Мөнгө аз жаргалын түлхүүр мөн үү? Амьдралд мөнгө төлөлгүйгээр сэтгэл хангалуун байж болох уу

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 27

Ядуу байхаас баян байсан нь дээр гэсэн хэллэг эргэлзээгүй мэт. Гэвч хэвлэлүүдээр аз жаргалтай болоход мөнгө чухал биш, тэр бүү хэл бүр шаардлагагүйг баталсан судалгаа үе үе гардаг. Нэгэн судалгаа аз жаргалын мөнгөн хэмжүүрийг тогтоосон байдаг: Тэр нь 75 мянган ам.доллар. Энэ босгыг давснаас хойш шинээр орж ирэх доллар тутам ямар ч баяр баясгалан авчирдаггүй гэнэ. Ийм төрлийн судалгааг хэрхэн зөв тайлбарлах вэ. Баян чинээлэг хүмүүс үнэхээр тийм ч аз жаргалтай байдаггүй гэж үү?

Үндэстэн бүхэнд мөнгө, аз жаргалын тухай мэргэн, цэцэн үг хэллэг байдаг. Ихэнх нь өөр хоорондоо зөрчилддөг. Зарим нь мөнгө, эд хөрөнгө жаргалгүй болгоно гэдэг бол зарим үг хэллэг эсрэгээр хангалуун амьдралыг магтан дуулна.

Англи хэлээр ярьдаг үндэстнүүдийн соёлын орон зайд эд баялаг нь шашин болон ёс зүйн хэм хэмжээг дагасны төлөө бурхнаас заяасан буян гэсэн ойлголт ялангуяа протестантуудын дунд ихээхэн түгсэн байдаг ч Money can’t buy happiness /Мөнгөөр аз жаргалыг худалдаж авахгүй/, The best things in life are free /Амьдралын сайхан бүхэн үнэгүй байдаг/, Money is the root of all evil /Мөнгө муу бүхний үндэс/ зэрэг мэргэн үг хэллэг хангалттай олон бий.

Яагаад ядуу хүмүүс аз жаргалгүй байдаг вэ

Аз жаргалтай болоход мөнгө хэрэггүй гэсэн хэллэгт гол төлөв баян биш хүмүүс эргэлздэг. Олон тооны судалгааны дүнгээс үзвэл ядуу хүмүүсийн аз жаргалын түвшин доогуур байдгийг нотлох баримт эрдэмтдэд багагүй бий. Жишээ нь, 2006 онд Их Британи, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад явуулсан судалгаанаас үзвэл, дэлхий дахинд бүртгэгдэж буй амиа хорлолтын 75 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад ногдож байжээ. Бага орлоготой хүмүүс маргаашдаа итгэх итгэлгүй болсноор сэтгэл гутрал, зүрх судасны өвчинд өртөж, улмаар амьдралынх нь чанар мууддагтай холбоотой байх талтай. Түүнчлэн, бага орлоготой хүмүүс голдуу хэт боловсруулсан, чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг. Мөн тэд хөдөлмөрийн таагүй орчинд ажиллана. Эрүүл мэндийн асуудалтай тулгарсан ч эрүүл мэндийн чанартай тусламж авч чаддаггүй гэсэн судалгаа бас бий.

Канадын Бритиш Коламбиа их сургуулийн эрдэмтэд аз жаргалыг мөнгөөр худалдан авч болох эсэх судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон долоон орны 200 хүнд тус бүр 10 мянган ам.доллар өгч, гурван сарын турш хүссэнээрээ зарцуулах санал тавьсан байна. Оролцогчид худалдан авалт бүрээ бүртгэж, аз жаргалын түвшнээ үнэлэх ёстой байжээ. Судалгааны дүнгээс үзвэл, АНУ, Канад, Их Британи, Австрали зэрэг чинээлэг орнуудын иргэдийн аз жаргалын түвшин хайртай хүмүүстээ бэлэг авах, хоол хүргэлт, цэвэрлэгээ хийх зэрэг үйлчилгээ авахад өсөж байжээ. Харин Бразил, Кени, Индонез зэрэг улсын иргэд орон байрныхаа нөхцөлийг сайжруулах, өрөө төлөх, суурь хэрэгцээгээ хангах зэргээс аз жаргалыг мэдэрч байж. Ингэхдээ аз жаргалд оруулсан хөрөнгө оруулалтаас авсан сэтгэл ханамж нь хагас жилийн турш үргэлжилсэн байна.

Аз жаргалд хүрэх санхүүгийн тааз

Хэрэв ядуу байх нь хүмүүсийг аз жаргалгүй болгодог бол “Аз жаргалтай болоход хэдий хэр мөнгө хэрэгтэй вэ” гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Энэ асуултад хариулах том оролдлогыг эдийн засгийн Нобелийн шагналыг хүртсэн Даниэл Канеман, эдийн засагч Ангус Дитон нар хийжээ.

Эрдэмтэд аз жаргалыг судлахдаа ерөнхий нэг ойлголтоос зайлсхийж, сэтгэл хөдлөл, амьдралд сэтгэл хангалуун байх гэсэн хоёр өнцгөөс судалжээ. АНУ-ын 450 мянган иргэний хариултыг судалсны дүнд мөнгө бүхэлдээ аз жаргалын түвшинд эергээр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэхдээ сэтгэл хөдлөл болон амьдралд сэтгэл хангалуун байдалд өөр өөрөөр нөлөөлсөн байна. Хэрэв аз жаргалыг амьдралд сэтгэл хангалуун байх гэдгээр ойлговол шууд хамааралтай байсан аж. Хүн баян байх тусам амьдралд илүү сэтгэл ханамжтай байжээ. Харин аз жаргалыг өдөр тутмын эерэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хэмжихэд өнөөх 75 мянган ам.долларын босго гарч ирсэн байна. Эл босгыг давсан хүмүүс орлого нь нэмэгдэхэд илүү баяр баясгаланг мэдрэхээ больдог байна.

75 мянган ам.долларын босгыг давсан хүмүүсийн хувьд мөнгө нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах замаар амьдралаа сайжруулах хэрэгсэл байхаа больж, мөнгөн дүнг өсгөх нэг хэлбэрийн өрсөлдөөний хэрэгсэл болж хувирдаг байна. Хүн өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд илүү бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахгүй. Учир нь боломжтой бүгдийг аваад үзчихсэн байдаг.

Хүмүүсийн аз жаргалд хүрэхэд хэдий хэр хэмжээний мөнгө шаардлагатайг Insee социологийн судалгааны алба судалж, үр дүнг нь 2024 оны зургаадугаар сард нийтэлжээ. Францчуудын дунд явуулсан судалгаанаас үзвэл тус улсын дундаж иргэнд сард 25 мянган евро, амьдралдаа дээд зэргээр сэтгэл хангалуун байхад 30 мянган евро хэрэгтэй аж. Харин германчуудын хувьд эл босгыг 40 мянган еврогоор тогтоосон байна.

Харвардын бизнесийн сургуулиас 2022 онд явуулсан судалгаа мөнгөний гол үүрэг нь стрессийн түвшинг бууруулах явдал болохыг харуулжээ. Сонирхолтой нь ижил тооны таагүй үйл явдалтай тулгарахад чинээлэг хүмүүсийн санаа зовнил нь бага байв. Өөрөөр хэлбэл, мөнгө стрессийг бууруулах чадвартай.

Хэрхэн ойлгох вэ

Баян хүмүүс илүү аз жаргалтай байдаг нь мөнгө тэдэнд амьдралаа хянах, боломжийнхоо хязгаарыг тэлэхэд нь тусалдагтай холбоотой байж магадгүй. Аз жаргалтай хүмүүс илүү өндөр орлоготой байдгийг ч үгүйсгэх аргагүй. Амьдралд сэтгэл хангалуун байх нь ямар нэгэн байдлаар мөнгийг хэрхэн олсонтой ч холбоотой байж магадгүй. Сугалаанд асар их мөнгө хожсон олон хүн хар тамхи, архинд орж, ядуурсан тухай олон баримт байдаг. Швед, Америкийн судлаачид сугалаанд хожсон хүмүүс 10 жилийн турш амьдралдаа сэтгэл хангалуун байсныг тогтоосон нь ч бий.

Финландад явуулсан судалгаа санхүүгийн дэмжлэг олгох нь санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлж, стрессийг бууруулж, сэтгэл зүйн байдлыг сайжруулдаг болохыг мөн харуулжээ. Гэхдээ санхүүгийн дэмжлэгийн үр нөлөө хоёрдох жилээсээ эхлэн буурч эхэлсэн тул ийм төрлийн хөтөлбөр аз жаргалын урт хугацааны хүчин зүйл болдоггүй гэдгийг эрдэмтэд онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI SAWI VANXANDI BOOBN XXI80955877

1  |  0
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI SAWI VANXANDI BOOBN XXI80955877

1  |  0
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI SAWI VANXANDI BOOBN XXI80955877

1  |  0
S(66.181.176.175) 2025 оны 03 сарын 13

ANUSDI SAWI VANXANDI BOOBN XXI80955877

1  |  0
Close menu