Япон цөмийн бодлогоо эргэн харна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Японы засгийн газрын дэргэд байгуулагдсан шинжээчдийн зөвлөл аюулгүй байдлыг хангах суурь хууль тогтоомжоо эргэн харж, тэр дундаа цөмийн зэвсэг эзэмших, үйлдвэрлэх, импортлохыг хориглосон заалтдаа нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ирэх намар гэхэд танилцуулахаар болжээ. Засгийн газар энэ оны сүүлээр албан ёсоор шийдвэр гаргана гэж Киодо мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тус зөвлөлийн анхны хуралдаан дээр Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Зэвсэгт хүчнийхээ урт хугацаанд цэргийн ажиллагаа явуулах нөөц чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр далайн тээврийн замын хяналт, цахим аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлд шинэ бодлого боловсруулах шаардлагатай байна гэж мэдэгджээ.

Тус зөвлөлийн зарим шинжээчид Япон, АНУ-ын цэргийн эвслийн цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлэхийг чухалчилсан байна. Мөн хуралдааны үеэр тус улсын Тэнгисийн хүчнийг цөмийн шумбагч онгоцоор хангах асуудлыг судлах саналыг дэвшүүлжээ.

Шинжээчдийн зөвлөл нь батлан хамгаалах салбарын зардлын дээд хэмжээг батлахад зөвлөмж өгөх бүрэн эрхтэй аж. Үүнээс өмнө Ерөнхий сайд Санаэ Такаичи батлан хамгаалах салбарын зардал нь ДНБ-ий хоёр хувьд хүрснийг мэдэгдэж байсан юм.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top