Н.Бадамжав: “Модон сахалт” романаараа Монголын утга зохиолд шинэ суурь тавина

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Бадамжав бол “Амуль”, “Дайсику”, “Цэнхэр цас” зэрэг өгүүллэг, тууж, бэсрэг романаараа уншигдад хэдийн танил болсон, өөрийн гэсэн өвөрмөц арга барил, ур чадвар­тай уран бүтээлч билээ. Түүний зохиолууд хоорондоо далд нэгэн сэж­мээр холбоотой байдаг. Ерөөс ертөнцийн далд зүй тогтол, учир шалтгааныг эрэн бэдрэгч хүмүүний эрэл хайгуул мөнхийн үргэлжилж байдгийг түүний зохиол бүтээ­лээс мэдэрч болно. Түүнийг 12 жил бичсэн “Модон сахалт” романаа дуусгаад буй торгон мөчид нь уулзаж ярилцлаа.


-“Модон сахалт” романаа дуусгасан энэ догдлом мөчид та сэтгэгдлээ хуваалцана уу. Энэхүү романаа бичих болсон шалтгаан гэдэг сонин болов уу?

-“Модон сахалт” романаа 12 жил бичлээ. Монголд хамгийн олон жил бичсэн роман байж магадгүй л юм. Маш их догдолж байна. “Дайсику”, “Амуль”-ийн дараа ингэж догдолж байгаагүй. Миний романы эрхийг “Анд паблишн” худалдаж авлаа. Энэ сардаа багтаад хэвлэлтээс гарах байх. Зохиол бичих сэдэл гэвэл, миний найз Эрхэмээ гэдэг эр нүүрэн дээрээ хэдэн мэнгэтэй юм аа. Мэнгэн дээрээ сөрвийсөн хэдэн үстэй. Нөгөө үсээ имрээд л, орчлонг бясалгаад сууж байгаа нь нэг дүр болж харагдсан. Дүрээ хэрхэн гаргах вэ гэж 2-3 жил бодож байгаад Арсун гэдэг дүрийг гаргаж ирсэн. Эхлээд өгүүллэг бичиж байсан л даа. Өгүүллэг маань тууж болоод, тууж нь роман болчихсон. Яван явсаар “Эрхэмээгийн” үүрэг бүдгэрээд бүх эрх миний гарт орж ирсэн л дээ.

-“Модон сахалт”-ын үйл явдал хаана, ямар он цагт өрнөж байгаа юм бэ?

-Тодорхойгүй цаг үед хоёр өөр ертөнцөд өрнөж байгаа үйл явдлыг харуулдаг. Энэ хоёр ертөнцөд Арсуныг Модон сахалт гэдэг өвгөн холбодог. Усыг лус, уулыг савдаг гэдэг шиг бүх юм эзэнтэй, харилцан шүтэлцээтэй байдаг. Хүмүүс энэхэн амьдралдаа нүгэл үйлдсээр байдаг шүү дээ. Тэр нүгэл чамд биш юм аа гэхэд үр хойчид чинь тусдаг. Эх дэлхийдээ, хүн хүндээ хайртай байх утга санааг өгүүлэхдээ гүн ухаантан шиг номчирхоогүй үйлийн үрийг сэтгэлгээний нарийн чанад мэдрэхгүйгээр харуулсан. Хүн гэдэг байгалийн үр сад гэж гүн бат итгэсэн ард түмэн минь хулгай хийх, худлаа ярихыг ч цээрлэдэг ямар ариун цагаан, хайр бялхсан зүрх сэтгэлтэй билээ дээ. Хайр байхад бүх зүйлийг давна шүү дээ. Итгэл найдвар байж амьдрал байдаг. Арсун бол идэр насны л эр хүн. Модон сахалт нь Арсуны учрал, хагацал, зовлон жаргалыг бүгдийг урьдаас харж  залж байдаг.

