КОРОНАВИРУС | НЭГ ЖИЛ | ЮУ БОЛОВ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Одоогоос яг нэг жилийн өмнө дэлхий дахиныг хамрах хувь заяатай коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байв.

Өдгөө энэ тахал 60 илүү сая хүнийг хамарч, хоёр гаруй сая хүний амь насыг авч оджээ. Тахал дэгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд үүсэл гарвалыг нь олж тогтоосонгүй. Гэхдээ анагаахын шинжлэх ухаанд урд хожид байгаагүй түргэн хугацаанд вакцин зохион бүтээж, таваас илүү вакцин сүүлийн шатны судалгаагаа дуусгахад бэлэн болжээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 11 сарын хугацаанд дотооддоо тархаалгүй тогтоон барьж байсан Монгол Улс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дотоодын халдвар бүртгэгдэж, түүнээс хойш хатуу хөл хорионд байгаа билээ.

Болсон явдлаас жилийн дараа чухам юу болж, үйл явдлын өрнөл чухам хаашаа эргэснийг хамтдаа зураглая.

Жилийн өмнө

Өнгөрсөн 2019 оны аравдугаар сард БНХАУ-ын Хубэй мужид учир шалтгаан нь үл мэдэгдэх халдварт өвчин тархсан байж болзошгүйг анагаахын ажилтнууд олж тогтоов. Улмаар хэдхэн хоногийн дотор хамар шархирч, хоолой өвдсөн, амьсгалахад бэрх болсон зэрэг шалтгаантай хэд хэдэн өвчтөн эмнэлэгт ханджээ. Хубэй мужийн Ухань хотын судлаачид үүнийг зэрлэг байгалиас, тэр дундаа сарьсан багваахайнаас гаралтай нэг төрлийн титэмт вирус гэж дүгнэн, судалгааны дараагийн шатанд шилжлээ. Байдал бишдэж эхэлж байхтай зэрэгцэн Израйлийн Шинжлэх ухааны академи, АНУ-ын Анагаах ухааны үндэсний шинжилгээний агентлаг БНХАУ-ын Ухань хотод нэг төрлийн халдварт өвчин дэгдсэн болохыг баталсан юм. Улмаар 2019 оны арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт АНУ-ын Анагаах ухааны үндэсний шинжилгээний агентлаг Ухань хотод нэг төрлийн халдварт өвчин дэгдсэн тухай дэлхий дахинд анхлан мэдээлсэн билээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр клиникийн шинжилгээгээр коронавируст халдвар батлагдсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Анхны өвчтөн арваннэгдүгээр сарын сүүлээр эмнэлэгт хандсан бөгөөд арванхоёрдугаар сарын 01-ний өдөр халдварт өвчнөөр өвчилсөн болохыг баталсан. Харин давтан шинжилгээгээр “Ковид-19” халдвар болохыг тогтоосон юм. Дэлхий дахинд батлагдсан анхны тохиолдол нь 70 гаруй настай хүн байсан ба тэр Ухань хотын “Хуанан” далайн бүтээгдэхүүний захаар үйлчлүүлсэн иргэн байсан юм.

Дэлхий дахиныг хамарсан цар тахал байж болзошгүй тул АНУ болон Европын холбооны хэд хэдэн улсад 2019 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт цусны дээж цуглуулах өргөн хүрээг хамарсан ажил эхэлжээ. Энэ хооронд БНХАУ-ын Хубэй мужид батлагдсан тохиолдлын тоо огцом хурдаар нэмэгдсээр байв. Ийнхүү дэлхий дахин түгшүүр авч байхтай зэрэгцэн Франц улсын нийслэл Парис хотод Хубэй хотод бүртгэгдсэнтэй ижил шалтгаантай нэг өвчтөн эмнэлэгт хэвтэв. Гэвч Хубэйд бүртгэгдсэн халдвар биш гэдгийг клиникийн шинжилгээгээр тогтоосон билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болж буй үйл явдлыг нарийн ажиглаж, судалгаа хийсний үндсэн дээр халдварын тархалт өндөр нэг төрлийн халдварт өвчин болохыг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр дэлхий даяар зарласан билээ. Яг энэ цаг мөчтэй зэрэгцэн Хубэй мужийн эрүүлийг хамгаалах хороо оршин суугчдад халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг гар утасны мессежээр илгээн анхааруулж, улмаар дараа өдөр нь халдварт өвчний үеэр баримтлах зөвлөмжийг олон нийтийн газарт байрлуулж эхэлжээ. 

