Уншигч та амьдралдаа ганц удаа ч болов детектив зохиол уншиж байсан байх. Конан Дойлын “Шерлок Холмс”-оос авахуулаад 1990-ээд онд бараг айл болгонд байсан Чейзийн зохиолууд, бүр сүүлд Ден Браун, Сидней Шелдон гээд детектив зохиолын том авторууд мундахгүй. Уран зохиолын энэ төрөл бол хүнд өгөөж болохоос илүүтэй цаг нөхцөөх, зугаатай өнгөрөөх шинж чанартай. Энэ талаараа “junk food” гэж нэрлэдэг түргэн хоолтой зүйрлэж болох юм. Детектив зохиолууд Холливудын арилжааны гол хэрэгсэл нь гэж дүгнэж болно. Адал явдалтай, зодоонтой, хар тамхи, хүүхэн, гэмт хэрэг гардаг болохоор хүмүүс ч сонирхоно, тэр хэрээрээ зах зээлээс чамгүй мөнгө олно. Уран зохиолд нэг их ач холбогдолгүй уншигчдын тодорхой хүрээлэлтэй детектив зохиолын ертөнцөд Монгол Улс томоохон сэдэв болсоор уджээ. Рой Чепмэн Эндрьюсын экспидицийн дуулиантай нээлтээс хойш Монгол орон гаднын детектив зохиолчдын анхаарлыг татах болсон юм.
1920-1930-аад онд Америкийн зохиолчид нууцлаг басхүү адал сонин явдал ихтэй болохоор элдэв давс хачир нэмэрлэн Монгол Улсад үйл явдал өрнөж байгаагаар дүрслэх болж. Гаднынханд хаалттай, өнгөрсөн түүх ихтэй, долгионтой он жилүүдийг туулсан болохоор нууцлаг, детектив зохиолуудын сэдэв болсон ч байж болно.
1960-аад онд зохиолчдын анхаарлыг тэр бүр татахгүй байж байгаад 1980-аад оноос эхлэн энэ төрлийн зохиолчид Монголд анхаарал хандуулах болжээ. Энэ зохиолчдын цуваа одоо ч тасрахгүй байна. Газар нутгаараа европын ихэнх орноос их мөртлөө нийслэлдээ шавалдан амьдардаг, хүн ам цөөтэй, байгалийн баялаг асар ихтэй, улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөө асар их гэдгээр нь харвал Монгол бол яах аргагүй детектив зохиолын гайхалтай талбар байж мэднэ. Нэмж дурдахгүй байхын аргагүй шалтгаан бол хоёр том хөрш юм. Газар нутаг, хүн ам, дэлхийд гүйцэтгэж буй үүрэг, нөлөөгөөрөө жин дарахуйц энэ хоёр улсад сэдэв мундахгүй. Чухам тэд яагаад адал сонин явдлыг Монголтой зангидах болов гэдэг сонин.
XX зууны эхний хагас-Монгол гэх “шинэ” нэр
Америк, Британийн зохиолчид XX зууний эхний хагаст Монголд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Нэр алдарт хэдийнээ хүрсэн зохиолчид бус нууцлаг, гэмт хэргийн шинжтэй роман бичиж алдар олох гэсэн дунджаас доош зохиолчид тухайн үед Монголд анхаарлаа хандуулж байлаа. Ялангуяа Америкийн зохиолчид Монгол руу хошуурах болов. Тухайн цагт Америкт “шар арьстан” гэх нэг малгайгаар Азиудыг дүгнэдэг байсан учраас уран зохиолд ч, кино урлагт ч үзэн ядах өнгө аясаар ханддаг байлаа. Энэ үзлийг зарлан тунхагласан детектив зохиолч бол яах аргагүй Херберт Асбюри юм. Уншигч та Мартин Скорсезийн “Нью-Йоркын гангстерууд” киног үзсэн бол дээр дурдсан зохиолчийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн юм шүү дээ. Одоо гол асуудалдаа оръё. Рой Чепмен Эндрьюсын гайхалтай нээлтийн нөлөө, Манж Чин гүрнээс тусгаар тогтнох гэсэн хүсэл нь 20-30-аад онд АНУ-ын анхаарлыг ихээр татаж байв. Энэ нөлөөгөөр ч