Өчигдрийн шуурганд 540 хүн сураггүй болж, зургаан хүн амь эрсэджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Өнгөрөгч амралтын өдөр орон даяар болж өнгөрсөн цасан болон шороон шуурганд зургаан хүн амь эрсдэж, 540 иргэн сураггүй болжээ.

Энэ талаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Өчигдөр нийт нутгаар үзэгдсэн байгалийн гамшгийн үеэр онцгой байдлын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Цасан болон шороон шуурганы үеэр төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Яг одоогийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурсан, 20 байшингийн дээвэр хуурсан, 1200 мал шуурганд уруудсан гэсэн мэдээлэлтэй байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-аас баруун бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг С-458 цахилгаан эрчим хүч нийлүүлдэг агаарын шугамын тулгуур багана унасан. Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад цахилгаан тасарсан. Тиймээс түр холболт хийж, цахилгаанаар ханган ажиллаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг инженер, техникийн ажилтнууд хийж байна. Зүүн бүсийн аймгуудад цахилгаан дамжуулах 207 дугаар тулгуур баганад мөн гэмтэл гарсан. Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад түр зуур цахилгаан тасалдсан. Өнөөдрийн байдлаар гэмтлийг засаж дууссан тул хэвийн ажиллаж байна” гэлээ.

Цасан болон шороон шуурганы улмаас есөн аймагт 540 иргэн сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулжээ.

Эдгээр аймгуудаас хамгийн олон иргэн сураггүй болсон нь Дундговь аймаг бөгөөд тус аймагт нийт 455 иргэн сураггүй болсноос 387 иргэнийг эсэн мэнд олсон байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн харьяат 68 иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Дээрх аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Өгийн нуур суманд таван настай хүүхэд эндсэн бол Дундговь аймагт таван хүн нас баржээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unsh(66.181.182.245) 2021 оны 03 сарын 15

Ус ма ни бад МЭ хум

0  |  0
Зочин(203.91.118.150) 2021 оны 03 сарын 15

Монгол хүн байна даа. Ямар муухай амны билэггүй хүн бэ.

0  |  0
Засаг (202.179.27.171) 2021 оны 03 сарын 15

Болж дээ тэнэг малнууд цөөрч л байвал учруулах гай багасна.

0  |  0
Top