Д.Зоригт сайд, шатахууны хомсдол хоёрт монголчууд намар болтол лав дарлуулсаар байх нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21


Саяхан л Хятадаас бензин орж ирнэ, Оросоос 35 мянган тонн шатахуун ирлээ хэмээн мэдэгдэж байсан Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон түүний албатууд улсын нөөц шавхагдаж дуусах нь, А-92 бензин бараг байхгүй боллоо гэв. Үнэхээр дизель түлш өдрөөс өдөрт ховордсоор нэг литр нь 4000 төгрөгт хүрээд түр азнаж байна. Цаашаа хязгааргүй өсөх зам нь зурайж байгаа. Хятадууд саяхнаас нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортод хориг тавьсан. Оросууд манайд дахиад шатахуун нийлүүлэх эсэхээ мөддөө шийдэхгүй юм шиг байна. Сүүлийн үед энэ талаар “Роснефть” компанийн удирдлага таг чиг болсон. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын маань захын хорооллуудын ШТС-ууд А-92 бензинээр тасалдаж байгаа мэдээтэй байна. Зарим станцууд нь ийм төрлийн бензин түгээж чадахгүй болсноо зарлав. Ийм байдал цааш хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Энэ талаар тоймтой хариу өгөх хүн ч олдохгүй болж байна. Д.Зоригт сайд амаа хамхин, нүдээ бүлтэлзүүлсээр энд тэнд харайж яваа сурагтай. Оросууд түүнийг тоодоггүй ээ. Хятадууд өөдөөс нь Тавантолгойг чинь сонирхож байгаа шүү гэх ухааны юм сануулсаар байгаа. Хойд хөршийнхөн ч Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Тавантолгойг хамтран эзэмшинэ гэсэн. Тэд бас өөр олон уурхайд хамтран ажиллахыг хүсч байна. Шатахууны  нөөц улам багассаар одоо дөнгөж 10 хоног хүрэхтээ, үгүйтээ нөөц бий гэх боловч итгэхэд бэрх. Үүнээс цөөн хоног амь торгоох төдий болсон байж мэднэ.  Хөршүүдээс намар болтол лав  шатахуун авч чадахгүй бололтой. Иймд өөр арга зам яаравчлан сүвэгчлэх нь Д.Зоригт сайдад болоод монголчуудад өлзийтэй болов уу. Казахстан, Тува гэж улс бий шүү дээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top