ТОЙМ: Байдены ЯЛАЛТ бидэнд НӨЛӨӨЛӨХ үү!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн үндсэндээ тодорхой боллоо. “Америкийг дахин аугаа” болгохоор Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден ялалтаа баталгаажуулав. Сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалж байдал өөрчлөгдөж болох хэдий ч Трампад одоо найдлага үлдсэнгүй. Америкт болсон сонгууль газар зүйн хувьд хамааралгүй байж болох ч геополитик хэтийн бодлогын хувьд хамаатай байсан болохоор АНУ харилцаагаа ахиулж, манайхан ч сонгуулийг анхааралтай ажиглалаа.

Бүгд найрамдахчууд Америкийг засаглаж байх хугацаанд харилцаагаа шат ахиулж, худалдаанаас ашиг олох боломж бүрдсэн монголчууд биднийг ирэх дөрвөн жил юу хүлээж байгаа вэ гэдэг том асуулт анхаарал татаж байна. 


Шат ахисан харилцаа

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш нэгэн сонирхолтой дүр зураг ажиглагддаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулж, засаглаж байхдаа манай улстай хийх харилцаа илүү нааштай, үр дүн сайн байсаар ирсэн. Тухайлбал, АНУ-тай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор дипломат харилцаа тогтооход АНУ-ын толгойд Роналд Рейган заларч байв. Бүгд найрамдах намын гишүүнчлэлтэй. Түүний засаглалын сүүлийн жилүүдэд хоёр улс харилцан Элчин сайдын яамаа байгуулсан. Ийнхүү дүрсээ олж байсан хоёр улсын харилцаа Рейганын орыг залгасан “Эцэг” Бушийн үед илүү биежиж, дипломат харилцааны олон чухал баримт бичиг байгуулагдаж байжээ. Зөвхөн түүнийг засаглаж байхад хоёр улсын хооронд Засгийн газар хоорондын 11 удаагийн баримт бичиг үйлдэгдэж байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулж, засаглаж байхдаа манай улстай хийх харилцаа илүү нааштай, үр дүн сайн байсаар ирсэн зүй тогтол бий...

Ер нь Монгол Улс хаалгаа чөлөөтэй нээж, ардчилсан чиг баримжаатай болсны дараа АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн Монгол Улсад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байлаа. Энэ ч бас тохиолдлын хэрэг биш. Үүгээрээ Ардчилсан намын үед балран доройтоод байсан гэж үзэж бас болохгүй. Хоёр талын харилцааг сайжруулах олон удаагийн хэлэлцээ болсны үр дүнд зүй тогтлын хувьд Бүгд найрамдах нам дээр л таарчихсан хэрэг.

Энэ зүй тогтлыг харвал ялалт байгуулсан нь тодорхой болоод буй Жо Байдены үед хоёр улсын харилцаа хэрхэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Цаг хугацааг ухраагаад хоёр жилийн өмнөхийг харвал Монгол Улс Доналд Трампын АНУ-тай стратегийн иж бүрэн түншлэлд шилжсэн. Цаг хугацааны хүрдийг үүнээс ч өмнөх бүр 14 жилийн өмнөх рүү буцаавал Жорж Бушийн АНУ-тай иж бүрэн түншлэлд шилжихээр тохиролцсон байдаг. Үүнээс улбаалаад гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдахаа хүлээж буй. Хоёр тал ирэх жилүүдэд хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлж, тэр дундаа Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг зузаатгахаар болоод байгаа. Түүнчлэн хэрэгжихээ хүлээж буй олон төсөл хөтөлбөрүүд бий.

Байдены үеийн харилцаа...

Хэрэв дээр дурдсан зүй тогтлыг харвал Жо Байдены үед хоёр улсын харилцаа бахь байдгаараа, урагш алхахгүй байх нь. Гэхдээ онцлон дурдах хэд, хэдэн зүйл бий. Нэг хэсэг сошиал сүлжээгээр Байден бол Монголын эсрэг улстөрч гэх агуулгатай пост цацагдсаныг уншигч та анзаарсан байх. Үнэн хэрэгтээ бол тэр Бүгд найрамдах намын Ерөнхийлөгчийн сунгааны үеэр БНХАУ-тай харьцах харьцаан дээр өөрийн баримталж буй “Шинэ ногоон бодлого” буюу “Green New Deal” бодлогоо тайлбарлаж байхдаа Монголын нүүрсийг чанаргүй гэж мэдэгдэхдээ хувийн үзэл бодлоо тайлбарласан хэрэг юм. Үүнээс улбаалан нэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй болно.

