Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгож, 9 хувьд нь олгохгүй байх шийдвэрийг гаргасан. Хасагдах 9 хувийг сонгохдоо төрийн үйлчилгээ үзүүлдэг таван байгууллагын цахим бүртгэлд тулгуурлан гаргасан бөгөөд энэ шийдвэр өнгөрөгч өдрүүдэд хүүхэдтэй өрх бүрийг бухимдуулсан гэхэд болно. Гэвч нөгөөтээгүүр тэтгэмжийн асуудлын ачаар иргэд улсад хэрхэн бүртгэлтэй байдаг, хэдий хэмжээний хөрөнгөтэйгөө мэдээд авлаа.
Хань ижилгүй нь гэр бүл, үр хүүхэдтэй болж, зарим эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ ганц, хоёрыг “алдаж”, үл хөдлөхгүй нь “хөрөнгөжиж”, машингүй нь машинтай болж, бүр зарим нь Улсын бүртгэлээс ч “арчигдчихлаа” гэх яриа цахим орчинд нэг хэсэг өрнөв.
Энэ олон алдаа, бухимдал чухам юунаас болж үүсээд байгааг сурвалжлахаар Хан-Уул дүүргийн 15-р хороог зорилоо.
Өмнө нь Хан-Уул дүүргийн 18-р хороо гэгдэж байгаад тусгаарлаж гарсан 15-р хорооны хаалгаар орох төдийд бөөн шуугиан, оочир дараалал биднийг угтав. Энд асуудал ярьж буй олонх хүн “Хүүхдийн тэтгэмж”-тэй холбоотой лавлаж тодруулах аж. Тэд “сураггүй” болсон зарим хүүхдүүдээ олох, гэнэт гарч ирсэн нөхөр, хүүхдээ тодруулах, хасуулах, үл мэдэгдэх үл хөдлөхүүдээ олж мэдэх, автомашиныхаа улсын дугаарыг харах зорилгоор хороогоо зорин иржээ.
Иргэн Т.Амарзаяа 15-р хороонд бүртгэлтэй боловч ehalamj.mn сайтаар нэвтэрч харахад өрхийн бүртгэл нь долоон жилийн өмнө амьдарч байсан хуучин хаяг дээр нь байсан байна. Тэрбээр өнөөдрийн байдлаар ам бүл дөрөв байтал халамжийн мэдээллийн санд гэр бүлийг 10 хэмээн бүртгэсэн байв. Мөн нэг үл хөдлөх, таван машинтай гэх өрхийн мэдээлэл гарч ирснээр тэрбээр ийнхүү хороогоо зорих болсон гэнэ.
Түүнтэй ижил шалтгаанаар ирсэн иргэдийн хувьд хамгийн түрүүнд өөрийн амьдран суудаг орон сууцыг хариуцдаг хэсгийн ахлагчийг олж уулзах ёстой.
Хэсгийн ахлагчаас өрхийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг авах ёстой бөгөөд мэдээлэл зөрүүтэй тохиолдолд засуулах юм. Иргэн А-гийн хувьд хэсгийн ахлагчдаа өрхийн мэдээллээ бүртгүүлээгүй байсан бөгөөд өнөөдөр шинээр “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” гэх хуудас аван бөглөсөн юм. Хуудсыг үнэн зөв бөглөснийхөө дараа хэсгийн ахлагчдаа өгч, хэсгийн ахлагч хуудсыг зохион байгуулагчид өгөн компьютер дээр засуулаад, цаасыг архивлах хавтаст хийх ёстой.
Тухайн иргэний хүн ам, өрхийн бүртгэлийг компьютер дээр бүртгэсний дараагаар иргэн өөрөө өмнөх бүртгэлтэй байгаа хороо руугаа холбогдож, “15-р хороонд өрхийн бүртгэлээ хийлгэсэн тул ийм регистрийн дугаартай, эдгээр хүнийг энэ хаягаас хасаж өгнө үү” гэх хүсэлтийг өгнө. Хүсэлтийн дагуу өмнөх хорооны бүртгэлийн ажилтан маш хурдтай хасалт хийх бөгөөд хасалт хийсэн эсэх нь яг тэр агшинд компьютер дээр ногоон болж харагдах бөгөөд ийнхүү бүртгэл нэг ойлголтод орж, асуудалгүй болж байгаа юм.
Гэхдээ урд өмнө нь сонгож байгаагүй хүн ам, өрхийн бүртгэл гэх асуудал хаанаас гараад ирэв гэдэг сонин. Тиймээс энэ талаар ХУД-ийн 15-р хорооны Засаг даргаас тодруулсан юм.
П.МӨНХ-ЭРДЭНЭ: "УЛСЫН БҮРТГЭЛ”, “ХҮН АМ, ӨРХИЙН БҮРТГЭЛ” ХОЁР ӨӨР ОЙЛГОЛТ ГЭДГИЙГ ИРГЭД МААНЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Улсын бүртгэлд бүртгүүлсэн ч “Хүн ам, өрхийн бүртгэл”-д заавал бүртгүүлэх ёстой гээд байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Иргэд “Улсын бүртгэл”, “Хүн ам, Өрхийн бүртгэл” хоёрыг нэг бүртгэл гэж буруу ойлгож байна. Энэ хоёр хоёулаа өөр, өөр ойлголтууд.
Тухайн иргэн одоо амьдарч буй газраасаа өөр баг, сум, хороо, дүүрэг рүү шилжилт хөдөлгөөн хийхдээ Улсын бүртгэлээс хасалт хийлгэдэг шигээ “Хүн ам, Өрхийн бүртгэл”-ээсээ ч хасалтаа хийлгэх ёстой. Гэтэл иргэд улсын бүртгэлээсээ хасалт хийлгэчихээд өрхийн бүртгэлээсээ хасалт хийлгэдэггүй алдаа гаргадаг.
Шилжин ирсэн тохиолдолд ч улсын бүртгэлдээ бүртгүүлчихээд л өрхийн бүртгэлээ бүртгүүлэх ёстой. Энэ хоёр бүртгэлийг хороон дээр хийдэг. Улсын бүртгэлийг хорооны улсын БҮРТГЭГЧ хийх бол Өрхийн бүртгэлийг тухайн орон сууцыг хариуцаж буй хэсгийн ахлагч, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ нар хийнэ.
Тийнхүү өрхийн бүртгэлээ хийлгэж байгаагүйгээс, энэ талаарх мэдээлэл дутмаг байгаатай холбоотойгоор иргэдийн өрхийн бүртгэлийн мэдээлэл буруу гарч ирээд байгаа юм.
"Хүн ам, өрхийн бүртгэл" гэдэг бол Үндэсний статистикийн хорооноос хүн ам, өрхийн тоо мэдээллийг үнэн зөв тодорхойлох, тооллого хоорондын хүн амын тоог хянах, тэдний нийгмийн үзүүлэлтээр мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор анхан шатны нэгжүүдэд хөтлүүлдэг баримт бичиг юм. Энэ дэвтэрт тухайн хаалганы цаана амьдарч буй бүх иргэн бүртгүүлэх ёстой.
Улсын бүртгэл бол бидний сонгуульд ашиглагддаг ерөнхий харьяаллын бүртгэл гэсэн үг.
Тэгэхээр өрхийн тоо нэмэгдсэн, хасагдсан хүмүүс байвал зайлшгүй өөрийн хамаарал бүхий хороо, баг дээрээ ирээд өрхийн бүртгэлийн хуудсаа бөглөх шаардлагатай байна. Баг, хорооны Засаг дарга нарын зүгээс шат шатны байгууллагадаа байнга тавьж байдаг асуудал бол энэ хоёр системийг нэгтгэж нэг болгох тухай. Тэгвэл иргэд ч төөрөгдөлд ороод байхгүй, Улсын бүртгэл хийгдэхэд өрхийн бүртгэл давхар хийгдээд явна.
-Огт ийм зүйл байдгийг мэдэхгүй юм байна. Сая л таниас сонслоо?
-Үнэн. Иргэдэд энэ талаарх ойлголтыг өгөөгүй учраас хэсгийн ахлагч, иргэдийн дунд үл ойлголцол үүссээр ирсэн. Иргэд олон дахин бүртгэх гэлээ гэж дургүйцдэг тохиолдол цөөнгүй.
-Хүн ам, Өрхийн бүртгэлийг цахимаар авах боломжгүй юу. Ehalamj.mn сайтад өрх гэх цэс байдаг ч шинэчлэлт хийж болдоггүй юм билээ?
-Одоогоор энэ бүртгэлийг цахимаар бус цаасан хувилбараар авч байгаа учраас иргэн утсаар эсвэл өөрийн биеэр ирж засуулах боломжтой. Гэхдээ төр засаг энэ алдаа дутагдлыг хүүхдийн мөнгөний асуудлаас үүдэн сайн ойлгож байгаа байх. Тиймээс удахгүй өрхийн бүртгэлийн ажиллагаа ч цахимжих байх гэх найдаж байна.
-Ямар ч шилжилт хөдөлгөөн хийгээгүй байхад ам бүл нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ?
-Өрхийн бүртгэл мэдээлэл 100 хувь гар аргаар буюу механик аргаар хийгддэг.
Хэсгийн ахлагч өрхийн мэдээллийг бүртгэж авахдаа буруу, зөрүү тэмдэглэснээс үүдээд өөр хүүхэд тухайн айлд бүртгэлтэй болсон байж болно. Асуудал хоёр талтай. Нэг хорооны хэсгийн ахлагч 200 гаруй айл, өрх хариуцдаг. Манай хорооны хувьд шинэ бүтээн байгуулалт олон өрнөж байгаатай холбоотойгоор нэг хэсгийн ахлагчид 500 айл өрх оногдож байна. Тэдэн рүү холбогдож, өрхийн мэдээллийг бичиж, аван архивладаг.
Зарим оршин суугчид мэдээллээ өгөхөөс татгалздаг, хаалгыг нь тогшихоор нээдэггүй гэх тохиолдлууд байна. Хэрэв танай ам бүл дээр өөр хүмүүс бүртгэлтэй гэж гарч ирсэн бол хорооны хэсгийн ахлагч руу холбогдож, хасалт хийлгэх нь нээлттэй.
-Тэгвэл эсрэгээрээ хүүхэд нь “алга болчихлоо” гэж яриад байна. Хүүхдээ яаж олох вэ?
-Хэсгийн ахлагч руугаа утсаар яриад юм уу, өөрийн биеэр ирж, регистрийн дугаараар нь тухайн хүүхдээ хаана харьяалагдаж байгааг олох боломжтой. Тэгээд тус хороо руу утсаар холбогдож, хүүхдээ хасуулаад, өөрийн амьдарч буй хороонд шилжин ирснээр бүртгүүлж, өрхийн бүртгэлдээ нөхөж оруулах ёстой.
-Цахим бүртгэл дээр хэд хэдэн үл хөдлөхтэй гэж гарч ирээд байдаг. Гэтэл тухайн иргэн өөрийн эзэмшлийн ганцхан үл хөдлөхтэй байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Тухайн иргэний өмнө эсвэл одоо амьдарч буй хаягт нь байгаа хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө хамт харагдаж байж болно. Энэ тохиолдолд Улсын бүртгэлийн ажилтанд хандаж, бүртгэлээ хянуулаад хасалт хийлгэх боломжтой.
-Олон автомашинтай болсон иргэд яах вэ?
-Энэ асуудлыг хороо мэдэхгүй. Та И-Монголиа сайтаас тээврийн хэрэгслийнхээ улсын дугаар, марк зэргийг олж аваад, автотээврийн төвд очиж, хасалт хийлгэх, эсвэл автомашингүй гэх лавлагаа авах боломжтой гэх анхан шатны мэдэгдэхүүнтэй л байна.
Засаг даргын хэлсэнчлэн Улсын бүртгэл, Хүн ам, өрхийн бүртгэлийн ялгаа, заагийг иргэд төдийлөн ойлгодоггүй, эсвэл хайнга ханддаг байсан дүр зураг ажиглагдаж байв.
Юм бүхэн хоёр талтай байдаг шиг энэ удаагийн Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой дуулиан нэг талдаа хүн бүрийг бухимдуулсан ч нөгөө талдаа иргэдийн өөрийн гэр бүл, эд хөрөнгийн бүртгэлдээ хариуцлагатай хандаж байх ёстойг сануулсан үйл явдал болж өнгөрч байна.
Өнөөдөр 15-р хороогоор үйлчлүүлж буй ихэнх иргэн “Хүн, ам өрхийн бүртгэл” гэх хуудсыг бөглөж харагдсан. Тэгэхээр энэ талаарх ойлголт иргэдэд дутмаг байдаг нь илт. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотойгоор нэлээд олон өрх бүртгэлээ хийлгээд амжих шиг боллоо. Оочир дараалал багасаад ирэхээр хүүхэдгүй өрхүүд ч баг, хороо, дүүрэгтээ очиж, өрхийн бүртгэлээ шалгах хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн юм.
Тус хорооны халамжийн мэргэжилтэнтэй уулзахаар оочирлосон иргэдийн дараалал урт үргэлжилнэ.
Засгийн газраас “Бүртгэлээ засуулж, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах нөхцөлөө бүрдүүлсэн иргэн хүсэлтээ явуулах боломжтой. Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” хэмээн зарласан. Тэгвэл ийм хүсэлтэй иргэдийн хувьд хороонд ажиллаж буй халамжийн мэргэжилтэнтэй уулзаж, мэдээллээ засуулах хүсэлтийг цаасаар бөглөж өгөх ёстой. Тус хүсэлтэд үндэслэн халамжийн ажилтан хүүхдийн мөнгө нөхөж олгох цахим хүсэлтийг холбогдох байгууллага руу илгээх аж. Ийнхүү 14 хоногийн дараа тухайн иргэний хүүхдийн мөнгө өмнө нь авч байсан данс руу шилжих юм байна.
Гэвч бүх мэдээллийг засаж залруулаад байх аргагүй байгааг хорооны ажилчид учирлаж байв. Учир нь яахын аргагүй өмч бүртгэл, цалин орлогын харьцаагаараа 9 хувьд багтсан иргэдийн мэдээллийг засварлах боломжгүй. Гэтэл иргэд бухимдаж, хороогоор нэг шуугиан тарьж байгаа тухай ч өгүүлж байсан юм.
Засгийн газраас шийдвэр гарч, олон нийтэд танилцуулагдсаны дараах хоёр хоногт тус хороо иргэдийн хөлд дарагджээ. “Өнөөдөр харин харьцангуй хүн багатай байна” гэж олны тарьсан шавхайг арчиж зогссон үйлчлэгч эмэгтэй өгүүлнэ. Ачаалал багасаж байгаа нь сайн ч энэ байдлаараа иргэдийн хөдөлгөөн тасрахгүй нь ойлгомжтой. Өвчин зовлонтой цагт олны дунд үймээд яах вэ гээд ирж амжаагүй олон иргэн бий. Тэдний урсгал тун удахгүй хөвөрнө. Энэ мэт урсгал хөдөлгөөнийг багасгаж, хүнд сурталыг бууруулах зорилгоор төрийн үйлчилгээг үзүүлэх цахим аргыг санаачилсан ч хөрсөн дээрээ бууж өгсөнгүй. Дахин үзэг бал, бичиг цаас...
Сэтгэгдэл ( 6 )
Хасалт хийгэее гэд очихоор цаанаа автоматаар хасгдана гэж хэлээд бсан шдээ.ажлаа хийж мэдэхгүй татварын мөнгөөр цалинжаад Рсдээд сууж бдаг..хэсгийн ахлагч гэж танихгүй.,царайг нь олж хараагүй. Газрынхантай нийлээд газрын маргаан болоход тагл бсан.иймл улс цалин авё бгаадаа.ихэнхнь шүү
Хороо дуургийн ажил нэг иймэрхуу Дэндуу хунд сурталтай байна шуу и монголиан ачаар тэдний унэн нуурр царай гарч байна хотын дарга ажлаа хийгээч
Одоо сонгууль дөхлөө хүүхдийн мөнгө амьдрал дээр хэдэн хүүхдэд өгч байна миний хүү 2 хүүхэдттэй эхнэр хүүхдээ асарч цалингүй хүү маань байрны зээлэнд мөнгө төлдөг чухамдаа энэ айлын сарын орлого 300000 тэгээд хасадсан
Хүн амын оршин суугчийн бүртгэл маш их будлиан үүсгэж байна. Нэг шинэ байр аваад хороондоо бүртгүүлэхдээ нөгөө сум аймаг. баг, хорооноос шилжүүлэг хийлгэлгүй ирж бүртгүүлээд байнаа. Үүнийг шинээр бүртгэхдээ хуучин суурьшлаасаа шилжсэн эсэхийг сайн магадлаж байж бүртгэл үүсгэх хэрэгтэй юм байнаа
За.бүү худлаа ярь.хэсгиийн ахлагчийн царайг хараагүй.бодвол 1 хүн цалин авдаг.бх..Бүртгэлийн ажилтан нийгмийн халамжийн ажилтан тохой нийлүүлээдл сууж бдаг.2 ууландл хэлсэн..хасалт хийлгэхэд ингэ тэг гэж хэлж өгөх ёстой биздээ.байнга нүүх биш..хасуулах хэрэггүй.цаад хороондоо бүртгүүлбэл автоматаар хасагдана гэсэн..яасан..ажлаа мэдэхгүй..хүмүүст хэлж өгөх ёстой бтал татварын мөнгөөр цалинжиж Рс тоглоодл сууж бдаг.сонгуудь болохоор явдаг шигээ айлуудаараа явж үзэгдэж болношд.тэр.х.ахлагч нь ..тм бж цахимжлаа.гэх..манай өрх др сонгуулиар баахан хүн гарч ирдэг..хэдэнч удаа хэлэв хорооныхон тоод
18 настай охин маань хүртэл ам бүл 4, нөхөр хоёр хүүхэдтэй 5 үл хөдлөх 1 машинтай, өрхийн бүртгэлээс хасагдсан бгааг сурвалжлаад өгөөч