Билл Гейтс 64: Программын суутнаас онцлох 20 баримт

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Тооцоолон бодох төхөөрөмжийг амьдралтай илүү уялдуулж, өнөө бидний мэдэх өдрийн хэмнэлийг эрс өөрчилсөн Билл Гейтс өнөөдөр 64 нас хүрч байна. Майкрософт компанийн зохион бүтээсэн программ хангамжгүйгээр орчин цагийг, технологийн эрин зууныг төсөөлөх аргагүй билээ. Технологи, программ хангамжаас их хөрөнгө цуглуулж бүтэн 27 жилийн турш дэлхийн баячуудын магнайд нь явсан тэрээр Билл болон Мелинда Гейтс сайн санааны байгууллага байгуулж дэлхийн зовж зүдэрсэн иргэдэд тусламжийн гараа сунгаж байна. Бидний эрин үеийг өөрчилж, компьютерыг хамгийн чухал хэрэгсэл болгосон Билл Гейтсийн талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе.


Дурламтгай нэгэн

Дэлхийн тэргүүн баян болох ерөөлтэй Билл Гейтс Лейксайдын ахлах сургуульд байхдаа охидод дурламтгай нэгэн байжээ. Гэхдээ зүрхэлж очиж чаддаггүй байсан тул өдрийн тэмдэглэлдээ л бичиж үлдээдэг байж. Сэтгэлийн шарх, догдлолоо дарахын тулд программ хангамж зохиоход ихэнх цагаа зарцуулдаг байсан гэдэг.


Суутан суутныхаа эсрэг

Apple компанийг үндэслэгч Стив Жобс, Билл Гейтс нар замналынхаа эхэн үед хамтран ажиллах боломж байлаа. Гэтэл тэр боломж үгүй болсон юм. Стив Жобс Билл Гейтстэй уулзан Макинтош үйлдлийн системээ танилцуулсан боловч Билл Гейтс хүлээн авахаас татгалзсан байна. Магадгүй зарим нэг засвар хийвэл хамтран ажиллая гэсэн боловч Стив Жобсын зохиосон программ хангамжийн ололттой талыг өөрийн программтайгаа нэгтгэн шинэ бүтээл гарган Стив Жобсыг “араар нь тавьсан” юм


Намын санхүүжүүлэгч

Өнөө цагийн Америкийн улс төрийн тогтолцооны гол тэжээн тэтгэгч, халамжлан хүмүүжүүлэгч нь Билл Гейтс юм. Ардчилсан намын гишүүн тэрээр 1985 оноос хойш нийт зургаан тэрбумын санхүүжилт олгожээ. Энэ бол бүх цагийн түүхэнд хамгийн дээгүүрт орох үзүүлэлт юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама албан тушаалаа өгөхөөс өмнөхөн 2016 оны намар Билл Гейтст хийсэн ажил, үйл хэргийнх төлөө Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон олгосон билээ.


“Төрийн дайсан”

Зарим талаараа түүнийг Жон Рокэфеллертэй адилтгаж болох талтай. Өрсөлдөгч компаниудаа нухчин дарж, нурсан нурам дээр нь өндийн босон улам хүчирхэгждэг гэж өнөө хэр нь олон нийт түүнийг дүгнэдэг. Технологийн хэд, хэдэн компани сүрдүүлдэг, зүс царайгаа нууцалсан хүмүүсээр ажлын байрыг нь эвддэг, багахан мөнгө төлөөд зохиосон программ худалдан авдаг гэсэн хэд, хэдэн шуугиан дэгдэж байлаа. Тийм ч учраас 1995, 1998, 2001 онд гурван ч удаа шүүхэд дуудагдаж, хоёр ч удаа АНУ-ын Конгресст сонсгол хийсэн түүхтэй.


Урд алхдаг нэгэн

Түүнийг хамтран зүтгэгчид нь хэтэрхий зөгнөлт сэтгэлгээтэй гэж шүүмжилдэг байлаа. Учир нь их өгөгдөл, хиймэл оюун ухаан гэх ойлголтыг 1990-ээд онд ярьдаг байжээ. Үүнийг хөгжүүлбэл Майкрософт компанийн ирэх 100 жил тодорхой болно гэж хэд, хэдэн удаа мэдэгдэж байсан нэгэн. Улмаар өөрийн санаачилгаараа 2000 оноос хиймэл оюун ухаан хөгжүүлэх нэгж хэлтэс байгуулсан юм.


Жолоогоо шилжүүллээ

Дэлхий дахины программ хангамжийг тэр чигт нь өөрчилсөн Билл Гейтс 2006 онд Майкрософт компанийн захирлын суудлаа жишим ч үгүй шилжүүлээд буяны ажилд цагаа зарцуулах болсон билээ. Эхнэртэйгээ хамт “Билл болон Мелинда Гейтс” төрийн бус байгууллагаар зовж зүдэрсэн хүмүүст тусламжийн гараа сунгаж байна. Одоогоос яг 12 жилийн өмнө захирлын суудлаа өөрийн хувийн зөвлөх Сатья Наделлад шилжүүлсэн билээ.


Мейлээ шалгадаггүй хүн

Технологийн салбар, компьютерыг талх мэт хэрэглүүлдэг болсон Билл Гейтс өөрөө цахим шуудангаа шалгаж байгаагүй гэвэл итгэх үү? Тэгвэл итгэх л хэрэгтэй болж. Тэрээр 2004 оноос хойш бүтэн 14 жил цахим шуудангаа шалгахгүй байсаар 2018 оны 12 сард цахим шуудангаа шалгасан байна.


Хатан хаанд тоогдсон Билл

Компьютерын технологийг илүү боловсронгуй болгож, дэлхий дахинд нөлөө үзүүлсэн цуутай замналыг нь үнэлж Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хатан хаан II Элизабет 2005 онд Сир буюу хөлөг баатар цол олгосон юм. Зөвхөн Британи түүнийг соёрхоод зогсохгүй Мексикийн дээд шагнал Ацтекийн бүргэд одон, Энэтхэгийн дээд шагнал Падма Бушан одон хүртэж байжээ.


Өглөгч Билл

Татвараас зугтсан, холбооны хууль зөрчсөн, өрсөлдөгчөө залгидаг хатуу сэтгэлтэн гэж хараалгадаг ч Билл Гейтс компанийн захирлын суудлаа өгснөөсөө хойш өглөг, буян, сайн санаа, хандивын үйлсэд гар татахгүй болжээ. Эхнэрийнхээ хамт байгуулсан “Билл болон Мелинда Гейтс” сан нь 1999 онд анхлан байгуулагдсанаас хойш хүрээлэн буй орчин, ДОХ, хумхаа, чичрэг өвчнийг бууруулах үйлсэд нийтдээ 40-өөд тэрбум ам.долларын хандив үзүүлээд байна.


Байрны мөнгөндөө нэг сая ам.доллар

Вашингтон нуурын ойролцоо орших 66 мянган фут талбайг эзлэн орших тансаг зэрэглэлийн сууцыг нийт 125 сая ам.доллароор худалдан авсан гэх мэдээ бий. 60 фут усан сан, усан доорх хөгжмийн систем, 2500 фут бэлтгэлийн заал, 1000 фут хоолны өрөөтэй энэ байрт жилдээ нэг сая ам.доллар зарцуулдаг байна.


Шинэ тодорхойлолтын эзэн

Билл Гейтс зөвхөн технологийн салбарыг өөрчилсөн юм биш. Эдийн засаг, бизнест шинэ ойлголт бий болгосон нэгэн. Дэлхий дахинд 90-ээд оноос цахим хуудасны бизнес цэцэглэж байсан тухайн цаг үеийг түүхэнд “Дот-комын хөөс” гэж нэрлэдэг. Олон компани байгуулагдсан ч бизнесийн энэрэлгүй дайнд цөм цохигдон зөвхөн сайн менежменттэй компани л тэсэж үлджээ. Түүнчлэн Форбес сэтгүүл түүний хөрөнгийг үнэлэхдээ тэрбумтан гэх ойлголтоос 100 тэрбумтан гэх ойлголт руу шилжсэн юм. Билл Гейтсийн хөрөнгө 1999 онд 101 тэрбум ам.доллароор хэмжигдэж байлаа.


"Энэрэлгүй" Билл

Ихэнх тэрбумтны хүүхдүүд хөрөнгийнх нь ядаж 40, хамгийн багадаа 30-аад хувийг хуваан эзэмшдэг гэх багцаа судалгаа бий. Гэхдээ Билл Гейтсийн хүүхдүүд багцаа судалгаанаас хэд дахин бага хөрөнгө эзэмшдэг. Өглөг буяны үйлсэд 40 тэрбумыг зарцуулсан атлаа Биллийн гурван хүүхэд тус бүрдээ 10 сая ам.доллар л өвлөгдсөн байна. Биллийн гэр бүл Женнифер Гейтс, Рори Гейтс, Фийб Гейтс гэсэн гурван хүүхэдтэй.  


