БНХАУ-ын Ухань хотод нэг жил гаруйн өмнө коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн 70 гаруй хувьд нь эсрэг биет хадгалагдсан үлдсэн болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь эсрэг биет хэдхэн сарын дараа үгүй болдог гэсэн таамгийг үгүйсгэх үндэслэл болж байна. Судалгааны дүнг bioRxiv шинжлэх ухааны цахим номын санд нийтэлжээ.
Судлаачдын онцолсноор халдвар авч, эдгэрсэн ихэнх хүмүүст урт хугацаанд дархлаа бий болж, дахин халдварлахаас хамгаалагдсан болохыг судалгаа харуулж байна.
Хүний бие организм коронөавирусний эсрэг урт хугацааны дархлаа бий болгох чадвартай эсэх судалгаа цар тахал дэгдсэн цагаас эхлэн хийгдэж байгаа билээ. Зарим судалгаа SARS-CoV-2 удаан хугацаанд эсрэг биет үүсгэдэг эс бүрэлдэх явцыг дарангуйлдаг болохыг харуулсан бол бусад судалгаагаар эсрэг биет үгүй болохгүйгээр барахгүй зарим тохиолдолд эсрэг биет үүсгэдэг эсийн тоо нэмэгддэг болох нь тогтоогджээ.
Шанхайн анагаах ухааны их сургуулийн профессор Шиньшин Жан тэргүүтэй эрдэмтдийн баг эсрэг биет хэр удаан тогтдог болохыг тогтоохоор Уханьд өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард халдвар аваад эдгэрсэн 800 хүнд судалгаа хийжээ. Ингэхдээ эрдэмтэд оролцогчдын цусны дээжийг ойр ойрхон авч, эсрэг биетийн хэмжээг тодорхойлж байжээ. Эхэн үед эрчимтэй цөөрч байсан эсрэг биетийн хэмжээ есөн сарын дараа тогтворжиж, цаашид нэг хэмжээнд хадгалагдсан байна. Үүний ачаар өвчтөнүүдийн 70 хувьд коронавирусийг эсэргүүцэхэд хангалттай хэмжээний эсрэг биет хадгалагдан үлджээ. Ингэхдээ донорууд нэг жилийн өмнө халдвар авч, эдгэрсэн ч тэдний цусыг КОВИД-19-ийг эмчлэхэд ерөндөг болгон ашиглах боломжтой аж.
Сонирхолтой нь эрэгтэйчүүд болон өндөр настай хүмүүст эсрэг биетийн хэмжээ бусад бүлгийн хүмүүсийнхээс илүү өндөр байсан гэнэ. Эрдэмтэд үүнийг тэд илүү хүндээр өвчилдөгтэй холбон тайлбарлаж байна. Доноруудын цусны ийлдсийг эмчилгээнд хэрэглэхдээ энэ хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна.
Судалгааны дүн вакцин урт хугацааны дархлаа үүсгэж, халдварын тархалтыг хумих боломжтойг харуулж байна гэж эрдэмтдийн баг дүгнэжээ. Эрдэмтэд цаашид хоёр болон түүнээс олон жилийн туршид өвчтөнүүдийн цусан дахь эсрэг биетийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж буйг үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байна.