 

Монголын утга зохиолд хэний ч гаргаагүй санааг, хэний ч сэтгээгүйгээр илэрхийлсэн гэж бодож байна. Энэ романыг драма-тур гэж хэлж болно. Манай ард түмэн домог зүйгээр хамгийн баялаг. Гэсэр, Жангараас эхлээд тоолж барамгүй их нэн баялаг санаанууд байж л байдаг. Тийм байхад бид бие биенээсээ хуулах ичгэвтэр. Хамгийн гол нь цаашид бичигдэх олон олон романы шинэ суурийг би тавьж өгч байна

 

-Таны зохиолд байгаль-хүний, нийгэм-хүний зөрчил байх шиг байна. Энэхүү рома­наараа утга зохиолд ямар салхи сэвэлзүүлэхийг хүссэн бэ?

-Монголын утга зохиолд хэний ч гаргаагүй санааг, хэний ч сэтгээгүйгээр илэрхийлсэн гэж бодож байна. Энэ романыг драма-тур гэж хэлж болно. Манай ард түмэн домог зүйгээр хамгийн баялаг. Гэсэр, Жангараас эхлээд тоолж барамгүй их нэн баялаг санаанууд байж л байдаг. Тийм байхад бид бие биенээсээ хуулах ичгэвтэр. Хамгийн гол нь цаашид бичигдэх олон олон романы шинэ суурийг би тавьж өгч байна. Авьяас бол ганцхан хувь байдаг бол 99 хувь нь хөдөлмөр шүү дээ. Аливаа бүтээлд сэтгэлгээ маш чухал.

-Аливаа бүтээл гэдэг төрөх цагтай. Уран бүтээлийн төлөө золиос ч хэрэгтэй гэдэг, тийм ээ?

-Тийм шүү. Уран бүтээл дээрээ сууж байх он жилүүдэд миний хань Ч.Дагмидмаа хажууд минь түшиж тулж байсан. Хань минь яруу найрагч, уран бүтээлч хүн учраас намайг маш сайн ойлгож дэмждэг. Миний багш Дарамын Батбаяр “Миний хүү, бүтээлээ энэ миний эцсийн бүтээл гэж бодон үхэхийнхээ өмнө хийж байгаа юм шиг хандаж байгаарай” гэж захидаг байсан. Тиймээс бүхий л бүтээлдээ маргааш үхэх юм шиг л чин сэтгэлээсээ ханддаг даа. Ахуй амьдралын аар шаар асуудлаас ангижирч бүхэл бүтэн амьдралаа золиосолж байж сайн бүтээл төрдөг. Д.Батбаяр багш маань намайг хүн болгосон. Нэгэн дурсамж сөхөхөд намайг анх хотод ирэхэд Гүржавын Нямдорж ах тосон авч, оюутан байхдаа гэрт нь амьдарч байлаа шүү дээ би. Бид хоёр нэг сумын нэг голын хүмүүс. Яг л аав шиг минь “Чи ер нь орос хэл сурахгүй байна уу, муу золиг” гээд л толгойг минь тоншдог байсан сан /уйлав/. Сайхан хүмүүсийн буяныг сайн л бүтээлээрээ хариулах хэрэгтэй.

-“Дайсику” роман нь 2001 онд Адмон хэвлэлийн газраас зарласан “Эрэлхийллийн уран зохиол”-ын уралдаанд шилдэг бүтээлийн нэгээр шалгарсан байх аа?

-Тэгсэн. “Дайсику” романаа цэл залуухан 24-хэн насандаа бичсэн. Зүгээр л ус шиг урсаад ирчихсэн. Утга зохиолын ноён оргил болсон Л.Түдэв гуай 23 насандаа анхны романаа бичсэн байдаг. “Дайсику” гэхээр хүмүүс япон үг гэж ойлгоод байдаг. “Далайн их уст хөндий” гэсэн үг л дээ. “Дайсику”-г анх нэг л биччихмээр санагдаад болдоггүй ээ. Гэтэл Д.Батбаяр багш хориглоод  “чи болоогүй” гээд байдаг. Тэгэхээр нь би нууцаар бичсэн. Тэр уралдаанд ороод багшийн бүтээл түрүүлээд минийх тавд орчихсон. Багш маань тэр үед юу ч хэлээгүй. Дайсикуд “Далайн их уст хөндий” тайгын нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Байгальтай амь нэгтэй амьдарч байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав гэдгийг мэдрүүлэхийг бодсон. Бас л ямар нэгэн он тоолол, цаг хугацаанд баригдаагүй.  Иргэншихийн хэрээр зэрлэгших тэр урвуу зүй тогтолыг харуулахыг зорьсон.

