Сар, нарны агаарт хувилсан анд минь

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Ижилдэж дассан өдрүүдийн гэрэл гэгээ цээжин алсаас цухалдан асгаж, их гэрэл гэгээ багтрахын цагт бөөн бөөн гуниг болох аж. Өдийд анд минь сарны цоохор хөрсөн дээр хэдэн шүлгээ дуудаж суугаа биз ээ. Чамайг энд мартах нь мартаж, санах нь санаж, амьдрал мөнхийн учир шалтгаандаа богтлогдон огт ажралгүй урсаж байна. Цор ганцхан, хаашаа ч зайлахгүй үнэн гэвэл халуун тэврээ хуваасан хань, ижил хэдэн үрс чинь хэзээ ч үл алсрах хагацалын сүүдэрт жиндэж суугаа нь лавтай. Орчлонгийн өдөр хоног өнгөрөх тусам алдрай үрсийн чинь ухаан тэлж, нас нэмэхийн хэрээр улам их үгүйлэгдэх байх даа, анд минь.

Бусад нь аугаа ихийн шалтгаан, мөнхийн боолын хөдөлмөрт “сайн сайхан”-аар дарагдан өдөр хоног өнгөрөөх аж. Чи ч тэгээд амьдрал, мөн чанарын энэ мэт учир шалтгааныг хэнээс ч илүү мэднэ дээ. Хүнд гомдож чаддаггүйг чинь сайн мэднэ. Тэр хэрээр чи бусдыг гомдоохоо огт тоохгүй гэдгийг ч бас мэднэ. Үнэнийг хэлэхэд “Zindaa.mn” сайтын редакцид өөдөөс харсан ширээ, сандал чинь харлаж эзгүйрээд инээд алдаад ороод ч ирэх юм шиг бодогдож суусан өдөр нэг биш удаа байсан даа. Ижил дасал болсон амьтан сэтгэлээс тийм ч амар явчихдаггүй нь туйлын үнэн аж.

Томдсон хослол, хэт томдсон үг яриа, томдсон шүлэг, томдсон санаа гээд бүх зүйл нь томдсон Лхамсүрэнжавын Ганзул андтай хорь гаруй оны өмнө шүлэг сэтгэл дэлгэн танилцаж байв. Аугаа ихийн дэмийрэлд төөрсөн Утга зохиолын сургуулийн оюутнууд л учирч байгаа хэрэг шүү дээ. Тэр цагаас хойш унах босох амьдралын шалтагт бие салгаж байсан ч сэтгэл салгаж байсан өдөр үгүй аж. Бид хоёр хорин жил үерхэхдээ ганцхан удаа сүрхий муудалцаж, гар зөрүүлэхдээ тулсан юм даг. Түүнээс бусад цагт нэг нэгэндээ муу муухай үг ч хэлээгүй санагдана. Энэ явдал саяхан мэт санагдах ч бас л арван таван өвөл цан хүүргээ шилгээжээ. Намар оройн нар баруунаа таших үед “Улаанбаатар таймс” сонины редакцид нэрт зураач Ц.Байды, яруу найрагч Д.Баянтунгалаг, Б.Цэрэнжамц, Г.Сонинбаяр, эмэгтэйгээс С.Сосор бидний хэдэн нөхдийн дуу ажлын дэг, редакцийн хүрээнээсээ нэгэнтээ хальж ахуй цагт Л.Ганзул маань редакцийн хаалгаар инээд хөтлөөд ороод ирэв.

Тэрээр хоймор эзэлсэн Ц.Байды ахаас эхлээд үнэрлүүлэхэд нь үнэрлүүлж, гар барихтай нь бариад суудал тухлав. Тэр тэгэхэд “Ган зам” сонинд ажиллаж байсан. Бидний найр ч хавтгайрч, нарны туяа сүүлийн зоргодсоо хумиж ахуй цагт Зул бид хоёр маргалдан, сүүлдээ говь, хангай нутгийн хоёр эр хүнд сонины редакци хэтэрхий багдах учраас гадаа талбайд гарлаа. Бид хоёр зодолдож юу базаахав. Гэхдээ зууралдаж нудралцаад би дийлж байтал Г.Сонинбаяр дундуур орж ирснээр ялагдал хүлээсэн юм даг. Тэр хоёр нэг сургууль, арай өмнөх үерхэл энэ тэр гээд амь нэгсэж байж л намайг буулгасан бололтой юм даг. Би тухайн үед “Улаанбаатар таймс” сонинд ажиллаж байв. Энэ цагаас хойш Зул бид хоёр гар зөрөх нь бүү хэл ам зөрөөгүй. Тийм, нэг удаа сүрхий маргалдмаар болтол тэр А.Эрдэнэ-Очирт загнуулаад чив чимээгүй гараад явчихсан. Зул А.Эрдэнэ-Очироос айна, айх ч юу байхав, хүндэлдэг байсан хэрэг. Уг нь бид хоёр өвлийн хүйтэн өдрөөр “Цог” сэтгүүлийн өрөөнд инээд хөөрөөр жавар уясган орсон юм. Ийнхүү Ээгий бид хоёр нутгийн нэг нөхрийг жаахан матарлав. Гэтэл Зул “Танай говийнхон уулзахаараа нэгнээ муулах юм” гэнэ. Би ч “Танай хангайхан яадгийм, нэгнээ муулах ч үгүй шууд нухдаг уу. Бид алдааг нь ярьж байна” гэвэл өөдөөс цоролзож байна. Нэг тийм цаг үе тохиосон нь ч эмзэгдүү туссан хэрэг байх. Ингээд А.Эрдэнэ-Очир зандарснаар маргаан өндөрлөв. Өрөөний эзэн “За манай хоёр, ботгоо дагуулсан ингэ шиг л ороод ирлээ” хэмээн ихэд найрсаг угтсан юм л даа. Даанч халамцуу хоёрын яриа буруу өнцгөөс эхэлсэн байж. Ам мурийсан гэвэл ийм л хоёр тохиолдол байх юм. Ийнхүү он цагийн нугачаа бүрийг хэгжиж суухад нэгэндээ гомдож, гунихын ямар ч шалтгаан үлдээсэнгүй дээ. Үлдээхийн ч аргагүй гэрэл гэгээнд үерхэцгээсэн.

Тэр хэнэггүй, зөнгөр царайлах ч хүний сэтгэл зүй, дотоод мөн чанарыг нэвт шувт уншина. Бид хоёр хаа нэг “аялал”-д дөрөө харшуулна. Ар гэр, ахан дүүсээс эрэл сурал болох ч үе гарна. Бидний нэг удаагийн “аялал”-ын цуурай нэлээд газар авч. Энэ үед яруу найрагч Б.Чулуунцэцэг над руу залгаад загнаж байна, халамцуухан байсан би ч таатай хариу өгөөгүй бололтой. Зөрүүлээд Л.Ганзул намайг зэмлэлээ. “Чукаар чимээгүй загнуулж бай. Цаадхи чинь чимээгүй загнуулаад байхаар надаас үхтлээ айж байна, би мундаг юм байна гэж бодоод тайвширдаг хүн. Цагаан цайлган амьтан” гэнэ. В.Нэргүйг залгахаар “Наадхидаа газар байршлаа хэлж болохгүй. Хандааг дагуулаад ч ороод ирнэ. Ер нь хэнийг ч дагуулаад ирж мэднэ. Цагаан нь дэндсэн тэнэг хүн ш дээ” гэнэ. П.Нямлхагвыг залгахаар “Наадхиа хүрээд ир гэж хэл” гэнэ. Харин Ц.Эрдэнэбаатартай холбогдохоороо хажуу дэргэдийн нөхдөд тодорхой бус битүү хатуу үг хаялцаж байгаад ямар нэгэн “ажил” болгочихож байгааг харахад тэр хоёрыг холбодог өөр нэгэн сэжим байсан болов уу. Энэ мэтээр хэдэн нөхдөө дотор гадартай нь уншина. Хэнтэй хэрхэн харьцахаа андахгүй. За тэгээд хөгжмийн ертөнцийнхөн түүнийг андахгүй. Олон ч сайхан найз нар бий. Бид хоёр “Үнэн” сонины редакци дээр Дуурийн театр орох “аялал”-ын эхний маршрутаа гаргалаа. Ийнхүү хэн нэгнийг хошигнон алхаж явтал зам зуур гавьяат дуучин Ц.Түвшинтөгс мэнд мэдлээ. Тэрээр шуудхан л “За манай Ганзудаар юу байна. Ууганаа танай энэ найзыг чинь Ганзуд гэдэг юм шүү дээ. Нөхрийн явсан газар чимээгүй байна гэж үгүй ган эсвэл зуд болдог юм. За за найз нь гайхаад байна, авьяасаар зудалж, архиар ганддаг юм” гэж тодотгоод бид хоёрыг дагуулаад явж билээ. Түүнийг хөгшин залуугүй л ийн дотночилно. Нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн таарахаараа бүр нэг уулзалгүй удсан найз шигээ гүнээсээ инээд асган угтана. Б.Лхагвасүрэн ах тийм ч олон хүний өөдөөс инээгээд байдаг хүн биш. Дамбын Төрбат багш надтай үе үе өдөр цаг болзож уулзана. Тэгэхдээ “Өнөө муу өдийхөн Зулаагаа дагуулаад ирээрэй” л гэнэ. Өмнийн говийн их найрагч Эрэнжидийн Хархүү ах ирнэ, “Манай жаахан Зул яагаа вэ” л гэнэ. Эрдэмтэн багш, дуучин бүжигчин, хөгжимчин гээд гэгээн зүгийн бүх нөхөдтэй насны зөрүүгүй үерхдэг тийм л хүн байв, анд минь. 

