Этгээд үнэнийг ЗУРАГЛАГЧ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

Борын ИНЖИНААШ Гэрэл зурагчин

Арван дөрвөн жилийн өмнө юм. Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлсэн “Хүүхэд ба дуран” төслийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарав. Гэрэл зургийн сургалтад суусан Хайлаастын хүүхдүүд хоёр жилд юу сурснаа тайлагнасан нь тэр л дээ. Үзсэн хүмүүст Д.Давааням, Б.Инжинааш, Бямба-Очир, Эрдэнэбат... гэдэг нэрс тодхон үлдсэн.

“Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун” хэмээн бардамхан тунхагласан агуу В.Инжинаашийн алдрыг үрдээ хайрлахдаа эцэг эх нь юу бодсоныг мэдэхгүй. Гагцхүү их зохиолчийн амьдай хүү бусдаасаа арай өөр өгөгдөлтэй нэгэн болохыг урсан жилийх он жилүүд нотолсоор буй. Тэсэрсэн их авьяас гэдэг тээж төрсөн эз­нээсээ түмнээс ялгарсан ааш, бус­даас тэс зөрсөн сонголт, олноос сондгой замнал шаарддаг шиг.

Б.Инжинааш дунд сургуулиа төгсүүтээ л Монголын анхны мэргэжлийн гэрэл зургийн “Гамма” агентлагт гэрэл зургийн сурвалжлагч болсон. Оюутан болсон ч хичээлийнхээ хажуугаар 2012 он хүртэл, сүүлд 2013- 2019 онд “Гамма”-д ажилласан. 2012- 2013 онд “Гялбаа” сэтгүүлд ганц жил зураг авсныг эс тооцвол үндсэндээ түүний ажил, мэргэжлийн замнал “Гамма”-д харьяалагддаг.

Уг нь тэр найруулагч болохыг хүсэж байв. Гэхдээ хувь тавилан түүнийг тухайн үеийн Радио, телевизийн сургуулийн зураглаачийн ангид оруулсан. Тэнд түүний сайн мэдэх зүйлийг заах тул Б.Инжинааш хичээлээ их тасалдаг, хэнэггүй оюутан болов. Багш нарынхаа зэмлэхийг тоох ч үгүй, зүрхэндээ хүндээр тусган эмзэглэх ч үгүй. Нэг их гэнэн, цагаахан нүдээр өөдөөс нэвт ширтэж, товчхон хэдэн эсрэг үг хэлээд л таг чиг алга болно. Сураг гарах нь энд ийм зураг аваад, тэнд тийм бүтээл хийжээ гэх.

Арван дөрвөн жилд Б.Инжинааш “Монголын шилдэг 100 гэрэл зураг”, Монгол Улсад гэрэл зураг үүсэж хөгжсөний 70, 80 жилийн ойн үзэсгэлэн, Монгол-Японы гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн, “Light Catcher” гээд гадаад, дотоодын 40 гаруй үзэсгэлэнд гэрэл зургаараа оролцжээ. Хэрэг болгон сонирхож гэмээнэ бүтээлээс бүтээлд тэр өөрчлөгдөж байв. Харин баримтат гэрэл зураг гэсэн гайхалтай жанраасаа тэр гажсангүй.

2016 оны нэгдүгээр сард Б.Инжинааш “Magnum Emergency” сангаас зарласан тэтгэлгийн уралдаанд Монголоос ганцаархнаа шалгарав. “Magnum Photos” бол дэлхийн хамгийн том, хамгийн анхны, мэргэжлийн гэрэл зурагчдын хоршоо юм. Тэдний албан ёсны гэрэл зурагчин болно гэдэг энэ салбарынхны мөрөөдөл, мэргэжлийн ур чадварын хамгийн чанга шалгуур.

Мэргэжлийн гэрэл зургийн акул-“Magnum”-ынхан Б.Инжинаашийн “Монголын орчин үеийн өсвөр үеийнхэн” төсөлд тэтгэлэг олгосон нь Монголын гэрэл зургийн түүхэнд үлдэх үйл явдал мөн. Тэдний тэтгэлгээр залуу гэрэл зурагчин Монголын дөрвөн аймаг, хоёр хотоор явж, өсвөр үеийнхнийхээ дүр төрхийг дурангаар тольджээ. 

Хөдөө ба хот. Суурин ба нүүдлийн амьдралын ялгаатай хэв маяг. Хүсэл тэмүүлэл ба бодит амьдрал. Томчуудын мэддэггүй, анзаардаггүй ертөнц. Оргилуун, дэврүүн, юм юмыг сонирхсон, шохоорхсон, дурласан, өөрийгөө хөгжүүлж зорилгодоо тэмүүлсэн, басхүү амьдралдаа гутарч хар тамхинд автсан... Монголын өсвөр үеийнхэн. Тэдний амьдралд оршиж буй асуудлууд, эцэг эхээсээ хав даран хадгалах “нууцууд”-ыг Б.Инжинааш дурангаараа дэлгэсэн.  Уг нь тэр төслөө боловс­руулахдаа социалист нийгмийн үед өсөж хүмүүжсэн эцэг эхчүүд ба ардчилсан нийгмийн үед төрж торнисон өсвөр үеийнхний хоорондох ялгаа, зөрчлийг олж харахыг, баримтжуулж буулгахыг хүссэн. Гэвч чадаагүй. Харин өөр өөр гэр бүл, хүмүүжлийн орчинд, тус тусын заяагдмал орон зайд өсөн торниж байгаа Монголын өнөө цагийн өсвөр үеийнхний тухайн агшинлаг, хэлбэрлэг мөчийг буулгаж чадсан.

Төслийнхөө талаар тэр “Энэ сэдвээ би бүрэн дуусгаж чадаагүй юм шиг санагддаг. Ер нь ч хүн төрөлхтний хувьд хэзээ ч дуусахгүй сэдэв л дээ. Гэхдээ л би уран бүтээлчийн хувьд энэ сэдвээ дуусгах хэрэгтэй байх аа” гэж хэлсэн. Магадгүй тэр энэ төслөөс өөрийнхөө дэндүү зоргоороо, өөрийгөө хайсан өсвөр насыг харж, оюун сэтгэлгээний хувьд тогтож, том болох хэрэгтэйгээ гүнээ ухаарсан байх.

Хэрвээ Монголын нийгмийн савлагаа, донсолгоотой он жилүүдэд хүүхэд насаа үдсэн Б.Инжинааш болоод тэдний үеийнхэн “насанд хүрч” гэмээнэ бид Борын Инжинаашийн баримтат гэрэл зургийн үзэсгэлэнд саатаж, бүтээлийн цомгийг нь гартаа бариад түүний дуранд буусан, бидний амьдралын ямар ч нэмэлт хачиргүй, этгээд үнэнтэй тулж, гайхширал, ухааралд автах нь лавтай. Тэр цаг ойрхон гэдэгт итгэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top