Дэлхийн хамгийн том маргад эрдэнийг анх удаа олонд ил болголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Саяхан Колумбид дэлхийн хамгийн том маргад эрдэнийг анх удаа олонд ил болгосон байна. Хоёр кг 270 грамм орчим жинтэй, 11-15 мянган карат үнэт эрдэнийн чулууг 12 жилийн өмнө нийслэл Богота хотоос хойд зүгт 75 км-ын зайтай орших Бояака мужийн Музогийн уурхайгаас олж илрүүлж байжээ. Нэг карат гэдэг нь үнэт чулууны хувьд 200 мг-тай тэнцдэг. Үнэт чулууны анхны хэлбэрийг нь огт өөрчлөөгүй байна. Колумбийн маргад эрдэнэ нийлүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч Жэми Рохас "Энэ бол үнэхээр онцгой чулуу, маш том учраас чулууг хуваах нь утгагүй. Энэ бол урьд өмнө олдож байсан маргад эрдэнээс хамгийн том нь гэжээ. Нэг карат маргад эрдэнийг чанар болоод бусад байдлаас нь шалтгаалан 1000-100000 ам.доллараар зардаг гэдгийг тэрээр нэмж хэлсэн байна. 11-15 мянга орчим карат учраас Фура нэртэй энэхүү маргад эрдэнийн үнийг тогтооход ч бэрх юм. Уг үнэт чулууг дэлхийн бусад улс орнуудад зохиогдсон үзэсгэлэн дээр танилцуулж байсан хэдий ч аюулгүй байдлын шалтгаанаас болоод Колумбид урьд өмнө нь олонд ил болгож байгаагүй юм. Колумби, Бразил, Замби улсууд дэлхийн хамгийн гол маргад эрдэнэ экспортлогч орнууд юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top