10 их наядын хөтөлбөр цагаа олсон арга хэмжээ мөн үү

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 20

-Төв банк арилжааны банкуудын төв банкны үнэт цаасанд байршуулсан найман их наядыг эргэлтэд оруулах асуудал яригдаж байгаа аж-


 

Сүүлийн өдрүүдэд Монгол улсын Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр батлаад байгааг тойрч олон олон асуудал сөхөгдөж байна.  Юуны өмнө эдийн засгийн орчинд энэ хэмжээний санхүүжилтийн шаардлага байгаа эсэхийг харвал мэдээжийн хэрэгцээ, эрэлт өндөр хэмжээнд хүрээд байна. Манай орны хувьд цар тахлын эсрэг вакцинжуулалт эхлэхээр төлөвлөгдсөн ч хэдий хугацаанд цар тахлын тархалт хумигдах хэмжээнд вакцинжуулалт хийгдэж дуусах нь тодорхой бус байдалтай хэвээр байна.

Хүндрээд байгаа эдийн засгийг сэргээх, ажил олгогчид, тэр дундаа ЖДҮ эрхлэгчдэд хэвийн түвшинд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хямд өртөгтэй санхүүжилтийн эрэлт өндөр хэвээр байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд л гэхэд Монголбанкнаас Арилжааны банкуудад 230 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилтийг олгосноор  аж ахуй нэгжүүд хүүний хувьд бодлогын хүүн дээр 4.5 нэгж хувийг нэмэгдүүлснээс хэтрэхгүй, хугацааны хувьд хоёр жилээс дээш байхаар зээлийг авсан байна. Репо санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлж үйл ажиллагаа нь зогсонги байдалд байгаа аж ахуй нэгжүүдийг хэвийн түвшинд нь хүргэхээр гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийг тус төлөвлөгөөнд тусгасан нь нүдээ олсон шийдвэр. Ялангуяа манай улсын хувьд эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид чухал байр суурийг эзэлж, олон олон айл өрхийн орлогыг залгуулж байдаг анхаарах ёстой салбаруудын нэг. Тэр ч утгаараа урт хугацаатай, өртөг багатай санхүүжилтийг олгох нь ЖДҮ, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээж, ажлын байрыг хадгалаж, цалин хөлсөөр дамжин иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж буй эерэг алхам  болохоор байна.

Эргэн төлөлтөөсөө санхүүжигддэг банкны системийн чухал хөтөлбөрийн нэг зургаан  хувийн ипотекийн зээлийн хувьд ихэнх иргэд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулснаас болж шинээр зээлдэгчдэд олгох дахин санхүүжилтийн хэмжээ тасалдахад хүрээд байна. Энэ нь  арилжааны банкууд дээр тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн урт дарааллыг үүсгэснээр харагдана. Тэгвэл энэхүү хөтөлбөрийг ирэх гурван жилд үргэлжлүүлэн хэвийн санхүүжүүлэхийн зэрэгцээ шинээр орон сууцны дэд бүтцийг нэмэгдүүлэхэд анхаарч гурван их наядыг зарцуулахаар төсөвлөжээ. Энэ мэтчилэн эдийн засгийг буцаад богино хугацаанд сэргээхэд зориулсан төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилтийг шуурхай олгож эхлэхээр болжээ.

Энэ мэдээг дагаад иргэд олон нийтийн хувьд мөнгө хэвлэж, үнийн хөөрөгдөл үүсэх, валютын ханшийг өсгөх бодлого Төв банкнаас баримталж байгаа талаар нэлээдгүй мэдээлэл гараад байна.

Нэгдүгээрт, мөнгө хэвлэх асуудал үүсгэхгүй гэдгийг холбогдох байгууллагаас мэдэгдлээ. Учир нь  хөтөлбөрийн санхүүжилтүүд арилжааны банкуудын Төв банкинд, төв банкны үнэт цаас худалдаж авах хэлбэрээр байршуулсан найман  их наядын мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах асуудал яригдаж байгаа аж. Арилжааны банкууд эдийн засгийн эрсдэлтэй энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдээс зээл олгохоос болгоомжилж, Төв банкны үнэт цаасыг худалдан авах замаар зээлийн эх үүсвэрээ түгжих болжээ. Иймээс зах зээл дээрээс хадгаламж хэлбэрээр татагдаж, түгжигдсэн эх үүсвэр эргээд хүндэрсэн бизнесийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдэд зээл болж очих боломж нээгдэж байна.

Нөгөө талаар зах зээл дээр инфляц буюу мөнгөний нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн түвшний хэт хөөрөгдөл, валютын ханшийн савалгаа үүсэхээс иргэд эмээх байдал анзаарагдах болсон. Энэ тал дээр халамжийг мөнгө олгохгүй, зах зээл рүү шууд мөнгө нийлүүлэх бус харин үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих байдлаар, гурван жилийн хугацаанд шат дараалсан санхүүжилтүүдийг олгож байгааг юуны түрүүнд анхаарч авч үзэх нь зүйтэй. Инфляцын хувьд зах  зээл дээр иргэд олон нийтийн эрэлт, худалдан авах чадвар буурсантай холбоотой өнгөрсөн оны нэгдүгээр сараас нам  дор түвшинд хадгалагдаж ирсэн  бөгөөд оны эцэст гэхэд 2.3 хувьтай гарчээ. Нэгэнт хэт бага байгаа эдийн засгийн өсөлтийг тэтгэх зүйтэй ба энэ үед инфляцыг огцом хэлбэлзүүлэхгүйгээр мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж зорилтод зургаан хувийн түвшинд барих хангалттай орон зай байна. Харин валютын ханшийн хувьд түүнийг тойрсон нөхцөл байдал өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй таатай нөхцөлд байна. Тухайлбал, гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээндээ хүрч, гадаад зах зээл дээр экспортын түүхий эдийн ханш тогтвортой өндөр түвшинд хадгалагдахаар байгаа, ойрын хугацаанд төлөх гадаад өр төлбөрөө хойшлуулсан зэргээс харахад валютын ханшийн огцом савлагааг бий болгохгүйгээр, удирдах бүрэн боломжтой харагдаж байгаа юм.

Эцэст нь эдийн засагт богино хугацаанд сэргэлт авчрах шаардлагатай санхүүжилтийг цаг алдалгүй оновчтой сувгаар хүртээмжтэй хуваарилах нь нэн чухал байсан. Харин мөнгө хэвлэх замаар бус банкны системийн хуримтлагдсан эх үүсвэрийг төр зохистой менежмент хийж зах зээлд эрүүл байдлаар нийлүүлж, царцанги байдалтай эдийн засгийг хөдөлгөх гэсэн зоримог "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г цаг үеэ мэдэрч, хэрэгжүүлэх цаг нь яг одоо л ирээд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2021 оны 02 сарын 20

Hyalbar argaar amidarcn sursan hooson tolgoi naraas burdsen zasgiin gazar oligtoi tosol hotolbor bolowsruulahiin orond hualbar argaar oorsdiigoo togtoon barih arga sedej bnadaa

0  |  0
??????(66.181.180.251) 2021 оны 02 сарын 20

nuguu uildverjilt haana yaavaad haana bainaa,dandaa neg hujaanuudin mungu huuldeg yumnuudig sanhuujuuuleed baihin,ene ajilgui humuus chini yaaj ter bair baishin huns nogoog chini avahiim be??????????

0  |  0
Top