Ажилтнаа "уургалсан" Билл

Билл болон Мелинда нар ажлын байран дээр л анх танилцжээ. Мелинда Гейтс Майкрософт компанид маркетингийн менежер гэх албан тушаалд байхдаа Биллтэй танилцсан байна. Бараг таван жил гаруй олон нийтээс тэр бүү хэл хамтран ажиллагсдаасаа нууцалсны эцэст 1993 онд албан ёсоор сүй тавьжээ. Тэд 1994 онд гэрлэсэн юм.


Сэргэн мандалтын эр

Билл Гейтс сэргэн мандалтын эринд хамаарах эд өлгийн зүйл цуглуулах дуртай. Ялангуяа Леонардо Да Винчид холбогдох эд өлгийн зүйл дагнан цуглуулдаг гэдгээрээ алдартай. Леонардо Да Винчигийн зохиосон “Лестэрийн кодекс”-ийг дуудлага худалдаанаас 30.8 сая ам.доллароор худалдан авч байсан түүхтэй.


“Хурдны эзэн”

Билл Гейтс залуу насандаа хэд хэдэн удаа хурд хэтрүүлсэн хэргээр шийтгэл хүлээж байлаа. Гейтс 1975 онд 22 насандаа Нью Мексико мужид жолооны үнэмлэхгүй машин барьж, хурд хэтрүүлсэн хэргээр саатуулагдаж байжээ. Алдар нэрд хүрч аль хэдий нь тэрбумтны эгнээнд багтсан хойноо 1997 онд мөн дээр өгүүлсэн шалтгаанаар саатуулагдсан түүхтэй.


Нэг л хэлээр ярьдаг хүн

Ихэнх алдартан, тэрбумтнууд дор хаяж гурван хэлтэй байх нь элбэг. Гэвч Билл Гейтс англи хэлээс өөр хэл мэдэхгүй. Олон хэл сурах шаардлагагүй гэж үздэг тэрээр дэмий зүйлд цагаа үрж байхаар бизнес сэтгэлгээнд суралцах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан удаатай.


Тэтгэлгээс хасагдав!

Лейксайдын ахлах сургуульд суралцаж байхдаа зарим хичээл дээр сурлагаараа илт сондгойрч байсан тул Үндэсний тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг 1973 онд гаргаж байлаа. Гэхдээ Тойргийн боловсролын хэлтэс түүнийг тэтгэлэг хүртэх хангалттай сурлагагүй гэж үзэн хүсэлтийг нь буцааж байжээ. Хоёр жилийн дараа Харвардын их сургуулиас ч мөн адил хасагдаж байсан юм.


Номын цагаан солиот

Билл Гейтс өсвөр наснаасаа тогтсон нэг л зуршилтай. Тэрбээр жил бүр 50-60 ном уншдаг байна. Ном уншихдаа заавал тэмдэглэл хийж, үг бүрийг онцлон ажлын өрөө, гал тогооны өрөө зэрэг өөртөө хамгийн ойр газарт наадаг зуршилтай. Өсвөр насанд нь түүнд хамгийн их нөлөө үзүүлж одоо хүртэл зарим үгийг нь эшлэх дуртай зохиол бол Скотт Фицжеральдын алдарт “Аугаа Гецби” зохиол юм.


Программ бичих гэж л төрсөн хүн

Тэр маш эрт тодруулбал 14 наснаасаа эхлэн программ зохиож эхэлжээ. Лейксайд ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа компьютерт зориулан анхныхаа программыг зохиож байлаа. Ийм эрт программ зохиосон нь ч бас учиртай. Учир нь Лейксайдын ахлах сургууль тухайн үедээ компьютероор өвч тоноглогдсон Америкийн цөөхөн сургуулийн нэг байсан юм.


Ногоон өнгө гэж мэдэхгүй

Нэрт тэрбумтан маань өнгөний сохор аж. Тэрээр амьдралынхаа туршид ногоон өнгө харж байгаагүй. Ногоон өнгө ялгадаггүй гэдгээ найзуудаасаа нууж санаа зовдог байсан ч программ зохиож эхэлснээсээ хойш өнгөний сохор гэдэгтээ санаа зовохоо байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.128) 2020 оны 10 сарын 29

Аззаяад баярлалаа. Энэ хэрвээ энэ жилийн материал бол 64 биш 67 баймаар.

0  |  0
Top