Жо Байден анхнаасаа л ногоон бодлого ярьсаар гарч ирсэн. Нэг ёсондоо АНУ хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, цаг уурын өөрчлөлтийг сааруулахад тодорхой байр суурь баримтална гэдгээ Жо Байден зарлачихсан хэрэг. Тэрээр хэрэв засгийн эрхэнд гарвал “Парисын гэрээ”-г хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, уламжлалт цахилгаан станцаас татгалзан, сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжинэ гэж буй. Тиймээс БНХАУ-тай уул уурхайн түүхий эдийн харилцаан дээр анхаарна гэдгээ зарласан. Ялангуяа хоёр талын хооронд тээврийн ярвигтай асуудлаас шалтгаалан бага байсаар ирсэн нүүрсний нийлүүлэлтийг ирэх жилүүдэд бүр өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана гэж Жо Байден зоригтой дуугарсан.

Жо Байден "Парисын гэрээг" хэрэгжүүлэхэд АНУ-ын манлайлал чухал гэж үздэг бөгөөд үүнийгээ дагаад эдийн засгийн бодлогоо тодорхойлно гэдгээ сунгааны үеэр зарласан.

Өөр нэг дурдах ёстой зүйл гэвэл Доналд Трампын засаг захиргаа БНХАУ-ын хүчирхэгжилт, нөлөөллийг бууруулахын тулд гадаад харилцааны бодлогоо Энэтхэг, номхон далайн бүс нутагт зураглан тогтоосон. Үүгээр Энэтхэг тэргүүтэй ардчилсан чиг баримжаатайн дээр Хятадыг сөрөг зогсох зорилготой улс гүрнүүдийг дэмжих замаар хөгжинө гэж харж буй. Гадаад харилцааны бодлогын хувьд Жо Байден хэнийг ч дагуулахгүй. Хагас зуун жил Конгресст суухдаа гадаад бодлого хариуцсан байнгын хороог даргалаж байсан нэгэн. Барак Обамагийн гадаад бодлого бол үндсэндээ Жое Байдены томьёолсон бодлого байсан. Заримдаа хэтэрхий радикал, хэтэрхий Америкийн хүч, бололцоод найддаг болохоор “балмад дипломатч” ч гэж нэрлэх нь бий. Гэвч Жо Байден Доналд Трампын гадаад бодлогын “Энэтхэг, номхон далайн” гэж тодорхойлсныг буруу эсвэл зөв гэж үздэггүй. Гагцхүү гадаад бодлогын хувьд жижиг улсуудыг батлан хамгаалах салбараар дэмжиж байж Хятадын нөлөөллийн эсрэг зогсоно гэсэн нэг талаар радикал бодлогыг нь Байден хувь хүнийхээ байр сууриар эсэргүүцдэг юм. Трампын засаг захиргаа Ази тивд БНХАУ-ын нөлөөллийн эсрэг эдийн засгийн багтаамж, улс төрийн даацаар жижиг улс гүрнүүдтэй харьцаагаа зузаатгана гэж зорьсон. Зорилгынхоо хүрээнд Мьянмар, Бангладеш, Шри-Ланк зэрэг улсуудтай харилцаагаа идэвхжүүлж, хамтарсан холбоо байгуулахаар зэхэж байв. 

Жижиг улсуудын тоонд нь Монгол Улс ч багтаж байсан юм. Байден үүнийг эсэргүүцдэг бөгөөд энэ нь БНХАУ-тай харилцах харилцааг улам ээдрээтэй болгоно гэж үздэг билээ. Шинжээчид АНУ-ын гадаад бодлогын зарчим үндсээрээ өөрчлөгдөхгүй ч зарим зүйл заалтаараа өөрчлөгдөнө гэж дүгнэж буй.
 

