Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЯН ЖЫ ЗҮҮН ХААЛГА ГАВЬЯА ЗҮТГЭВ
ЧИН МЯНЬ ШӨҮ БЭЭЖИНД ЧАДАЛ ТЭНСЭВ
Өгүүлэх нь, тэндээс Жоу Жинь Ян Жы хоёул морин жолоогоо татаж, тугийн дор зогсож байтал вэнь өндөр дуунаар өгүүлрүүн: - та хоёр дүр зогс хэмээгээд, Лян Жүн Шүд мэдүүлрүүн: - эдүгээ энэ хоёрын чадлыг үзвээс хэн ялгагдахгүй сэлэм жад хэмээгч тийм амар хэрэг бус. Жинхэнэ байлдааны цаг бус дэмий хүчин үзмүй хэмээсээр нэгэнт осолдвоос сайн бус, чухам үзье хэмээвээс хоёулд хөх цамц өмсгөж, хол модны үзүүрт нойтон эсгий уяж шохойд дүрж байлдаад, шохойгийн цагаан тэмдэг хэний цамцанд хичнээн туссан тоог үзэж ялган мэдвээс сая болмуй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - түшмэл арга үнэхээр зөв хэмээн даруй ээн ёсоор тушаан байлдуулав. Тэр хоёр зөрөлдөн зууралдан, нэвтрэн тулгаран байлдсаар эр морины хүчин сая илэрч хоёул дөч тавин удаа өнгөрч олноор үзвээс Жоу Жиньгийн цамц цагаан цоохор болж, Ян Жыгийн биеэнд дал мөрний тус нэгэн төдий тэмдэг буй.
Лян Жүн Шү нэн ч баярлаж, Жоу Жиньг дуудаж дэргэдээ авчраад, түүний тэмдгийг үзэж, чиний энэ биднийг үзвээс жинхэнэ фү пай тушаалд тэнцэхгүй. Чиний зэргийг Ян Жыд шилжүүлмүй хэмээн тушаасанд хорооны цэргийн дарга Ли Чэн урагш сөгдөж мэдүүлрүүн: - Жоу Жинь цэрэг эрдэм бүрдсэн болоод нэгэн агшинд зэргийг эвдвээс олон цэргийн сэтгэл хөдлөх болов уу, гуйх нь танай хоёр хүнийг дахин нум сумны эрдмийг үзвээс болох ажаамуу хэмээн гуйсанд Лян Жүн Шү мэдүүлсэн ёсоор даруй тушааж, Ян Жы, Жоу Жинь хоёул нь нум сумыг авч мордоод Лян Жүн Шүгийн өмнө ирж мэдүүлрүүн: - Сум болбоос бусад зэвсэг лүгээ адилгүй. Биенд нэгэнт оновоос даруй шарх олох тул хэрвээ үхвээс яамуй, үүнийг толилмуй хэмээн мэдүүлсэн, Лян Жүн Шү өгүүлрүүн: - сайн эрс чадал үзэхүйд үхэхээс айж болохгүй үхвээс мөн өөрийн хохирол болмуй хэмээсэнд Ян Жы энэ үгийг сонсоод жагсаалын өмнө ирж, Ли Чэнд өгүүлсэнд Ли Чэн тэр хоёрт нэг нэгэн дан пай өгч ард үүрсний хойно Ян Жы өгүүлрүүн: - Жоу Жинь чи намайг урьдаар гурван удаа харвагтун. Түүний сүүлд би чамайг харвасугай хэмээсэнд Жоу Жинь за хэмээн тэргүүн нэгэн сум харвасанд Ян Жы сум тусахын өмнө морины гэдсэн дор урваж сум хоосон газар унав. Үүнийг Жоу Жинь үзээд ихэд айн, хоёрдугаар сумыг онилж харвахад Ян Жы тэрхүү сум нумны хөвчөөр дэлдэж газар унагав. Үүнд Жоу Жинь сүнсгүй айж, гуравдугаар сумыг онилж, дүүртэл татаж, маш хянан харвасанд Ян Жы нүд хурц тул тэрхүү сумыг биенд тусахын өмнө газраар шүүрэн барьж аваад тэрхүү сумыг тугийн өмнө авчирч газар хаяхыг Лян Жүн Шү үзээд их сайшаан магтаж, Жоу Жиньд тушааж, Ян Жыгийн ээлж болов хэмээсэнд, Жоу Жинь аргагүй болж данпайг барьж хүлээн зогсов. Ян Жы хуурмагаар нумны хөвчийг нэгэн удаа дуун гаргаах. Жоу Жинь учрыг мэдэхгүй дотроо сэтгэрүүн: - Ян Жы угаас сум харваж төсөөлөхгүй аж хэмээн санаж баярлав. Үүнд Ян Жы нум сумыг татаж харвахад сэтгэрүүн: - Жоу Жинь лүгээ өшөө үгүй атал үүнийг харваж албаас юун хэрэг, зүгээр аминд үл хүрэх газар оносугай хэмээн бодож сум тавьсанд одон гялс мэт хийх мэт Жоу Жиньгийн зүүн мөрөнд сум туссанд Жоу Жинь газар унаж, морин нь довтлон одов.