-Таны бүтээлд хөх тайгын гүн дэх нууц, тайлагдашгүй зөн совин, үлгэр домог шиг амьдрал гардаг. Тэр сайхан бага насаа дурсаач?

-Би Хөвсгөлийн хамгийн хойд талын сум болох Цагааннуураар овоглож явдаг. Далай ээж, Дархадын хотгор, Баруун зүүн тайга, Хорьдол сарьдагийн уулс дунд амьдардаг дархад, хотгойд, ойрдуудын тайгын амьдрал бол миний амин сүнс, мөнхийн сэдэв. Хөвсгөл нуурын онгод сахиус болох “мөнх настай” эмгэний тухай домог ярианд автаж, далайн эргээр мөнх настай эмгэнтэй уулзах сан гэж өдөржин хайж явдаг байсан. Тэр мөрөөдөл минь “Цэнхэр цас” бэсрэг романд мөнх настай Амульсу ээжийн дүрээр амилсан юм. Тайгын хүмүүс амьдрах арга, аж төрөл, ёс заншил, ертөнцийг үзэх үзэл гээд ер нь бүх талаараа хахь ондоо. Зохиол бүтээл бичиж байхдаа нутгаа их зүүдэлдэг. Ингээд бодохоор би зүүдээрээ далай ижийтэйгээ холбогддог юм шиг.

-Та нэг ярилцлагадаа “Би хүйтний хүн. Хүйтний эрч чангарахаар миний бүтээл туур­вих эрч хүч” ордог гэж хэлсэн байдаг. Энэ өвлийн хүйтнийг хэрхэн өнгөрөөв дөө?

-“Модон сахалт” роман дээрээ л  сууж дүүргэлээ. Зуны халуунд тогтож сууж чаддаггүй юм аа. Хүйтний эрч чангарах тусам дур­самжууд маань сэргээд л санаа сэдэл, сэрэл мэдрэмж  минь овол­зоод байлгаж суулгадаггүй шүү.

-Та сонин, радиод сэтгүүл­чээр ажиллаж  байсан хүн. Сэт­гүүлчийн дуусдаггүй их ажлын хажуугаар хэрхэн уран бүтээл туурвих цаг завыг гаргаж байв?

-Би 1997 онд сургуулиа төгсөөд өдөр тутмын “Улаанбаатар”, “Монголын мэдээ” сониноос ажлын гараагаа эхэлж байсан. Дараа нь радиод ажилласан. Сонины ажил ч чанга шүү. Бүтээл туурвина гэдэг энэ ертөнцөөс ангид зүйл учраас өөрийгөө сойж байгаад суудаг. Монголын утга зохиолыг тэр сайн, энэ муу гэж би хэлэх дургүй. Би зөвхөн өөрийнхөө ертөнцийг л босгож бүтээж явна даа. Нэр алдар, гавьяа шагнал огтоос бодож бичдэггүй. Илүү ихийг мэдэх тусам илүү ихээр шаналдаг. Эцэстээ энэ бүхэн надаас шалтгаантай юм байна гэж ойлгоод ирэхээр хүн өөрөө өөртөө бурхан гэдгээ мэдэрдэг. Хүний хүч өөрийнх нь дотор л байдаг учир би юунд ч найддаггүй. Хийх цаг тохироо аяндаа бүрэлдээд л суудаг болохоор харсан тэнгэр, өгөгдсөн хүч, өөрөө өөртөө л найддаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэгээ(202.55.188.82) 2021 оны 03 сарын 15

Амжилт хүсье

0  |  0
Top