өдөр тутмын сонинууд мэдээ, нийтлэл бичих хүсэлтэй байсан юм. Чухам энэ нөхцөл байдал дээрээс “шар арьст” ертөнцийг үзэн ядах хүсэл нь нэмэгдэн детектив зохиолчдын анхааралд өртжээ. Дээр дурдсан Херберт Асбюри монголын говь цөлийг дурдсан “Пэй Лингийн чөтгөр” гэх зохиол 1927 онд хэвлэгдэв. Уг зохиолд Хятад-Монголыг дамнан оршдог говь цөлд эртнээс нааш тэнд суугчдыг айлгасаар ирсэн “олгой хорхой”-н тухай дүрсэлдэг. Говь цөлийн дунд орших нэгэн сүмээс эрэмдэглэгдсэн цогцос олдож, үүний гол буруутан нь “олгой хорхой” болж таардаг. Энэ зохиол тухайн цагтаа дундаж Америкчуудын анхаарлыг ихээр татсан юм. Чухам энэ зохиолын ачаар олгой хорхой гээчтэй барууныхан танил болж, Лох Нессийн мангас, алмастай жишигдэхүйц алдартай болжээ.
Херберт Асбюригийн нөлөөгөөр үйл явдлынхаа өрнөлийг Монголын тал нутагт үүтгээд, түүндээ элдэв хачир нэмэрлэсэн хэд, хэдэн зохиолч төрөн гарчээ. Үүний нэг нь нууцлаг зохиолоороо алдаршсан Рон Хаббард юм. Рон Хаббард 1920-иод оны сүүлчээр хэд, хэдэн удаа Хятадаар аялах замдаа Монголоор дайрч байсан удаатай. Монголд байхдаа сайн эрс, бөө удгантай уулзаж, сонин түүхийг нь тэмдэглэж байв. Чухамдаа энэ нь дараагийн хэд, хэдэн зохиолынх нь сэдэв болжээ. Түүний бичсэн 10 гаруй зохиол Хятадын хойд хэсэг, Монголд өрнөдөг өгүүлэмжтэй юм. Тухайлбал 1934 онд хэвлэгдсэн “Улаан Очирын мөрөөр” гэх зохиол байна. Америкийн адал явдал хөөцөлдөгч нэгэн Хубилай хааны булш илрүүлж байгаагаар зохиолд дүрсэлдэг. Уг булшинд маш ховор улаан очир эрдэнэ байх бөгөөд үүнийг Хятад, Английн тагнуулууд ихэд сонирхон өөрийн болгохыг хүснэ. Зохиолын гол ээдрээ нь эрдэнэсээ хамгаалах гэсэн сайн эрс болон гадныхны тэмцэл дээр тулгуурладаг юм. Хаббардын энэ мэт адал сонин зохиолууд нь кассын ашиг барагтай олсон тул сэдвээ өөрчилж уран зөгнөлт зохиолоор дагнах болсон билээ.
30-аад онд Монголд өрнөж буй адал явдлаар чамгүй алдаршсан зохиолч бол яах аргагүй Ж.П.Маркуанд юм. Бостон хотын “Saturday Evening Post” сонинд детектив өгүүллэг нийтэлдэг байсан тэрээр Хятад, Монголын цөлөөр хэд, хэдэн удаа аялж байсан түүхтэй. Чухам энэ аялал түүнд “Ноён Мото” гэх зохиолын баатрыг төрүүлж, үүндээ тулгуурлан хэд, хэдэн цуврал роман бичих сэдэл болсон юм. “Ноён Мото” бол олон цуврал үргэлжилж, Холливуд ч “Ноён Мото”-гоор “Бонд” шиг кинонууд хийсэн. Даан ч кинонууд нь хамгийн муу киноны жишээ болж төдийлөн ашиг олоогүй, үзэгчдийн ч анхаарлыг татаагүй. Тухайлбал “Шар Мин” гэх 1935 оны зохиол байна. Энэ зохиолд адал явдалд дуртай эмэгтэй, Монголын сайн эрстэй учирч улмаар хайр сэтгэлийн холбоотой болж байгаа тухай өгүүлдэг. Сайн эрстэй хамт явж байгаад эртний шавар ваар олно. Америк эмэгтэй, сайн эрстэй хамт энэ шавар ваарыг Хятадын тагнуулуудаас хамгаалж байгаа тухай өгүүлнэ. Зохиолд Бээжин хотын хуучин гудамж, Хятад-Монголын хил орчимд байх тоостой зам, түүгээр зорчигчдын тухай уран тансаг өгүүлэх боловч энэ зохиолоос өөр зүйл ухаж олно гэж саналтгүй.
