Цэцэрлэг, сургуулийн хичээл ороогүй, амралттай энэ үед хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ эмчийн зөвлөгөөг хүргэе.
-Хүүхэд, ялангуяа бага насны хүүхдийн махбодын мөн чанараас шалтгаалаад бадганы бэлгэ чанар давамгай байдаг гэсэн үг. Тийм учраас бадганы бэлгэ чанарууд давамгай оршдог уушги, амьсгалын замын эрхтнүүд, ходоод, дэлүү зэрэг эрхтнүүд илүү өвчлөх магадлалтай. Хүүхэд ханиад хүрэхэд уушгины ханиад, хатгаа болох нь элбэг бол залуу идэр, нас бие гүйцсэн хүн хамрын, хоолойны ханиад гэх зэргээр амьсгалын замын наад эрхтнүүд дээр хөнгөн тусдаг. Тиймээс хүүхдийг ханиаднаас сэргийлж байх ёстой.
Мөн хүүхэд насанд бадганы мөн чанар давамгай байдаг, тунгалаг цөвийн боловсролтын хүч, эд эрхтний эрчимтэй өсөлттэй уялдаад хүүхдийн идэх хоол, унд, явдал мөр нь өвөрмөц, унтах цаг нь том хүнийхээс илүү урт байх ёстой. Нас биед хүрсэн хүн өдөр унтаж болохгүй гэдэг бол хүүхдийг өдөр унтуулж, мөн орой эрт унтуулж, сайн амраах хэрэгтэй. Хүүхдийг хүүхдийнх нь явдал мөрөөр явуулахгүй байгаагаас, өдөр тутмын дэглэм алдагдаж, буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээнээс болж их өвчилж байна.
Хүүхдэд зохистой идээ унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Хүүхэд, хөгшин хүн хоёр маш их ядардаг талаар уламжлалт анагаах ухааны ном сударт бий. Нэг нь өтөлж яваа махбод, нөгөө нь өсөж яваа махбод. Хүүхэд насанд бие махбодын бүхий л эд, эрхтэн бүрэлдэн томорч, өсөж төлжих үйл явц эрчимтэй явагддаг. Жишээлбэл, “Хүүхдийн шүд ургах үед биеийнх нь бүх хэсэг байнгын өвдөлт мэдэрдэг” хэмээн сударт бичсэн байдаг. Энэ мэтчилэн эд эрхтнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас зөв хооллож, арчилж тордож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй. Хүүхдэдээ цаг зарцуулж нуруу, гар, хөлийг нь шар тос, сүүлний тосоор тосолж, иллэг хийж, тайвшруулаад эрт унтуулж амрааж байгаарай. Долоо хоногт 2-3 удаа иллэг хийх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй.
Сэтгэгдэл ( 0 )