ДЭМБ дэлхий дахинд зарласнаас ердөө хэдэн долоо хоногийн дараа 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Тайланд улсад коронавируст халдварын тохиолдол батлагдав. Ингэснээр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна анхын тохиолдол бүртгэгдсэн юм.

Батлагдсан анхны тохиолдол нь 61 настай Хятадын харьяат эмэгтэй байлаа. Ийнхүү коронавируст халдвар дэлхий дахиныг хамарсан цар тахал болох нь тогтоогдож, Тайландын тохиолдлоос гурав хоногийн дараа Японд, нэгдүгээр сарын 20-ны өдөр Өмнөд Солонгос, АНУ-д бүртгэгдэж 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд дэлхийн 26 улс орон, газар нутагт коронавируст халдвар тархлаа. Тухайн үед халдварын голомт гэгдэж байсан Хубэй муж даяараа хөл хорио тогтоож, Ухань хотыг тусгаарлав. Азийн "цахиурын хөндий" гэгдэж байсан Ухань хот ийнхүү сар гаруйн хугацаанд БНХАУ-ын хот, мужуудаас тусгаарлагдсан юм. 

ДЭМБ-ын зүгээс халдварын үүсэл гарвалыг тогтоох талаар БНХАУ-ын засаг захиргаа хүчин чармайлт гарган ажиллахыг даалгасан боловч одоог хүртэл “Ковид-19” чухам юунаас гаралтай болохыг тогтоогоогүй байна. ДЭМБ өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ руу тусгай баг илгээсэн ч гарвалыг тогтооход тус болсонгүй.

Жилийн дараа

 Яг жилийн дараа нөхцөл байдал урьдынхаас илүү дорджээ. Хэдийгээр вакцин зохион бүтээх ажиллагаа амжилт олж ОХУ, БНХАУ, АНУ, Герман улсууд вакцин зохион бүтээх уралдаанд салхи зүсэж байгаа ч зарим судлаачид тус болж чадахгүй гэсэн баргар дүгнэлттэй байгаа.

Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар яг одоогийн байдлаар дэлхий дахинд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 67.5 саяд хүрсэн бөгөөд 1.5 сая хүн энэ өвчний улмаас энджээ. Нийт халдварын тоогоор 14.9 сая тохиолдол бүртгэгдсэн АНУ тэргүүлж байна. Халдварын тохиолдол хоёр саяас давсан хоёр, зургаан саяас давсан нэг, есөн саяас давсан нэг улс бий. Цар тахлын анхны голомт болсон Хятад улсад одоогоор 93.6 мянган хүн коронавирусээр халдварлажээ. Нэг ёсондоо анхны голомтод халдварыг хязгаарлаж, 100 мянгад хүргээгүй байна. 

Тоо ярьж уралдуулахаас илүү нэг зүйлийг сануулъя. Чухам хэзээ коронавирус дэгдэж эхэлсэн бэ гэдгийг нарийн тогтоох ёстой. Гэтэл энэ тал дээр нэгдсэн нэг дүгнэлт одоог хүртэл гараагүй. Эргэлзээ тайлах хэд хэдэн баримт байна. Тухайлбал, Испанийн Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаа. Коронавирус голомтлон тархаж эхэлснээс хойш таван сарын хугацаанд Испани даяар коронавирусийг танин мэдэх судалгаа өрнөжээ. Улмаар тус улсын Барселон хотын цэвэр, бохир усны системд шинжилгээ хийхэд 2019 оны гуравдугаар сараас тархаж эхэлсэн гэх дүгнэлт гарчээ. Энэ дүгнэлт буурал тивийг, цаашлаад дэлхий дахиныг цочроов.