Уудаг иддэг л гэдэг. Зулын хувьд бол зөвхөн архи дарс хөөсөн хүн байгаагүй. Ямар нэг учраар энэ тал дээр ихэд нэрд гарсан л хүн. Миний санахад хүрээлэл өргөн хүн байж дээ. Хэзээ ч архийг шунаж хэрэглэж байхыг хараагүй. Зарим нэг нь итгэхгүй байж болох ч чин үнэн юм. Гагцхүү энэ орчлон ертөнцийг дарсаар хүлхэж, балгасан жаахан “юм”-аа гаргах тун дургүй байсныг нь бол мэднэ. Балга дарсаар сэтгэлээ хөгжөөж, олон хүнтэй уулзаж учирч, тэднийг хөгжөөж, оторчин шиг, нүүдэлчин шиг явах дуртай л нэгэн байв. Түүнтэй “аялал”-д гарах бүрт говь, тал нутагт минь саахалтынхаа айлд хоночихоод гэрийнхээ бараа сүр дороос, бог малынхаа бэлчээрээс  өөр тийшээ мордоод явчихдаг ах нар байнга санаанд орно. Морь бие гундаасан, хүнд гэм хоргүй, айл хотлоороо урьж залсан нэг тийм ах нар байдаг даа. Ер нь арагшаа яарахгүй. Өөрийнх нь адуу мал сураггүй байхад зам зуур айлын алдуул дөхүүлээд ирнэ, гэрт нь ундны усгүй байхад айлд ус дөхүүлж явдаг нэг тийм хэнэггүй, зөнгөр ах нар олон байсан даа. Түүнийг харахаар тэдний нэг л санагдана. Тэсгэлгүй өөрт нь хэлнэ, нэг муу мушийна. Ийм л нэгэн бодьгал өдгөө бидний дунд үгүй. Чамд авьяас билэггүй нэгнийг шүлгээрээ зодож, алдар хүндийн өөдөөс “гашуун” үг шидэж явсан өдөр бол бий, нуухгүй. Харин хүний өөдөөс буруу зүгийн санаа чулуудаж явсныг мэдэхгүй юм. Авьяас билгийн индэр, алдар хүндийн тайзнаа яарч ирсэн шигээ яараад л буцсан даа, анд минь. Тэр хүн муучилж гоочлоод байх нь цөөн. Түүндээ тулбал “Манай тэр ч дээ” гээд дуугаа хураах нь илтэд дургүй байгаагийн шинж. Олон таван үг үл дуугарна. Харин бид хоёр “аялал”-д явах зуурт В.Нэргүйгээ инээдээ барьж ядан “муулна”. “Цаад муугийн чинь чих нь хангинаж байгаа даа” гээд “муулна”. Ганцхан “муулж” чаддаг хүн нь В.Нэргүй юм л даа. Өөр хэн нэгэн нэмэгдвэл өнөөхөө учир зүггүй магтана. В.Нэргүйтэйгээ таарахаар тэр загнах зэмлэхийн завсарт үзэх гэхээр нь хоёулаа элбэж эвсэж байгаад хөөрхөн дөнгөнө. Цаадхи нь ч тоохгүй, мартана. Зарим үед галзуу солиотой л хоёр хүн явна.

