“Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн хамгийн баян хүнээр тодорч, “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосыг тэргүүллээ гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Биржийн арилжааны үеэр “Tesla” компанийн хувьцаа зургаан хувиар өссөний дүнд Илон Маскийн хөрөнгө 185 тэрбум ам.доллароор нэмэгдсэн бол Безосын хөрөнгө 184 тэрбум ам.доллароор өссөн байна. Блүмберг агентлагийн үнэлгээгээр, Маскийн нийт актив 188.5 тэрбум, Безосын актив 187 тэрбум ам.доллар байна.
Тус агентлаг дэлхийн тэргүүн баян эрхмүүдийн жагсаалтыг АНУ-ын биржийн арилжааны дүн дээр үндэслэн өдөр тутам шинэчилдэг.
Сүүлийн 13 сард Маскийн хөрөнгө 100 тэрбум гаруй ам.доллароор өсжээ. 2020 оны нэгдүгээр сард Илон Маск тэргүүн баячуудын жагсаалтад 35-д бичигдэж байсан бол арваннэгдүгээр сард хоёрдугаар байр хүртэл урагшилж, “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг ардаа орхиж байсан юм. Тухайн үед Маскийн хөрөнгө 128 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.
Маскийн хөрөнгө өсөх болсон гол шалтгаан нь “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотой. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 2020 оны нэгдүгээр сард 100 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 760 тэрбум ам.долларт хүрээд байна.
“Tesla” компанийг Илон Маск 2003 онд үүсгэн байгуулжээ. Эхэн үедээ тус компани цахилгаан автомашин үйлдвэрлэж байсан бо хожим нь үйл ажиллагаагаа өргөжүүлж эрчим хүч хуримтлуулах систем бүтээж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongotei baihaar yahv uhehgui koronoodohgui bolohuu