Олон цэрэг Жоуг босгож авчрахад, Лян Жүн Шү ихэд баярлан олонд тушаан өгүүлрүүн: - та одоо батлах бичиг гаргаж өргөгтүн, Жоу Жиньгийн цэргийг Ян Жы-д шилжүүлэгтүн хэмээв. Энэ үгийг Ян Жы сонсоод Лян Жүн Шүгийн хишигт мөргөхөд олны дотроос нэгэн хүн гарч өгүүлрүүн: - чи хишигт мөргөх болоогүй, эдүгээ над лугаа тэнсэж үзэх буюу хэмээв. Ян Жы үзвээс энэ хүн биений өндөр долоон чы илүү, нүүр дүгрэг, эрүү дүүрэн сахал, ам нь дөрвөлжин маш баатар ажээ. Энэ хүн алгуураар явж Лян Жүн Шүгийн өмнө ирж мэдүүлрүүн: - Жоу Жинь нэгэнд бие сайн тэнхээрээгүй, хоёрт санамсаргүй тул тийнхүү гэнэдэв. За доод бие Ян Жы лүгээ үзсүгэй. Тэр үед би дийлдвээс Жоу Жиньгийн тушаалыг шилжүүлэх байтугай миний зэргийг давхар өгөвч мөн дуртайяа хүлээмүй. Үхэвч гомдох газар үгүй хэмээв. Лян Жүн Шү үзвээс энэ нь Да Мин Фү хот Лю Шөү Сы яамны жинхэнэ пай жүнь түшмэл зан түргэнт Суо Чао мөн маш догшин хүн тул Жи Шянь Фэн хэмээх цол өгчээ. Энэ нь түргэн салхи хэмээсэн үг Ли Чэн Суо Чаод захиж өгүүлрүүн: - Ян Жы урьд цэргийн түшмэл явсан тул эрдэм хэцүүг чи өөрөө нүдээр үзсэн, сайн болгоомжилбоос зохимуй хэмээв. Лян Жүн Шү дотроо сэтгэрүүн: - би санаандаа Ян Жыг тэтгэсүгэй хэмээсэн билээ. Үзвээс эдгээр ийнхүү хүчин нэгтгэвээс Ян Жыг яахин чадах аж тийн боловч Суо Чао үхэвч гомдолгүй хэмээсэн тул мөн аргагүй хэмээн бодож даруй Ян Жыд захируун: -Чи эдүгээ маш хичээх хэрэгтэй хэмээж, өөрийн унасан морио өгөв. Үүнд Ян Жы тэсгэлгүй баярлан хишигт мөргөв. Ли Чэн бас Суо Чаод өөрийн морио өгч захируун: -Чи сум алдахуйд юун буй. Гагцхүү Да Мин Фү хотын нэрийг бүү алдагтун хэмээв. Суо Чао за хэмээн морин унаад мордов. Лян Жүн Шү сандлыг асрын гадна тавиулж суув. Хоёр этгээд ард нарны халхавч барьж зогсов. Даруй хэнгэрэг харангыг нэгэн үе дэлдэж, жагсаалын цэрэг цөм буу тавин хашхирч, сүр тавьсанд зүүн жагсаалын доороос Суо Чао зэрэгцэн гарав. Үзвээс тэргүүндээ дуулга өмсөж, бие гоёлог, алтан утаст бүс бүсэлж, ар өвөрт дүгрэг хээт улаан магнаг дээл өмсчээ. Улаан ёнхор утсан цацаг хийсгэж, гартаа саран илдт бялт сүх, цасан цагаа морь унажээ. Баруун этгээдээс Ян Жы гартаа урт жад барьж, морин жолоо татаж зогсчээ. Тэргүүндээ алтан дуулга, биедээ алтаар хөвөөлсөн навчин хуяг өмсөж, улаан ёнхор бүс бөхчилж, гадуур цагаан магнаг байлдах дээл өмсөж, маш сүртэй зогсож байхыг олон цэрэг үзэн маш гайхав. Жагсаалын өмнө этгээдээс нэгэн хар далбаа барьсан түшмэл ирж өгүүлрүүн: - Лян Жүн Шүгийн үгийг уламжлан тушаав.
