Индонезийн Левотоло галт уул дэлбэрч эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Индонез улсад Левотоло галт уул дэлбэрсний улмаас 2.7 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж орон нутгийн “Tempo” хэвлэлд мэдээлжээ.

Орон нутгийн байгалийн гамшигтай тэмцэх газрын мэдээллээр, Индонезийн Лобмлен арал дээр байрладаг Левотоло галт уул дөрвөн мянган метрийн өндөрт унс нурам цацжээ. Галт уулын дэлбэрэлт 600 секунд үргэлжилсэн байна. Үүнтэй холбогдуулан Индонезийн галт уул судлал, геологийн эрсдэлийг бууруулах төв орон нутгийн иргэд болон жуулчдад галт уулаас хоёр км зайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөсөн байна.

Галт уулын бэлд оршин суудаг 2 782 хүнийг үндэсний цагдаагийн алба хаагч, цэргүүдийн туслалцаатай нүүлгэн шилжүүлжээ.

Левотоло галт уул 1018 м өндөр. Ломблен арал дээр Илилабалекан, Иливерунг болон Левотоло зэрэг гурван галт уул байрладаг байна. Индонез нь Номхон далайн галт тойрог гэгддэг асар хүчтэй тектоник хугарлын хэсэг юм. Энэ бүсэд Энэтхэгийн далайн ёроолыг бүрэлдүүлдэг тектоник хавтан Суматра арал багтдаг Азийн хавтан доор шурган орж байгаа аж. Үүний улмаас энд хуримтлагдаж буй энерги асар хүчтэй газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт хэлбэрээр гадагшилдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top