Сүүлийн жилүүдэд нэг газарт хамт ажиллаж, оройтвол хол гэртэй учраас манайд хононо. Гол төлөв ажлаас бус богинын “аялал”-аас болж оройтно. Өглөө ханилаад ажил руугаа явах зуурт “Танай эхнэр намайг зөнгөртөөд, гэртээ эрт харина шүү гэнэ. Чамайг мэддэггүй юм байх даа, хүн ч тэгээд ханилсан ханиа сайн сайхнаар бодно л доо” гэх мэтээр ард хоцрон, намайг малтаж маажина. Энэ нь шарталт их байгаагийн шинж.  Би ч түүнд үгний хариу өгөх манатай л явна. Тун болохгүй бол зам зуурт нааштай санал хэлбэл сүрхий тожигноод гүйцээд ирнэ. Гүйцээд ирэхээр нь бүтэлгүй зүйл мушгин ярихаар дуугаа хураана. Ахиад л ард үлдэнэ. Ижлээсээ хоцорсон хавар цагийн муу үрээ шиг л юм сүүтэгнэж үлдэх нь элбэг. Уг нь өнөөхөө дөнгөж явна гэж бодож байгаагаас бус өөрийгөө давхар дөнгөж яваагаа ч би мэднэ. В.Нэргүй бид гурвын ном зэрэг шахам гарч, хамтдаа номоо нээв. Үүний өмнө В.Нэргүй маань боож үхэх гэсэн л хүн явна. Бид хоёр шинэ номоо цүнхлээд “аялал”-д гарна. Түүнд олдох ч үгүй. Номын нээлтийн зар явчихсан, бэлдсэн зүйл үгүй. Андын зүтгэлээр л сайхан болж өнгөрсөн. Өргөхийг нь В.Нэргүй өргөж, аахилахыг нь бид хоёр аахилсан хэрэг. Албан ёсны үйл ажиллагаа болоход бид хоёр гавьяа байгуулсан мэт хоймор залран, хундага харшуулж сууна. Бид гурав олон зүйл дээр ил далд хамт ажилласан ч Зул бид хоёр гол төлөв эзгүй, В.Нэргүй л амжуулна. Уурлаж л байна, инээж л байна. Эцэст нь гурвуулаа тэврэлдээд сална. Баруун Алтайгаас зүүн хязгаар Дорнод, говь тал нутгаас уул усны элбэг хойд зүгт гээд олон газар хамтдаа аяны дөрөө харшуулсан. Илүү олон газар хамт явж, олон ч хүнтэй уулзах байсан ч тийм урт цаг хугацааг бидэнд бурхан олгоогүй бололтой. Хамгийн сүүлийн хол замд явсан нь Д.Равжаа хутагтын насны ойн баяр наадмаар Дорноговь руу явжээ. Яруу найрагч Д.Дамдинжав, Б.Энх-Уянга, сэтгүүлч Д.Үржинбадам бид очсон. Бид ч ёстой л нэг дэлгэрсэн сайхан зун цагийн агаар манан дунд л аяны дөрөө амраасан. Бид тав хамт ажиллаж байсан цаг. Би амьхандаа эрт сэрэхэд мань эр хажууд байхгүй. Гэтэл гадаа муу амбаарт цай чанаж байгаа ээжтэй минь л өвгөн хөгшин хоёр шиг дүнгэр дангар ярилцаж сууна. Ээж минь хот руу буцахад “Энэ Ганзул шөнө ёолоод унтаж чадахаа больсон хүн билээ шүү, архи дарсаа...” хэмээн надад аминчлан хэлж байсан, тоох биш дээ, бид. Энэ үед би Дорноговьд шөнөөр очоод аавынхаа гэрийг олдоггүй, аав давхин ирж биднийг авсан. Хотод эргэж ирээд Зул гэрээ олдоггүй нэг тийм хөгтэй юм болсон. Хөгтэй жигтэй явдал дурсана гэвэл дуусахгүй биз ээ. Хэнтий,  Дорнод, Архангай гээд яваад байвал дуусахгүй зүйл бий. 

Анд минь энэ жил дөнгөж 42 нас хүрэх байв. Тэр 40 насны босгон дээр гишгэх агшинд л энэ лагшинг хурааж одсон юм даг. Ид ухааны бяр жигдэрч, уран бүтээлдээ цоо шинэ цучил өргөх насандаа амьдралыг орхисон. Амьдралын учир таниагүй жаал үрсийнхээ ухаан сэтгэлийг  хэрсүү суулгах бүү хэл хэлд ч бүрэн оруулж чадалгүй буцсанд нь харамсахдаа самсаа шархируулдаг даа. Гэхдээ чи үрсдээ үл хувирах, хэн ч давтахгүй уран бүтээлийн их өв үлдээж, нэрний чинь араас зүүгдээд явахад нартыг туулах их гэрэл гэгээ үлдээж. Дурсаад явахад тосоод авах хүн сэтгэл үлдээжээ. Чи богинохон амьдарсан энэхэн орон зайд нэр төртэй амьдарсан. Түшиж тулах хань ижилтэй, уйлж дуулаад тосох үрстэй, дуудаж дуурсах уран бүтээлтэй, цуглаад хөгжих анд нөхөдтэй, сэвтэж гэмтээгүй нэр төртэй амьдарсаан. Үүнээс илүү яах ч билээ гэж сэтгэлээ цагаатгана. Амьдралын мөнхийн шалтгаанд гэгээн дурсагдах нэр чинь, уран бүтээл чинь, удам залгах үрс чинь үлдсэн.

Уг нь анд минь хорь гаруй жилийн өмнө “Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч аугаа ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ” гэж бичиж байсан сан. Гэтэл өнөөдөр тэр маань аугаа ихийн дээгүүр зүрхлэн нисчихлээ. Монголын уран зохиол, түүний доторхи яруу найргийн ай савд тодоос тод гэрэл гэгээ байсан, хойшид ч байх анд минь дагшин нутгийнхаа ариун хөрс шороонд амгалан нойрс доо.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.138) 2021 оны 02 сарын 13

Найзыгаа байхгүй болсон ч ийм сайхан дурсамж бичнэ гэдэг үнэхээр сайхан юм даа хүн уул нь ийм л байх ёстой

1  |  0
Нэр(202.126.90.60) 2021 оны 02 сарын 11

Сайхан найз минь

0  |  0
Доржханд(64.119.23.177) 2021 оны 02 сарын 11

Сэтгэл хөдөлгөм сайхан дурсамж. Та нар минь жинхэн найзууд байсан даа. Энэ цаг дор ханийнхаа дүр төрхийг тодоос тод харах шиг ...

0  |  0
Doogii66@yahoo.com(66.181.179.162) 2021 оны 02 сарын 11

Дурсахгүй байхын аргагүй сайхан хүн байсан шүү ...Шүлэг бүрт нь увьдас оршдог цөөн хэдэн найрагчийн нэг...

3  |  0
зочин(103.26.194.166) 2021 оны 02 сарын 10

Сайхан андаа дурсах нь юуны буруу гэж...

3  |  0
Монгол(202.179.27.198) 2021 оны 02 сарын 10

Үхсэн хүний ясыг өндөлзүүлэх хэрэггүй. Энэ улс орноо өөд татахын хичээ.

1  |  1
Od(103.26.194.166) 2021 оны 02 сарын 11

Saihan nuhurluj baijdee

4  |  0
Top