Танай хоёр энэ удаа гавьяа байгуулбаас ихэд шагнамуй. Бага осолдвоос эрхгүй хүндэд шийтгэмүй хэмээн тушаасанд хоёр хүн даруй гар хөдөлж байлдав. Суо Чао их уур хүрч бялт сүхийг дээр өргөж, хүчтэйеэ цавчин ирэхүйд Ян Жы алгуур тосон хүлээж, хувилгаан жадаа салж зайлуулав. Гар зөрөлдөн морь урван хоёр хүн хуй салхи мэт эргэн урван байлдахад асарт суусан Лян Жүн Шү нүд эрээлжлэн ихэд магтан сайшааж, хоёр этгээдийн түшмэд энэхүү байдлыг үзээд цөм тэнэг мангуу адил нүд гөлийн, аль ч учрыг мэдэхийг байж, тус тус гайхацгаан өгүүлрүүн: - Бид ертөнцөд төрсөөр ер энэ үзсэнгүй ажаам хэмээлцэв. Вэнь Да дотроо бодов. Энэ хоёр ийнхүү байсаар сааргүй нэгэн нэгнээр гэмтүүлмүй. Даруй байлдахыг зогсох хэнгэрэг дэлдэж зогсоов. Ян Жы, Суо Чао хоёр мориноос бууж Ли Чэн, Вэнь Да нар урагш ирж Лянь Жүн Шүд мэдүүлрүүн: - Энэ хоёр хүний чадал үнэхээр нэгэн хос сайн эр хэмээвээс болмуй. Сайд эд нар цөм нэгэн адил хүндэд хэрэглэвээс зохимуй хэмээсэнд Лняь Жүн Шү ихэд зөвшөөн даруй Ян Жы, Суо Чао хоёрыг дуудсанд тэр хоёр ирсэнд Лян Жүн Шү хүн бүрийг ембүү нэг, цаг нэгийг шагнаж өгсөнд цөм хишигт мөргөсөнд олон цэрэг зэргээр ирж их дуунаар баяр мэдүүлэв. Үүнд Лян Жүн Шү даруй их хурим бэлтгүүлэн их бага бүгдээр цэргийн хүрээнд хуримлаж, наран шингэхийн үе сая хотноо буцав. Ян Жы, Суо Чао нар Лян Жүн Шүгийн хоёр этгээдийн хошууч болон тэргүүндээ улаан цэцэг хатгаж, зам удирдан явахуйдхотын доторх олон хөгшин хүн нар бүгдээр их л инээсэнд Лян Жүн Шү морин дээрээс асууруун: - Та нар юунд инээмүй, олон хүн өгүүлрүүн: - өчүүхэн хөгшин иргэд өчнөөн их нас болтол ийм сүрхий баатар эрсийг үзэж сонссонгүйд энэ өдөр сая үзсэн атал ийнхүү сайшаан инээмүй хэмээв. Лян түүнээс Лян Жүн Шүгийн яамнаа хүрч олон түшмэл богдсын гэртээ тархаж бие амрав.
Ян Жы мөн Лян Жүн Шүгийн дэргэд нэгэн хамт сууж эрт орой идэх уух цөм өөрийн гэрээс ялгалгүйгээс гадна Лян Жүн Шүгийн маш дотно болгон чухал хэрэглэхийг үл өгүүлмүй.
