэвшүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс коронавирусний “омикрон” хувилбарын давлагааны дараа халдварын тархалт буурч, коронавирусийг улирлын томуугийн адил эмчлэх болно гэж үзэж байна.

“Омикрон” давлагааны үед улс орнуудын эрүүл мэндийн систем хүндрэлтэй нүүр тулна. Хүнд тохиолдлын ихэнх хувийг вакцин хийлгээгүй хүмүүс эзлэх болно. “Омикрон”-ы давлагаа өнгөрсний дараа халдварын тархалт мэдэгдэхүйц буурна. Тиймээс коронавирусийг улирлын томуугийн адил эмчилдэг болох байх гэж Гейтс жиргэжээ.

Өдгөө хэрэглэж буй вакцинуудад хоёр сул тал бий. Вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авч, цаг хугацааны явцад вакцины үйлчилгээ нь буурдаг. Иймд дахин халдвар авахаас сэргийлдэг, олон жилийн турш үйлчилдэг вакцин шаардлагатай байна гэж тэрбумтан онцолсон байна.

Коронавирусний гарал үүслийн талаар тэрбээр мэдээллээс үзвэл уг вирус биологийн өөр төрөл зүйлээс хүнд дамжсаныг илтгэж байна. Ирээдүйд бусад төрөл зүйлээс үүсэлтэй халдварт өвчин гарсаар байх тул үүнд бэлэн байх ёстой гэжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top