ДЭМБ: Уханьд халдвар анх илрэх үед коронавирусний 13 мутац байжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

2019 оны арванхоёрдугаар сард анх халдвар бүртгэгдэх үед Уханьд дор хаяж нэг мянга гаруй хүн коронавирусний 13 төрлийн омгоор халдварласан байсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зоонозын халдварт өвчин, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Питер Бен Эмбарек CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн багийн ахлагчийн хэлснээр, Хятадын эрдэмтэд ДЭМБ-ын шинжээчдэд 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд бүртгэгдсэн 174 тохиолдлын мэдээллийг өгсөн байна. Тухайн үед вирус өргөн тархсан байсан нь эрдэмтдийн хувьд нээлт болжээ. Эмбарекийн хэлснээр, халдварт өвчин анх бүртгэгдэх үед Уханьд дор хаяж нэг мянга гаруй хүн халдвар авсан байсан гэж таамаглах үндэслэл бий гэнэ. Энэ нь Хятад улсад эрдэмтдийн тооцоолсноос ч эрт үед халдвар тархаж эхэлснийг баталж байна.

ДЭМБ-ын олон улсын шинжээчид Хятадын талаас олгосон КОВИД-19 сорьцыг сайтар судалжээ. Тэд вирусний генийн дарааллыг судалсны үндсэн дээр 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар Ухань хотод коронавирусний 13 төрлийн мутац байсан аж. Тэдний зарим төрөл нь орон нутгийн захаас тархаж эхэлсэн бол үлдсэн хэсэг нь захтай ямар ч холбоогүй гэж Эмбарек онцолсон байна. Коронавирусний эхний мутацын талаарх мэдээллийг 2019 онд бүртгэгдсэн өвчтөнүүдийн шинжилгээний сорьцыг нарийн судалснаар халдвар тархаж эхэлсэн хугацаа, газар зүйг тодорхойлоход дөхөм болно гэж Эмбарек үзэж байна.

ДЭМБ-ын шинжээчид 2021 оны нэгдүгээр сарын 14-нд коронавирусний гарал үүслийн талаар судалгаа хийх зорилгоор Ухань хотод ирж, ажилласан билээ. Хоёр долоо хоногийн тусгаарлалтад байсны дараа тэд халдвар анх илэрсэн Уханийн “Хуанань” далайн гаралтай бүтээгдэхүүний зах, хотын хэд хэдэн эмнэлэг болон Уханийн Вирус судлалын хүрээлэнд ажилласан байна.

Энэ сарын 9-нд хийсэн үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр олон улсын багийн төлөөлөгчид томилолтын явцад томоохон дэвшилд хүрээгүй ч коронавирусний гарал үүслийн талаар ерөнхий таамаг дэвшүүлсэн гэж мэдэгджээ. Эрдэмтэд вирус зэрлэг амьтдаас завсрын холбогчоор дамжуулан халдварласан гэх таамгийг өндөр магадлалтай гэж онцолсон байна. Тэдний үзэж буйгаар, вирус эхэндээ нэгэн төрөл амьтан дунд тархаж, мутацад орсон ба төрөл хоорондын саадыг давж, хүмүүсийг халдварлуулах чадвартай болсон байж болзошгүй аж.
 

Top