Өнгөрсөн жил дэлхийн хэмжээнд гүйцэтгэсэн цаазын ялын тоо сүүлийн арван жилд байгаагүйгээр буурсан тухай олон улсын хүний эрхийн төлөөх “Amnesty International” байгууллагын илтгэлд дурджээ.
Жил бүрийн судалгааны дүнгээс үзвэл, 2020 онд 483 орчин хүн цаазлуулсан байна. 2019 онд энэ тоо 657 байсан бол 2015 онд 1634 хүн цаазлуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Цаазын ялын тоо буурсан нь Саудын Арабт гүйцэтгэсэн ялын дээд хэмжээ 85 хувиар буурсантай холбоотой. Тус улсад өнгөрсөн жил 27 цаазлуулсан бол 2019 онд 184 байжээ. Түүнчлэн, Иракт мөн энэ үзүүлэлт 100-аас 45 хүртэл буурсан бол Бахрейн, Беларусь, Пакистан, Сингапур, Судан, Японд цаазын ял гүйцэтгэсэн нэг ч тохиолдлын талаар мэдээлэл гараагүй байна.
Хүний эрхийг хамгаалагчид 2020 онд ялын дээд хэмжээг оноох нь мөн цөөрсөн байна. Өнгөрсөн жил цаазын ял оноосон 1477 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилээс 36 хувиар бага гэнэ. Мөн ийм ял оноосон орны тоо 54-өөс 30 болж цөөрчээ. Энэ хандлагыг “Amnesty International” коронавирусний цар тахал ихэнх орны шүүхийн тогтолцооны үйл ажиллагаа удааширсантай холбон тайлбарлаж байна.
Харин эсрэг дүр зураг Индонез улсад ажиглагджээ. Тус улс өнгөрсөн онд 117 хүнд ялын дээд хэмжээ оноосон нь 2019 оныхтой харьцуулахад 37 хувиар өссөн байна. Замбид 119 хүнд цаазын ял оноосон нь өмнөх жилийнхээс 18 хувиар нэмэгджээ.
Олон улсын байгууллагын мэдээллээр, дэлхийн улс орнуудаас Хятад улс цаазын ялыг хамгийн олноор гүйцэтгэдэг байна. Цаазын ял гүйцэтгэх мэдээлэл нь төрийн нууцад хамаардаг тул тодорхой тоо үгүй ч “Amnesty International” тус улсад гүйцэтгэсэн ялын дээд хэмжээний тоо нэг мянга орчим гэж үзэж байна. Хятад улсын араас Иран (246), Египет (107 гаруй), Ирак (45), Саудын Араб орж байна. Сүүлийн дөрвөн улсад 2020 онд гүйцэтгэсэн нийт цаазын 88 хувь нь ногджээ.
Хятадаас гадна БНАСАУ, Сири, Вьетнам дахь цаазын ялын талаарх мэдээлэл авах боломж хаалттай байсныг тус байгууллага илтгэлдээ онцолсон байна.
АНУ тивдээ өнгөрсөн онд цаазын ял гүйцэтгэсэн цорын ганц орон болжээ. Тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа сүүлийн 17 жилд анх удаа холбооны хэмжээний цаазын ялыг гүйцэтгэсэн ба үүний дараа нийт есөн хүн холбооны хэмжээнд цаазлуулжээ. Мужийн хэмжээнд долоон гэмт этгээд цаазлуулсан байна.
Цаазын ялын тоогоор зургаад жагссан АНУ-ын араас Сомали (10 гаруй), Йемен (5), Энэтхэг, Оман (тус бүр 4), Ботсван (3), Өмнөд Судан (2), Тайвань, Катар (тус бүр нэг) орж байна.
Одоогоор дэлхийн 108 орон цаазын ялаас татгалзаад байгаа бол 55 улсад энэ практик хэрэгжсэн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )