Дэлхийд 17 цаг тутамд нэг тэрбумтан төржээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

БНХАУ-ын нийслэл Бээжин хот хамгийн олон тэрбумтантай дэлхийн хотоор шалгарчээ.

Блүмберг агентлагийн мэдээллээр, Бээжин хотод өнгөрсөн онд 33 тэрбумтан амьдарч байсан бол өдгөө тэдний эгнээ 100 болж өргөжжээ. Жагсаалтыг сүүлийн долоон жил тэргүүлсэн Нью Йорк хот 99 тэрбумтантай.

Хятад улс коронавирусний цар тахалтай амжилттай тэмцэж, технологийн компани, үнэт цаасны зах зээлийн эрчимтэй өссөн нь Хятадын нийслэлийг жагсаалтын тэргүүнд аваачжээ.

Хэдийгээр Бээжин Нью Йорк хотоос олон тэрбумтантай болсон ч тэдний нийт хөрөнгийн хэмжээгээр /80 тэрбум ам.доллар/ Нью Йорк хот тэргүүлж байна. Бээжингийн хамгийн чинээлэг эрхэм болох “TikTok” нийгмийн сүлжээг үндэслэгч, “ByteDance” толгой компанийн гүйцэтгэх захирал Жан Иминий хөрөнгө 35.6 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Харин Нью Йорк хотын хамгийн баян эрхэм Майкл Блүмберг 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.

Цар тахлын үед хэрэглэгчид цахим худалдаа хийж, төрөл бүрийн үзмэр, үйлчилгээний цахим хэлбэр хөгжсөн нь технологийн компаниудад өсөхөд нь нөлөөлж, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид, үндэслэн байгуулагчдын хөрөнгийн арвижуулсан байна. Өнгөрсөн онд Хятад улсад нийт 210 тэрбумтан шинээр төрсөн байна. Шинэ тэрбумтнуудын тал хувь нь үйлдвэрлэл, технологийн салбараас ашиг орлого олжээ. Жагсаалтад мөн эмэгтэй тэрбумтан нэмэгдсэн байна. Кэйт Ванг цахилгаан тамхины ачаар хөрөнгөө арвижуулжээ.

Өдгөө нийт 698 тэрбумтантай болоод буй Хятад улс АНУ-ын амжилтад ойртож байна. Нэгдсэн Улс нийт 724 тэрбумтантайгаар жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

“Forbes” сэтгүүлийн мэдээллээр, дэлхийн дахинд 2020 онд нийт 493 тэрбумтан шинээр төржээ. Өөрөөр хэлбэл 17 цаг тутамд нэг тэрбумтан шинээр төрсөн байна. Энэтхэгт улс тэрбумтнуудын тоогоор дэлхийд гуравт жагсаж байна. Тус улсын нийт 140 иргэн тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө эзэмшиж байна. Ази, Номхон далайн 1149 тэрбумтан нийт 4.7 их наяд ам.долларын хөрөнгөтэй бол АНУ-ын тэрбумтнууд нийлээд 4.4 их наяд ам.долларын хөрөнгө эзэмшиж байна.

“Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн чинээлэг хүнээр дөрөв дэх жилээ дараалан тодорчээ. Түүний хөрөнгө өнгөрсөн онд 64 тэрбумаас 177 тэрбум ам.доллар болж арвижсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top