Жо Байден 2011 оны наймдугаар сард Монголд айлчилж байв

Байден яаж нөлөөлөх вэ?

Уур амьсгал, газар нутаг, газар зүйн баримжаа зэргээр нь харсан ч Монгол Улсад нөлөөлнө гэж шууд хэлэхэд бэрх. Бараг нөлөөлөхгүй гэж дүгнэж болно. АНУ-ын гадаад бодлогын чухал хөтөлбөрүүд тогтолцооны шинж чанартай байдаг учраас Байден гарч ирмэгц бодлогод шууд нөлөөлнө гэж харахад хэцүү. Гэхдээ хувь хүний өөрийнх нь байр суурь гадаад бодлогод ихээхэн нөлөөлдөг. Байденын гэр бүлийн хувьд Хятадтай найрсаг харилцаа, бүр хуучин түншүүд нь ч одоог хүртэл бий. Тиймээс хамгийн түрүүнд худалдааны дайныг зогсоож, шинэ хүйтэн дайнаас сэргийлэх нь түүний хувьд чухал гэдгийг сунгааны үеэр тодорхой дэлгэж байсан билээ.

“Үнэн хэрэгтээ АНУ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын гадаад бодлого, харилцааны асуудал институцийн зарчмаар явдаг учраас нэг хүнээс шууд хамаарах нь ховор л доо. Өмнөх засаглалын алдааг засах, өөрийнхөөрөө хэрэгжүүлэх зүйл байх нь мэдээж хэрэг. Хувь хүнийх нь онцлогтой холбоотой хуучин түншүүдээ тулгасан, байр сууринаасаа буцсан шийдвэр гаргаад байхгүй бол олон улсын харилцаанд ч нэмэртэй л дээ”

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо 

АНУ-ын Конгрессын хоёр танхим, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн бүрдсэн. Одоо Конгрессоор хэлэлцэх асуудлын тоонд “Гуравдагч хөршийн худалдааны хууль” багтаж буй. Энэ хуулиар хоёр ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох боломж бүрдэх юм. Өнгөрөгч 2019 онд хоёр удаа Конгресст өргөн барьсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хэлэлцэхгүй болж хойшилсоор 2021 онтой золгох гэж байна. Хуулийн хувьд АНУ-ын ашиг сонирхлыг хөндсөн ямар нэг зүйлгүй ч ач холбогдлын хувьд төдийлөн их биш учраас ийнхүү хэлэлцэх асуудлын жагсаалтаас гарсан гэж “NPR” агентлаг мэдээлж байсан удаатай. Байден тангараг өргөхтэй зэрэгцэн бидний харж хүлээх гол зүйл нь “гуравдагч хөршийн худалдааны хууль” юм.
 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Төрийн ордон. /2011.08.22/

Хоёр тарлын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхавь Төрийн ордон /2011.08.22/

Монгол Улсын Ерөнхий сайдтай бейсболын малгай солилцож байгаа нь. /2011.08.22/

Жо Байденын айлчлал дуусах үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав. /2011.08.22/


Зургийн эх сурвалж: АНУ-ын Цагаан ордон, гэрэл зурагчин Девид Линнеманн

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мнгл(202.9.46.178) 2020 оны 11 сарын 11

Нөлөөлнө Рио тинто Сайханбилэг нар манан бүлэг өндийж эхэлнэ.гадны колоничлогчдын заавар ихсэнэ .

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 09

Зөнөсөн байден хужаагийн бөгс долоогч тул хужааг дэмжээд америк будаа болно үнэндээТрампын буянд хужаатай харилцаа муудсанаар хог хужаа аргагүйдэж Австралитай харилцаа хурцдсаны ачаар нүүрс овоо зарагдсан хужааг долоогч хог байден ялах аядаж луйвардлаа.Монголд маш муу мэдээ.Хар обамагийн үед 8 жил шахам дэд ерөнхийлөгчийн оронцог байсан хог шаар далд ормор.

1  |  0
Top