АНУ-ын Тагнуулын төв газар нэгэн дүр зургийг хиймэл дагуулаас хараад цочирджээ. Хубэй мужийн зогсоолд 2019 оны долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр ердийнхөөс хэд дахин их автомашин зогсож байж. Юм бүхнийг хардах дуртай АНУ хиймэл дагуулын зургийг хараад БНХАУ-ны засаг захиргаа коронавируст халдварын үүсэл гарвал, хэзээ тархсаныг нууцалж байгаа гэж дэлхий даяар зарлав. Аравдугаар сараас Хубэй мужид шалтгаан нь үл мэдэгдэх халдвар гарсан гэдэг баримтыг харвал АНУ-ын хардалт үндэслэлтэй байх магадлал өндөр.

Бас нэг баримт бий. Италийн засаг захиргаа Испанитай адил судалгаа хийхэд мөн л хачирхалтай дүгнэлт гарав. Судалгааны дүгнэлтийг харвал Испани улсад 2019 оны есдүгээр сараас халдвар хэдийнээ тархаж эхэлсэн байж. Түүнчлэн шинжилгээнд хамрагдсан 111 хүний 11 хувьд нь эсрэг биет хэдийнэ үүссэн байв. Европын холбоо Испани, Италийн дүгнэлтийг харгалзан томоохонд тооцогдох найман улсад энэ төрлийн судалгааг эхлүүлжээ. Нэгдсэн дүгнэлт одоогоор гараагүй байна.

Өмнөд Америкийн Бразил улсад мөн л дээрхтэй адил дүгнэлт гарсан. Гэхдээ европын улсуудтай харьцуулахад харьцангуй хойно буюу 2019 оны арваннэгдүгээр сард коронавируст халдвар тархаж эхэлсэн байжээ.

Ийнхүү эргэлзээ тээсэн олон асуулт байна. Олон асуулт дунд эргэлзэж байх хооронд БНХАУ-ын анагаахын томоохон эрдэмтэд коронавируст халдвар Австралиас гаралтай гэж мэдэгдээд байна. Тэртээ тэргүй дипломат маргаантай байгаа энэ хоёр улсын харилцаанд энэ мэдээлэл сэв суулгав. Гэхдээ дүгнэлтийг нь бас дахин нягталж үзэх шаардлагатай. Хубэй мужийн Ухань хотын “Хуанан” далайн бүтээгдэхүүний хөлдөөсөн хэд, хэдэн бүтээгдэхүүнээс дээж авахад Австралиас зөөгдөж ирсэн байх магадлалтай байна.

Хятад эрдэмтдийн үзэж байгаагаар 2019 оны хавар Австралиас ирсэн хөлдөөсөн бүтээгдэхүүн дэлхий дахиныг хамарсан цар тахлын шалтгаан байж болзошгүй байна.
 


Вакцин, вакцин

Халдвар тархаж эхэлснээс хойш дэлхий дахинд цор ганц ерөндөг болсон вакцины тухай асуудал урган гарч ирсэн. Дэлхийд хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг хэсэг бүлгүүд ч вакцин хөгжүүлэх ажилд багагүй хэмжээний хандив өргөөд байна. Чухамдаа энэ хандивын үр дүнгээр одоо бидний хамрагдахаа хүлээж буй “COVAX” хөтөлбөр хэрэгжиж байгааг сануулах нь илүүц биз. Одоогоор дэлхий дахинд 90-ээс дээш хувийг үзүүлсэн таван вакцин бий. Үүнээс гурав нь барианд тун ойртоод байгаа. ОХУ-д вакциныг хэдийнэ эрсдэлт бүлгийн хүмүүст хийж эхэлсэн бол дараа долоо хоногт Британи улс хөгжүүлж буй вакцинаа, БНХАУ “Синовак” компанийн вакциныг ойрын хугацаанд иргэддээ хийнэ.

