Их Британийн Foreign Policy байгууллага жил бүр дэлхийн орнуудыг хөгжлөөр нь жагсаадаг уламжлалтай. Ингэхдээ хамгийн бүтэлгүй буюу хөгжлөөрөө хоцрогдсон улс орноос эхлэн жагсаадаг юм. Үүнийг заримдаа "азгүй орнуудын жагсаалт" гэх нь ч бий. Мэргэжилтнүүд төр засгийн үйл ажиллагаа, хүчирхийлэл, хүний эрх, эдийн засгийн орчин, иргэдийн амьдралдаа сэтгэл ханамжтай эсэх зэрэг нийгэм эдийн засгийн 20 орчим судалгаа, шалгуурын дагуу шүүсний үндсэн дээр уг жагсаалтыг гаргадаг аж.
Жагсаалтыг Сомали дөрөв дэх жилдээ тэргүүлж, дэлхийн хамгийн "азгүй" орноор шалгарсан байна. Тус улсад төр засаг гэсэн ойлголт бараг байхгүй, хэн хүчтэй, хэнд буу зэвсэг байгаа нь хууль журам тогтоодог ажээ. Үүний араас Чад, Судан, Конго оржээ.
Монгол өнгөрсөн жил 129 дүгээрт байсан бол энэ жил 127 дугаарт орсон байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хөгжил уруудсан гэсэн үг юм. Бидний өмнөхөн Румын, Тринидад ба Тобаго, Бразил, Бруней, Албани, Гренада, Сейшелийн арлууд орсон нь хөгжлөөрөө хоцрогдсон гэсэн үг. Жагсаалтын 177 дугаар байрт Финланд орж, Норвеги, Швед, Швейцарь, Дани удаалжээ. Энэ нь эдгээр улсад дэлхийн хамгийн азтай хүмүүс амьдарч буйг илэрхийлэв.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )