Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.01.17/ ХНХЯ, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээллээ. Энэ үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Хүүхэдтэй хүмүүсийг хүүхэдгүй гэсэн байна. Хүүхэд бүртгэлтэй байх ёстой. Системд ямар нэг алдаа байгаа юм биш үү?
ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн: Хүүхэдтэй хүн хүүхэдгүй гэж гарч ирсэн, хүүхдийн тоо зөрсөн гэдэг мэдээллийг хэлж байна. Энэ тооцоолол нь өрхөд суурилж, орлогыг орлуулан тооцох байдлаар явж байгаа. Энэ үед ямар алдаанууд гарч болзошгүй вэ гэвэл,
Нэгдүгээрт, тухайн иргэн өмнө нь оршин сууж байсан байраа зараад, байр авахад өмнө нь сууж байсан иргэн тухайн хаяг, тоот дээр амьдарч байсан гэдэг бүртгэлээ хасуулаагүй байж болзошгүй. Мөн хүүхдээ сургууль соёлд ойр байрлалаас явуулахын тулд хүүхэд нь өвөө, эмээ дээрээ байдаг юм уу, эсвэл хадам аавтайгаа цуг амьдарч байгаа тохиолдолд, нас биед хүрсэн ч аав, ээжтэйгээ цуг амьдарч байгаа бол өрхийн гишүүн гэдэгт ороод явж байгаа учраас иймэрхүү шалтгаанаар өрхийн мэдээлэлд алдаа гарч байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд баг, хорооныхоо Засаг дарга дээр очиж, өрхийн мэдээллээ шинэчилж, үнэн зөв болгож засуулах нь зүйтэй.
-Өрхийн амьжиргааны түвшнийг 3.5 сая төгрөгөөр тооцож байгаа гэлээ. Гэтэл яагаад айлуудын өр, зээлийг тооцохгүй байгаа юм бэ? Монголд өргүй айл бараг байхгүй?
ҮСХ-ны дэд дарга Д.Лхамсүрэн: Зээлийн хэмжээг яагаад тооцоогүй вэ гэдэг асуулт гарсан. Орлогыг орлуулан тооцох аргачлалд туршилтын судалгаан дээр бол сонгогдсон түүвэр дээр зээлийн мэдээллийг оруулж, тооцооллыг оруулсан байдлаар болон оруулаагүй байдлаар туршилт хийсэн. Орлогыг орлуулан тооцож, орлого болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээн дээр суурилан аж байдлын үнэлгээг гаргахад зээлийн мэдээллийн статистик чанар нь оролцоо багатай. Үүн дээр зээлийн мэдээллийг оролцуулахгүйгээр үнэлгээ хийгдэх боломжтой гэдэг загварын үр дүн гарсан.
-Энэ асуудал хоёр, гурван сарын өмнөөс яригдсан асуудал. Та бүхэн хүүхэд, айл өрхөө бүртгээд 91 хувь нь хамрагдах юм байна гэдэг тоо гаргасан. Гэтэл одоо мэдээлэл зөрж байна, шинэчил гэдэг хачин зүйл ярьж байна. Та хороон дээрээ очоод бүртгэлээ өөрчлүүлээрэй гэх юм. Монгол Улсын иргэн төрмөгцөө бүртгэл хийдэг. Гэтэл одоо юуг өөрчил гээд байгаа юм бэ? Үүнийг л гайхаад байна?
ХНХЯ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиараа бол төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй гэсэн зарчим үйлчилж байгаа. Тиймээс эдгээр таван байгууллагаас мэдээлэл хариуцагчдаас буюу төрийн мэдээлэл солилцооны Хур системээр дамжуулан мэдээллүүдийг тулгасан. Өөрөөр хэлбэл, аргачлал буюу томьёог нь ҮСХ-оос гаргасан олон улсын аргачлалын дагуу тооцож, мэдээллүүд дээр үндэслэсэн тооцооллыг нь ХНХЯ-ны зүгээс хийсэн. Ер нь бол мэдээлэл хариуцагч мэдээллийнхээ үнэн зөв бодитой байдлыг хангах ёстой.
Бидний зүгээс цахим хэлбэрээр урьдчилаад тооцооллынхоо мессежийг нийтдээ 470 мянган иргэнд хүргэсэн. Дээр нь хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй байвал засуулах боломжтой. Тооцооллынхоо хувьд хийгдсэн мэдээлэл дээр үндэслээд иргэд маань үр дүнг нь харсан. Өчигдрийн байдлаар ихэнх иргэд өөрсдийнхөө мэдээллийг шалгасан байна лээ. Иргэд мэдээлэл нь зөрүүтэй байгаа бол мэдээлэл хариуцагч тал болох бусад байгууллагууд руу хандаж, мэдээллээ засуулах боломж нь байгаа.
И-Монголиа болон И-Халамж системээр мэдээлэл шалгах шалгалт зэрэг явагдаж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
bolio