Вакцин үр дүнтэй байгаа гэх эерэг мэдээлэл байхад тархвар судлаачид вакцинд нэг их найдаад хэрэггүй гэж дүгнэж байгаа. Учир нь байгалийн дархлаа тогттол уддаг энэ вирус нь бүтээсэн ямар нэгэн вакцинаар эсрэг биет үүсэхэд нөлөөлж чадахгүй гэж дүгнэж байгаа юм. Принстоны их сургуулийн эрдэмтэд вакцинаар эсрэг биет үүслээ ч бусдад халдаахгүй, дархлааны системд мэдээлэл очих нь маш бага байсныг судалгаагаар тогтоогоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч вакцин дан ганц аврал биш бөгөөд вакцин хийлгэсэн байлаа ч халдвар хамгааллын дэглэм сахиж, холбогдох байгууллагаас өгсөн зөвлөмжийг сайтар дагах шаардлагатай гэж мэдэгдсэн юм.

Засаглалын чадамж

Нийгмийн ухаан, улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэд цар тахлаас далимдуулан эрх мэдлийг гартаа авах, Үндсэн хууль зөрчих тохиолдол хэд, хэдэн улсад гарсныг онцгойлон анхааруулаад буй. Үүний хамгийн тэргүүн эгнээнд Унгар улс бичигдэж байна. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан цар тахлын үед мөрдөгдөх хуулийг баталсан бөгөөд энэ хэцүү цаг үед Ерөнхий сайдын гарт бүх эрх мэдэл төвлөрч буй. Гол, гол шийдвэрүүдийг парламентаар хэлэлцүүлэлгүй шууд Засгийн газар гаргаж байгаа нь парламентын ардчилалын гол шинжийг алдагдуулж, нэг хүний авторитар дэглэмд шилжих нөхцөл бүрдлээ гэж Европын холбооноос дүгнээд байна. Түүнчлэн цар тахлын үед авч буй арга хэмжээг шүүмжилсэн сөрөг хүчний хэд, хэдэн гишүүний улс төрийн эрхийг хааж боосон хэрэг ч гарсан байна. Үүнтэй ижил шинж чанар пост коммунист улсуудад ч ажиглагдаж буй.

“Цар тахал хэдийгээр дэлхий даяар урд хожид байгаагүй сорилт авчирч байгаа ч үүгээр далимдуулан эрх мэдлээ улам лавшруулах оролдлогууд гарсаар байна. Хэрэв та бүхэн ажигласан бол Европын хэд, хэдэн улсад популист улстөрчдийн рейтинг өссөн нь энэ цаг үетэй холбоотой” гэж Принстоны их сургуулийн Улс төрийн тэнхмийн дэд профессор Грег Конти ярьжээ.

Удирдлагын багаас гаргаж буй шийдвэр коронавируст цар тахлыг улам нэмэгдүүлдэг гэдгийг судлаачид анхааруулж байгаа. Ялангуяа дэлхий дахинд халдвараараа тэргүүлж 14.9 сая хүн өвчилсөн АНУ-ыг засаглалын хуваарилалт тааруу, авч байгаа арга хэмжээ нь цаг үеэ олоогүй учраас халдварын тохиолдол их байгаа гэж дүгнэж байна. Саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Жо Байден ч Трампын засаг захиргаа коронавирусний эсрэг нэгдсэн удирдлагаар тэмцэж чадаагүй гэж хүчтэй шүүмжилсэн. АНУ-ын араас Их Британи улс эрх мэдлийн хуваарилалт тааруу учраас коронавирусний нөхцөл байдал хүндэрсэн гэж олон нийт дүгнэж байна. Засаг захиргаа нь нэг цонхоор бус олон толгойгоор, эргэж буцсан шийдвэрүүд олон гаргах тусмаа тухайн улс гүрэнд цар тахал хяналтаас гардаг гэдгийг өнгөрсөн 11 сарын хугацаа хангалттай харуулжээ.

Top