Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Станбулын конвенцоос гарах тухай Туркийн шийдвэр нь энэ баримт бичигт бэлгийн уламжлалт бус чиг хандлагыг энгийн хэмээн авч үзэж буйтай холбоотой гэж Туркийн Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах газраас тайлбарлажээ. Турк улс нь өнгөрсөн бямба (2021.03.20) Станбулын конвенцоос гарах болсон тухай зарласан нь АНУ, Европын холбооны зүгээс шүүмжлэл дагуулж, Турк улсад олон мянган эмэгтэйчүүд гудамжинд гарч жагсахад хүргээд байна.
Мэдэгдэлд “Турк улс нь конвенцод гарын үсэг зурсан анхны орон болж, эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг хамгаалах, эдний эсрэг үйлдэж буй бүх төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан билээ. Тус конвенц эхэндээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилго агуулж байсан ч хожим нь бэлгийн уламжлалт бус чиг хандлагыг хэвийн зүйл болгохыг хүссэн бүлэг хүмүүсийн хэрэгсэл болсон нь Туркийн нийгмийн болон гэр бүлийн үнэт зүйлсэд харшилж байна. Тиймээс Турк улс энэ конвенцоос гарч байна” гэжээ.
Турк улс бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хэвээр байх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх явдал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэж мэдэгдэлд дурджээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай Европын зөвлөлийн Станбулын конвенцыг 2011 оны тавдугаар сарын 11-нд Европын зөвлөлийн бүх гишүүн орон баталжээ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн Европын анхны хэлэлцээрт 33 улс орон нэгдэж орсон байна. Тус баримт бичигт “жендерийн” тухай ойлголтыг бүрхэгдүүлсэн нь маргаан дагуулдаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Zuv l shiidver bna Ijil huistnuud hun turulhtuniig avarahuu