Баруун болон төвийн нутгаар түр зуурын усархаг бороо орох тул томоохон голуудын сав газраар нутаглаж байгаа иргэдийг ойрын өдрүүдэд нүүж, аялал зугаалгад явахгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Одоогоор Алтай нуруунаас Булган, Буянт, Ховд голын түвшин 25-45 см нэмэгдэж, үеийн аюултай түвшинг 10-30 см давжээ. Дунд-Цэнхэр, Хөвсгөлийн уулаас эхтэй Бэлтэс голын усны түвшин 10-52 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-25 см давсан бол Хангайн нурууны Байдраг, Завхан гол Дөрвөлжин сум орчмоор усны түвшин хоногтоо 45-55 см нэмэгдэж байгаа гэнэ. Энэ сарын 26 хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээллээр, 22-нд баруун зүгийн нутгаар хойд болон төвийн зүгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд баруун болон төвийн нутгаар зарим газраар, 25-нд зарим нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Харин долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дуу, цахилгаантай бороо орох аж. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Тиймээс малчдыг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байгаа юм. Долоо хоногийн турш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх нь.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )