Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүн хэзээ гарах талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбатаас тодрууллаа.
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулалт сайтай болсон гэж албаны хүмүүс дүгнэсэн ч зарим хичээлийн даалгавар алдаатай, эргэлзээтэй байсныг хүүхдүүд хэлж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Биологийн хичээлийн С хувилбар эргэлзээтэй, нөхөх даалгавар ойлгомжгүй байсан гэсэн хүмүүс манайд хандаж байгаа. Шалгуулагч багшийн тавьсан өгөгдөл, тайлбарын дагуу даалгаврыг гүйцэтгэх ёстой. Мэргэжлийн багш, судлаачид агуулга, стандартын алдаа байхгүй гэж үзэж байгаа.
-Танайд хэдэн өргөдөл, гомдол ирээд байна вэ?
-Одоогоор хорь гаруй хүний гомдол ирсэн. Регистрийн дугаар, шалгалтдаа хоцорч ирсэн зэрэг асуудлыг орон нутагт ажилласан мэргэжилтнүүд шийдэх боломжтой. Харин тестийн үнэлгээтэй холбоотой бүх асуудлыг орон нутаг, салбар комиссын нэг ч хүн шийдвэрлэх эрхгүй. Тэд зөвхөн хяналт тавьж, шалгалтын дараа материалуудыг хурааж битүүмжлэн бидэнд хүлээлгэж өгөх үүрэгтэй.
-Шалгалт өндөрлөлөө. Боловсролын үнэлгээний төвийнхөн одоо ямар ажил хийж байна?
-Өнөөдөр даалгавар боловсруулсан зохиогчдоос түлхүүрийг авч задлаж байна. Үүний зэрэгцээ бид шинжээчиин баг томилно. Дүгнэлт гаргах хүмүүс, зохиогч, холилтын багт ажилласан бүх хүмүүсийг цуглуулж даалгавар бүрийн хариулт, оноог тулгаж үзнэ.
-Олон нийтэд тестийг нээлттэй болгосон нь үр дүнтэй боллоо гэх хүмүүс байна. Үнэхээр үр дүнтэй болж чадсан уу?
-Манайхан үр дүнтэй боллоо гэж үзэж байгаа. Шалгалтын дараа хариултын дэвтрээ авчирч, хэдэн оноо авснаа шалгах боломжтой болсон. Мөн тестийн эмхтгэлийн номоос яг тэр хувилбараар нь оруулаагүй ч төстэй тестийг оруулсан. Энэ нь шалгуулагчдад санаа өгч, тестээ бөглөхөд дөхөм боллоо.
-Даалгавар алдаатай байна гэсэн асуудлыг яаж шийдэх вэ?
-Гадуур яригдаж буй явган ярианд тулгуурлан тест зохиогч нарыг буруутгах нь үндэслэлгүй. Манайд өргөдөл өгсөн хүн бүрийн хүсэлтийг нягтлан шалгах үүргийг бид хүлээдэг. Боловсролын үнэлгээний төв зохиогч багш нарыг дуудаж, даалгаврын өгөгдлүүдийг тулгаж үзнэ. Манайд өргөдөл, гомдол хүлээж авах комисс ажиллаж байгаа. Бид эцэг, эх, шалгуулагчийн хүсэлтийг хүлээж авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
-Алдаа гаргахад шалгуулагчаас шалтгаалсан зүйл бий юу?
-Эргэлзээтэй даалгавар байсан хэдий ч бөглөсөн гэж бодож байгаа хүүхэд байвал манайд хандаж болно. Зарим шалгуулагчид даалгаврыг гүйцэтгэхдээ механикаар хандах нь бий. Өөрөөр хэлбэл, даалгаврынхаа эхний хэсгийг уншаад шууд хариулт нь тэр хувилбар гэж бөглөдөг. Өгүүлбэрээ бүрэн уншаагүйгээс алддаг. Энэ нь шалгуулагчийн хариуцлагагүй байдал гэж хэлж болно.
-Шалгуулагчийн хувийн мэдээлэл, шалгалтын оноог багтаасан батламж карт бэлэн болох хугацаа хэзээ вэ?
-Шалгалтын дүнг ирэх сарын 1-нд орон даяар 09 цагт зарлана. Үүний дараа батламж картаа тараана. Мөн дүн, мэдээг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас болон хэвлэл мэдээлийн хэрэгслэлээр мэдээлнэ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )