Өндөр орлоготой хүмүүсийн ёс суртахууны ухамсар олон жилийн турш эрдэмтдийн санааг чилээж байна. Нэгэн шуугиан тарьсан судалгаа хүн баян байх тусам хүүхдийн чихрийг булаах эсвэл гэрлэн дохион дээр явган хүнийг гаргахгүй байх магадлал өндөр гэж дүгнэж байв. Мөн ижил дүгнэлтийг энгийн хүмүүс ч хийх нь бий. Харин шинжээчид энэ үзэгдлийг өөрөөр тайлбарладаг. Энэ талаар болон ёс суртахуун, эд хөрөнгийн харилцан хамаарлын талаарх бусад судалгааны талаар “Forbes” сэтгүүлд сонирхолтой материал нийтэлжээ.
Соёл, урлаг олон зууны турш эд хөрөнгө хүнийг шунахай, тааламжгүй нэгэн болгож харуулдаг. Хүүхдийн үлгэрт эд хөрөнгөтэй нэгнийг муу муухайгаар харуулж, шашинд хүртэл ядуу байдлыг дээгүүрт тавьдаг.
Хүн төрөлхтөн яагаад баян, чинээлэг хүмүүс нэг л биш гэдгийг батлахыг ийм шаргуу хичээнэ вэ? Баян хүмүүст үнэхээр асуудал байна уу?
Энэ асуудлыг ямар нэгэн байдлаар хөндсөн олон тооны судалгааны үр дүн эсрэг тэсрэг байдаг байна. Тухайлбал, Мичиганы их сургуулийн Пол Пифф тэргүүтэй эрдэмтдийн 2012 онд явуулсан судалгаагаар дээгүүр түвшний хүмүүс илүү ёс зүйгүй үйлдэл гаргаж, хууль зөрчих магадлал өндөр гэсэн дүгнэлт хийж байжээ. 2023 онд социологичид Пол Пиффийн судалгааны үр дүнг дахин нэг магадлахаар шийджээ. Энэ удаад тэд нийгмийн байр суурь, ёс зүйгүй үйлдэл хоёр хоорондоо холбоотой болохыг баталсан ямар ч нотолгоо олж чадаагүй гэж судалгааны багийн ахлагч Амстердамын их сургуулийн социологич Пол Смитс онцолсон байна.
“Баян тэнэг”-ийн хам шинж
Пол Пиффийн явуулсан нэгэн туршилтаар оролцогчдыг чихэртэй сав бүхий өрөөнд оруулж, хүүхдэд зориулсан тул авахгүй байхыг хүссэн байна. Үр дүн нь өөрсдийгөө чинээлэг гэж боддог хүмүүс хүүхдийн чихрээс хумслах нь их байжээ. Тиймээс эрдэмтэд эд хөрөнгө нь арвижихын хэрээр хүмүүс бусдын зовлонг ойлгох чадвар нь алдагддаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэтэл энэхүү дүгнэлтийг Лайпцигийн болон Стэнфордын их сургуулиас явуулсан судалгаануудын аль ч батлаагүй. Гэхдээ судлаачид 2012 онд нөхцөл байдал одоогоос өөр байсан гэдэг. Жишээ нь ковидын цар тахал биднийг бусдын зовлонг илүү ойлгодог, илүү нигүүлсэнгүй болгосныг баталсан судалгаа бий.
Харин бүх зүйл санасан шиг хялбар биш. 2016 онд явуулсан судалгаагаар дээгүүр түвшний хүмүүс ойр тойрны хүмүүст бус өөртөө илүү анхаарал хандуулдаг болохыг харуулсан бол 2010 оны туршилтаас үзвэл доогуур түвшний хүмүүс бусдыг илүү ойлгож, бусдын сэтгэл санааг илүү бодолцдог байна. АНУ-д 2019 онд хийсэн туршилт Пиффийн судалгааны үр дүнг баталжээ. Үнэтэй автомашин унасан хүмүүс явган зорчигчдод зам тавих нь ховор байв. Норвегийн эрдэмтдийн явуулсан судалгаа сонирхолтой үр дүн өгчээ.
Эрдэмтэд 67 орны 46 мянган хүний мэдээллийг судалсны дүнд бага орлоготой гэр бүлд өссөн хүмүүс буяны үйл ажиллагаанд хандив өргөх, бусдын төлөө сайн үйл хийх магадлал өндөр болохыг тогтоосон байна.
Яагаад баян, чинээлэг хүмүүс илүү шунахай байдаг вэ гэсэн асуулт PayPal үйлчилгээний Venmo апп хэрэглэгчдийн сонирхлыг татжээ. Үүнийг найз нөхөдтэйгөө ресторанд хоол идэх эсвэл аялалд хамт явахдаа тооцоогоо хувааж төлөхөд ашигладаг байна. Хэрэглэгчид аяга кофе зэрэг бага хэмжээний мөнгөний нэхэмжлэлийг голдуу баян найзуудаасаа авдаг болохыг анзаарчээ.
Магадгүй баячууд мөнгөний талаарх ойлголтгүй болж, ажилчин ангийнхан мөнгөө хэмнэж, амьдардаг гэдгийг ойлгодоггүй байх гэж Х сүлжээний нэгэн хэрэглэгч тайлбарлажээ.
Зөвлөх үйлчилгээний “Sudden Money Institute” компанийг үүсгэн байгуулагч Сюзан Брэдлигийн үзэж буйгаар, баячуудын ийм үйлдэл нь тусгаарлагдсан мэдрэмжтэй холбоотой байх талтай. Хөрөнгө чинээтэй хүмүүс бусад хүмүүс зөвхөн мөнгөний төлөө өөрсөдтэй нь харьцдаг гэж хардан, өөрийн үнэ цэндээ эргэлзэж эхэлдэг нь ийм хэлбэрээр илэрдэг байж болзошгүй гэж Брэдли үзэж байна.
Сэтгэл судлалын доктор Кристофер Райан “баян тэнэгийн хам шинж” гэсэн онолыг дэвшүүлжээ. “Олон тооны асрагч, дарвуулт завь эсвэл тансаг хэрэглээний үр дүнд бус харин азтай юм шиг хэр нь сэтгэл хангалуун бус мэдрэмж авснаар “тэнэг” болдог бол яах уу?” Муу бүхний үндэс нь эд хөрөнгийн үр дагавар болох тусгаарлалт гэдэгтэй Райан ч бас санал нэг байна. “Бид мөнгөтэй болбол яах вэ? Ихэнх нь автобусаар явахгүйн тулд машин авна. Дуу чимээ ихтэй орон сууцнаас нүүж, хашаагаар хүрээлсэн хаус худалдан авдаг. Өмнө шигээ шуугиантай, инээдээр дүүрэн гэстхаус биш үнэтэй, чимээгүй зочид буудлыг сонгоно.
Бид мөнгөөрөө өөрсдийгөө эрсдэл, чимээ шуугиан, тухгүй байдлаас хамгаалдаг. Үүний төлөөс нь тусгаарлалт. Тав тухын төлөө бид өөрсдийгөө гэнэтийн учрал, шинэ дуу хөгжим, бусдын инээд хөөрөөс тусгаарлаж байдаг.
Бусдыг ойлгох зовлон
Ингэхдээ чинээлэг нөхдийн шунахайн тухай ойлголт нь өөрсдийнх нь хувьд огт асуудал биш байх талтай. Зүгээр л хэт их хүлээлтийн үр дагавар. Райаны ярьснаар, баячууд янз бүрийн хүсэлт байнга сонсож байдаг. “Үгүй” гэх бүрд хувиа хичээсэн эсвэл харамч, шунахай гэсэн үг дагалдана.
Мөнгө хүнийг илүү шуналтай эсвэл илүү өгөөмөр болгодоггүй. Харин хүний мөнгөнд хандах хандлага тухайн хүний зан чанарыг зүлгэсэн мэт тодруулдаг. Мөнгө бол лакмус цаас юм. Бидний хүмүүжил, үнэт зүйлс зэрэг мэдээллийг зэрэг тодруулж байдаг.
Баян чинээлэг хүмүүс өөрсдийнхөө болон амжилтуудынхаа талаар бодохдоо үнэхээр аз жаргалтай байдаг бол бага орлоготой хүмүүс бусдын тухай, энэрэл нигүүсэл, хайрын тухай бодохдоо сэтгэл хангалуун болдгийг Калифорнийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаа харуулжээ. Хангалуун хүмүүс бусдын зовлонд сохор байдаг нь цэвдэг зан чанарын илрэл бус харин баян, ядуугийн орлогын асар их ялгаанаас үүдэлтэй таагүй байдалд дасан зохицох сэтгэл зүйн хариу үйлдэл гэж Райан үзэж байна.
Даарч хөрсөн, өлсөж зовсон хүмүүсийг байнга харснаас үүдэлтэй стрессийг даван туулах арга зам нь сэтгэл зүйгээ хуяглах явдал юм гэж тэрбээр тодруулжээ. Калифорни, Бритиш Коламбиа их сургуулиудын сэтгэл судлаачдын хамтран явуулсан судалгаагаар хангалуун гэр бүлд төрсөн хүмүүс ядуусын зовлонд илүү нигүүлсэнгүй ханддаг болохыг тогтоожээ. Харин өөрсдийнхөө хүчээр хөрөнгөжсөн хүмүүс өөрс нь шиг хүчин чармайлт гаргахад бүх зүйл боломжтой гэж үзэж, үл тоомсорлодог байна.
Копенхагены их сургуулийн эдийн засгийн социологийн профессор Брук Харрингтон “Guardian” хэвлэлд гаргасан нийтлэлдээ хэт баян болон хэт ядуугийн хооронд санаснаас ч илүү ижил зүйл их байдаг хэмээн бичжээ. Тэрбээр “Чинээлэг хүмүүс хар тамхичин, садар эсвэл ажил хийх дургүй гэдэг нь ил болоход шар хэвлэлүүд шуугьж, нийтээрээ жигшин, зэвүүцдэг. Харин ядуу хүн яг ийм үйлдэл гаргахад түүнийг буруутгаад зогсохгүй эрүүл мэнд, хүнсний тусламж зэрэг амин чухал үйлчилгээ үзүүлэхээс татгалзах шалтаг болдог. Учир нь тэд ийм байдалд орсон нь өөрсдөө буруутай” гэж бичсэн байдаг.
Бизнесийн сэтгэл зүйчид баян хүмүүс бусдын зовлонг ойлгодоггүй, сохор гэдэгтэй санал нийлдэггүй. Тэд бусдын мөнгө олохгүй байх сонголтыг зүгээр л хүлээн зөвшөөрдөг.
Үнэндээ орлогоо нэмэгдүүлнэ гэдэг нь маш их идэвх, санаачилга, уналт, босолт, эрсдэл, санхүүгийн алдагдал, амжилт ба бүтэлгүйтэл, сорилттой нүүр тулна гэсэн үг.
Ийм хүмүүсийн сэтгэл зүй нугаршгүй, сэтгэл хөдлөл багатай болсон гэж хэлж болохгүй. Баян хүмүүс ч гэсэн ядуусын нэгэн адил сэтгэл гутралд орж, айдаст автан, сэтгэл санааны таагүй байдалд ордог. Гагцхүү ийм мэдрэмжийн цар хүрээ, асуудал нь ялгаатай байдаг гэж шинжээчид онцолжээ.
Эд баялаг ба эрх мэдэл
Улс төр судлаач Мартин Гиленс, Бенжамин Пейжийн хамтарсан судалгаанаас үзвэл эдийн засгийн элитүүд АНУ-ын засгийн газрын бодлогод ихээхэн нөлөөлдөг байна. Гэтэл энгийн иргэд, үйлдвэрчний эвлэлүүдэд ийм боломж бараг байдаггүй. Тиймээс баячуудын хандлага, сонголт, үйлдэл зөвхөн баялгийн шууд хуваарилалтын хувьд бус мөн олон сая хүний амьдралыг шийдэх улсын бодлогод нөлөөлдгөөрөө асар их үр дагавартай байдаг.
Био сэтгэл судлалын доктор Элис Уолтон эд баялаг хүнийг муу, муухай болгодог уу эсвэл хатуу сэтгэл, магадгүй хэрцгий зан чанар нь баян болоход хэрэгтэй чанар уу? гэсэн чухал асуудал дэвшүүлсэн байна. Чинээлэг болохын тулд тодорхой зан чанартай байх ёстой, эд баялаг нь өөрөө хүнд илт нөлөөлдөг гэсэн хамаарал бий гэж шинжээч үзэж байна.
Баячууд хэвшмэл ойлголтын золиос уу?
Энэ олон тооны судалгаатай зэрэгцэн баячууд нэг л биш гэдгийг нотлох гэсэн тийм их шаардлага хаанаас гарав гэсэн асуулт тавигддаг. Үнэндээ орлогын түвшин, ёс зүйтэй үйлдэл хоорондоо харилцан хамааралтай гэдгийг нотолсон судлаачид хүртэл энэ харилцан хамаарал маш сул гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бас нэг чухал асуудал бий. Шинжлэх ухааны судалгааг үл харгалзан ихэнх хүмүүс баячууд хахир, хатуу, муу гэсэн хэвшмэл ойлголтод итгэсээр байдаг. Филантропийн судалгаагаар мэргэшсэн судлаач Пол Смитс чинээлэг хүмүүсийн сайн, өгөөмөр үйлсэд хүмүүс хэтэрхий үл итгэсэн байдлаар ханддаг гэж үзэж байна. Хүмүүс тэднийг өөрт ашигтай эсвэл олиггүй санаагаар сайн үйлс хийдэг гэж үздэг. Гэтэл энэ нь судалгаагаар батлагдаагүй.
Пол Смитсийн явуулсан судалгаа илүү чинээлэг хүмүүс энгийн хүмүүсээс илүү өгөөмөр байдгийг харуулжээ. Тэд өөрсдийнхөө цаг, мөнгийг бусдын төлөө харамгүй зарцуулдаг байна. Тэд ёс суртахууны хувьд илүү учраас бус харин илүү боломжтой учраас ийм үйлдэл хийдэг.
Сайн, муу гэсэн чанар нь хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг шинж чанар биш. Магадгүй баячуудын үйлдлийг арай өөрөөр хүлээн авдагтай холбоотой байх. Учир нь тэд олны өмнө ил байдаг ба тэдний үйлдэл үр дагавар ихтэй байх нь элбэг.
Бидний тархины анхдагч үүрэг нь өөрийгөө хамгаалах үүрэг. Бид яагаад хэн нэгэн илүү амжилттай, хэн нэгэн бүтэлгүйтэж байдгийн шалтгааныг эрэлхийлсээр байдаг. Тайлбар, шалтгаан нь хасах болон нэмэх тэмдэгтэй байдаг. Тархины хувьд хасах тэмдэгтэй тайлбар илүү аюулгүй байдаг аж. Тиймээс “Тэд азаар, өвлөж эсвэл хууль бус аргаар мөнгөтэй болсон” гэсэн хялбар тайлбар гарч ирдэг. Бидний бүх зүйл хэвийн, харин тэд хэвийн бус. Өөрсдөөсөө бурууг зайлуулж, нөхцөл байдалд гомдоллох нь илүү хялбар. Тархи бидэнд яагаад бүтэхгүй, яагаад бүтэх вэ гэсэн тайлбарыг нэгэн зэрэг тавьж, занганд оруулдаг. Сул дорой хүмүүс хөдлөхөөс цааргалан, гаднаас бурууг хайдаг бол цөөн хэд нь өсөж дэвших боломжийг эрэлхийлдэг гэж Смитс ярьжээ.
Зарим шинжээчид үүнийг хэвшмэл ойлголттой холбон тайлбарлах нь бий. Стереотип нь бидний аврагчид. Стереотип нь нийгмийн ихэнх үзэгдлийг хүлээн авах, тайлбарлахад туслан, бидний цаг болон сэтгэл зүй, сэтгэл санааны нөөцийг хэмнэж байдаг.
Харин баячуудын хувьд мэдээж хэрэг бүх зүйл сайхан. Ялангуяа, ёс зүйтэй хандахыг хичээдэг, нийгмийн сайн сайхны төлөөх туршлагыг хэрэгжүүлэхэд бүтээлчээр ханддаг, бизнес сэтгэлгээ, эрч хүчээ сайн урсгалд чиглүүлдэг хүний бүх зүйлс бүтэмжтэй, сайхан байх нь дамжиггүй.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр үедээ ажилгүй иргэдгүй, сургууль завсардсан хүүхэдгүй, чадлынхаа хирээр хийж, хийснийхээ хирээр авна гэсэн лоозонтой байсан. Ямар ч дарамтгүй. Сайхан цаг.
Социалиазмын үед чадлын хэрээр хөдөлмөрлөж, хийснийхээ хэрээр хүртэнэ, коммунизмын үед чадлын хэрээр хөдөлмөрлөж хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ гэж сургадаг байсан юм даа. Нийгэм солигдохгүй бол баян ядуугийн ялгаа арилахгүй дээ.