Өгүүлэх нь, дараа зуны дунд сарын шинийн таванд Лян Жүн Шү өөрийн хатан ..... Лугаа баяр өдөр хэмээн найрлан суутал хатан мэдүүлрүүн: - сайд угаас цэргийн түшмэл яваад одоо туйлын эрх барьсан дээд тушаалыг хүлээвч жаргасан нь үнэхээр ертөнцийн хүсэл цэнгэл бүрдэв хэмээвээс болмуй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - мэргэн хатны үг хэдий зөв боловч хүн үндэс хүн үндсийг бодох нь мэргэн болой. Миний бие эрхийг барьсан тушаалд хүрэвч гагцхүү өршөөлт хадам эцгийн хайрласнаар энэ туйлд хүрэв хэмээхэд .... өгүүлрүүн: - тийм болбоос ноён юунд миний эцгийн төрсөн өдрийг мартмуй хэмээсэнд Лян Жүн Шү өгүүлрүүн: - чиний үг ташаарав. Би юунд мартмуй. Зургаан сарын арван таванд бус буюу эдүгээ бодвоос дөчин таван хоногийн чөлөө буй. Хүргэх бэлгийн юмыг есөн хувь бэлтгэсэн болой. Энэ зүйлд хатан чи санаа бүү зовогтун. Надад бодсон газар буй хэмээв. Түүнээс найрласаар хоёр жин болж сая зогсов. Энэ сул хэргийг өгүүлэхийг зогсож, чухам түүхийн үгийг өгүүлэх нь, Шаньдун мужийн Жи Жоу Фүгийн харъяат Юнь Чэн Сянь-ийн захирсан түшмэл тушаалд шинэ дэвшсэн хүн овог Ши нэр Вэнь энэ хүн тэргүүн тушаал хүлээсэн өдөр, хоёр этгээдийн албаны хүнээс хулгайг эрхлэн барьж, албаны хүний нэгэн нь морьтой цэргийн дарга Жү Тун, бие өндөр найман чы илүү, сахал нэгэн чы илүү, нүүр дүгрэг, хоёр нүд од мэт, Гуань Юнь Чан мэт бядтай, Мань сяньий хүн бүрийг хээр хэмээн дуудмуй. Хөрөнгө баялаг тул газар бүр хүнийг цуглуулаад эрдмийг сургамуй. Явган цэргийн дарга Лэй Хэн бие өндөр, толгой чы таван цүнь, нүүр харавтар хүрэн, сахал нь дэвүүр мэт, зургаан долоон алд газар харайн явмуй. Цол нь жигүүрт барс хэмээмүй. Энэ угтаа төмрийн дархан ажгуу. Мах худалдах пүүс нээж, аж ашиг олмуй. Цэргийн эрдэм боловсронгуй ач чадал ихтэй тул цэргийн дарга болжээ. Сяний түшмэл энэ хоёр хүнд тушаан өгүүлрүүн: - эдүгээ би тушаал авсан тул чандлан захирваас зохимуй. Сонсвоос манай хотын харъяат Лян Шань Фү сүрхий тэрслүү ард цуглаж, ямагт хүнийг дарлан эд юмыг булаан дээрэмдмүй хэмээмүй. Үүнийг эдүгээгээс арилгаваас зохимуй. Та хоёр эдгээр хулгайг амин тэвчин явж дарж иртүгэй хэмээн чандлан тушаасанд энэ хоёр хүн тушаалыг хүлээн нэгэн нь баруун хаалгаар, нэг нь зүүн хаалгаар гарч явав. Түүнээс Лэй Хэн хорин цэрэг дагуулан нэгэн шөнө явж гэдрэг эргэж ирвээс Линь Гуань хэмээх сүмийн үүд хаасангүй байхад Лэй Хэн цэрэгт өгүүлрүүн: - Өдий орой болтол энэ сүмийн үүд юунд сул баймуй. Эрхбиш сүмийн дотор муу хүн буй. Бид орж үзсүгэй хэмээн гал гэрэл барьж сүмийн үүдэнд хүрч үзвээс бурханы ширээн дээр нэгэн нүцгэн хүн хэвтэж баймуй. Тэнгэр маш халууны цаг тул тэр хүн дээлээ тайлж толгой доор дэр хийж үхширтэл унтаж баймуй. Лэй Хэн энэ хүнийг үзвээс маш хэцүү байдал буй тул Лэй Хэн чи нь бурхан болсон буюу хэмээн их дуунаар хашхирсанд тэр хүн гэнэт сэрж, босохын зуур хорин цэрэг зэргээр ирж төмөр дээсээр тачигнатал хүлэв. Лэй Хэн тэр хүнийг авч яван өөр нэгэн хотын даргад аваачиж тушаахаар сүмээс гарч явав. Саяын энэхүү баригдсан хүн нь Ба Шил хэмээх од тэнгэрээс бууж ирсэн нь үүний явдал дараах бүлэгт гаргахыг үзэгтүн.
Сэтгэгдэл ( 1 )
Усан хөвөөний шаштир ч биш л дээ. Гээд Мөрний Харгиа гэснээс арай дээр юмуу.