Италийн молекул биологичид шимэгчийн эсрэг өргөн хэрэглэгддэг “Никлозамид” эм коронавирусний өсөлт, үржлийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Эл эм коронавирус уушгины эсийн бүрхүүлийг уусгаж, өөр хороонд нь наалдахаас сэргийлдэг байна. Судалгааны дүнг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.
Италийн Триестегийн их сургуулийн профессор Мауро Жакки тэргүүтэй эрдэмтдийн баг юуны учир коронавирусний халдварын улмаас хүний уушгинд синцити гэх олон цөмт аварга эс их хэмжээгээр бий болдгийг судлах зорилготой байжээ. Синцити эс нь олон тооны эс өөр хоорондоо нэгдсэний улмаас үүсдэг байна. Ингэхдээ эсүүдийн бүрхүүл хэсэгчлэн уусдаг аж. Ийм эс гол төлөв SARS-CoV-2, ХДХВ, гахайн хавдар тээгчдийн биед үүсдэг байна. Синцити эс бий болсноор өвчний явц хурдасдаг тул энэ эс өвчин ноцтой хүндрэхийн дохио болдог гэнэ.
Судалгааны явцад эрдэмтэд 2020 оны хавар коронавирусний халдварын улмаас нас барсан 40 өвчтөний уушгины эсийг шинжилсэн байна. Үүний дүнд уушгины эсүүд нь өөр хоорондоо нэгдэж синцити эсийг бий болгосон байжээ. Дараа дараагийн судалгаагаар эрдэмтэд уушгины эрүүл болон халдвартай эсүүдийг хоорондоо нэгдэхээс сэргийлэх боломжтой 83 эмийг туршсан байна. Эдгээрээс Никлозамид эм хамгийн өндөр үр дүн үзүүлжээ. ХХ зууны дунд үед хавтгай өтний эсрэг гаргаж авсан Никлозамид эмийг хөгжиж буй орнуудад түгээмэл хэрэглэдэг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг маш чухал эмийн жагсаалтад оруулсан байдаг байна.
Үүнээс өмнө Япон, ОХУ-ын эрдэмтэд Никлозамид эм нь коронавирусний халдвартай тэмцэхэд үр дүнтэй эм болохыг дүгнэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )