Шинэ зууны босгон дээр эгч минь Францаас ирээд ув улаан цэцгийн зурагтай цав, цагаан хайрцаг сарвайхдаа “Дөнгөж гарсан шинэхэн сүрчиг. Түрхээд үзээрэй. Гайхалтай гоё” гэж хэлсэн. Тэгэхэд түүнээс эмэгтэй хүнд л байдаг дэгжин, гоо зан, зөвхөн эгч нараас л ундардаг өмчирхүү хайр үнэртэж байсансан.
Kenzo Flower. Үнэртний мастер Оливьер Креспийн бүтээл. Нэг тийм үгээр хэлшгүй зөөлхөн, салж чадамгүй ялдамхан бүсгүй шиг... үнэр. Үнэртэхийн төдийд таныг ховсдох лийр ба ягаан грейпфрут жимс, улаахан уруулаар чихэнд чинь шивнэж, турьхан гараар хүзүүгээр чинь тэвэрч, холдохын эрхгүй дэргэдээ уях фрезия ба сарнай. Хэдэн бүсгүйн харцанд оч үсэргэж, хэчнээн хосын хайрын дурсамжийг чимэглэснийг би мэдэхгүй.
Гудамжинд зөрсөн бүсгүйгээс хачин танил үнэр сэнхийхийн төдийд гуниг үгүй явсан хориодхон насандаа эргэн очив. Хаа нэгтээ хөвөрч, зурагдаж одсон тэр он цаг... агаарт түгэх анхилам үнэртэй цуг хадгалагдаад үлдчихсэн ч юм шиг. “Зүс худалч юм, үнэр үнэнч юм” гэсэн хамаа замбараагүй зөрүүд бодол төрөөд л... Хавар болжээ.
Хорь гаруй жил өнгөрсөн ч Kenzo Flower хэвээрээ. Хачин дотно энхрий үнэр янзаараа. Анхилам найз минь. Алдуурч одсон залуу нас минь. Санахад зүрх чимчигнэх тэр минь.
Сэтгэгдэл ( 0 )