XX зууны хоёрдугаар хагас-Мартагдсан нэр
1930-1940-өөд он хүртэл Монгол бол нэн шинэ агаад адал явдалт зохиолын сэдэв болох “шинэ нэр” байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэнээс хойш Монголд өрнөх үйл явдал хүмүүсийн анхаарлыг татахаа болив. Цэрэг-эх орон, нацимз, японы империализм, Хүйтэн дайн гээд сэдэв мундахгүй байсан болохоор Монгол анхаарлын гадна үлдсээр байлаа. Дээр дурдсан хэд, хэдэн зохиол ч уншигчдын дунд мартагдаж, зохиолчид нь ч өөр зүйл рүү хошуурцгаах болов. Энэ байдал бүтэн 40 жил үргэлжилж улмаар 1980-аад оноос детектив зохиолчид Монголыг сэдэв болгох болжээ. 80-аад онд Монголыг эргэн сэдэв болгосон хүн бол Мартин Круз Смит юм. Замналынхаа туршид олон нууц нэрээр “Бонд” шиг, “Холмс” шиг зохиолууд бичиж байгаад 80-аад оноос “Горькийн цэцэрлэг” зохиолоор Америкт, Европын хэд, хэдэн оронд алдаршжээ. Аркадий Ренко гэх зөвлөлтийн тагнуулчийн тухай өгүүлэх энэ зохиол цаашаагаа есөн цуврал болж үргэлжилсэн юм. Энэ зохиолуудад хэд, хэдэн удаа Монголын тухай өгүүлэх авч үйл явдлын гол зангилаа болдоггүй. Гэхдээ Монгол гэх нэрийг детектив зохиолчдод эргэн сануулсан билээ.
Мартин Круз Смитийн зохиолууд Америкийн зохиолч Алекс Уолтерт маш их нөлөөлжээ. Зөвлөлтийн тагнуул, хааяа Монголын тухай өгүүлэх зохиолууд Уолтерт нэгэн санааг ургуулсан юм. Тэрээр үйл явдлынхаа өрнөлийг Смиттэй эсрэгцүүлж нэгэн цагт “дагуул” улс гэгдэж байсан Монголд аваачжээ. Гол дүрийг нь Нэргүй гэнэ. Тэр бол зохиолын гол баатар Монголын тагнуулч. Эрүүгийн гайхалтай мөрдөгч тэрээр хоёр том улсын нөлөөтэй хэд, хэдэн гэмт хэргийг илрүүлж алдаршсан тухай зохиолд өгүүлдэг. Нэргүй тагнуулчийн тухай гурван цуврал роман бий. Гурвалсан романуудын эхний дэвтэр болох “Сүүдрээр алхагч” зохиол 2017 онд хэвлэгджээ. Улаанбаатарын нэгэн зочид буудлаас Британийн геологчийн зэрэмдэглэгдсэн цогцос олдож байгаагаар эхэлдэг. Улаанбаатар хотын цагдаагийн албаны дарга Доржпалам энэ хэргийг Нэргүйд даалгана. Зохиолд дурдсанаар Британийн тусгай ажилтан Дрю Маклейш ирэх бөгөөд Нэргүй, Маклейш нар хамтарч мөрддөг. Гэвч энэ хэрэг Монголын нөлөө бүх улстөрчидтэй холбоотой төдийгүй, Монголын баялаг, эрчим хүчний салбартай холбогддог юм. Нийтлэлийн эхэнд дурдсан говь цөл ч энэ зохиолд багагүй дурдагддаг.
Хоёрдугаар дэвтэр 2018 онд “Өстөн” нэрээр хэвлэгджээ. Зохиолд Монголын зартай эрүүгийн бүлэглэлийг илрүүлж байгааг дүрсэлсэн бөгөөд Британийн геологчийн амиа алдсан хэргийн ард Муунохой гэгчээр удирдуулсан дээрмийн бүлэглэл байх аж. Хэргийг мөрдөх явцад Муунохойг улстөрчид хянах бөгөөд Монголын Баруун аймгуудыг тэр чигт удирддаг авлигын асар хүчтэй сүлжээ байгааг илрүүлнэ. Гэхдээ асуудлын зангилаа сүүлийн дэвтэр болох “Адлагдагч” зохиолд тайлагдана. Зохиолд дурдагдсан он цаг бол 2006 он. Учир нь зохиолд Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажил эхэлж байгааг дурдсан байдаг. Хэд, хэдэн хүн амины хэрэг гарч, улс төрийн хүчний нөлөөгөөр төв талбайд бөмбөг дэлбэлэх гэж байгааг зогсооно. 800 жилийн ойг тэмдэглэж байх тэр цагт Монгол Улс Нэргүй, Доржпалам гэх өөр баатруудтай болжээ.
Дээрх зохиолчийн хувьд үйл явдлын өрнөлийг Монголд л зангидсан болохоос өгүүлэмж нь нөгөө л улиг болсон детектив зохиолын сэдэв байлаа. Улс төрийн болон нийгмийн нөхцөл байдлын хувьд Монголд хэн нэгэн эрүүгийн элемент бөмбөг дэлбэлэх ухаан сийлэх нь юу л бол. Дээрээс нь авлига-дээрмийн бүлэглэлийн хүчтэй нөлөөг жирийн нэгэн цагдаа илрүүлж гаргаж ирээд таслан сэргийлнэ гэж байхгүй. Гүйцэтгэх ажиллагааны хувьд ч Британийн тусгай алба нөлөөлөх боломжгүй. Энэ мэт хэд, хэдэн логикийн алдаатай гурвалсан роман тоймтой амжилтад хүрч чадаагүй. Гэхдээ “Google Books”, “Amazon”-д зохиолууд нь байдаг юм билээ.
Шинэ зуун-Шинэ сэдэв
Засгийн газрын уриа үг шиг уншигдсан уу. Шинэ зуун гарснаас хойш уран зохиолын ертөнцөд Монгол Улс детектив зохиолын өрнөл болсоор байна. Гэхдээ уншигчид тэр бүр сонирхохгүй байгааг судалгаа харуулдаг. Гэвч тэд Монголыг орхилгүй сэдэв болгож бичсээр байна. Тэдний зохиолын сэдэв нь археологийн олдвор, байгалийн баялаг, өмч хувьчлал байдаг нь анзаарагдсан. Тухайлбал Бредфорд Ж.Уилерийн 2016 онд хэвлэгдсэн “Монгол-Алтан бүргэд” гэх зохиол байна. Роберт Жонсон гэх археологич Уолтер Фалон гэх тэрбумтны тушаалаар Монгол руу тэр дундаа Алтайн нуруу руу томилогдож байгаагаар эхэлдэг. Гэвч тэдний эрэл өөр нэг зүйлтэй нүүр тулгарна. Алтайн нуруунд очиход Хятадын тагнуулууд бүлэглэн технологийн нууц ажиллагаа явуулж байгааг олж тогтоодог. Гэхдээ зохиолч яг юуны тухай өгүүлэх гээд байгаа нь тодорхойгүй байдаг. Хаа байсан баруун аймагт тэр дундаа бүх юмнаасаа хол алтайн нурууны бэлд технологийн тагнуулын бүлэглэл байх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ америк кино шиг гайхалтай сайхнаар зохиол төгсдөг. Эхэлсэн шигээ гэнэт дуусдаг сонин зохиол.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байсан 2006 онд Чингис хаантай холбогдох уран зөгнөлт зохиол хэвлэгдсэн нь “Хааны эрдэнэ” гэх зохиол байлаа. Клайв Касслерын энэ зохиол бүхэлдээ галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж дүгнэж болно. Дэлхийн газрын тосны үнийг хянах амбицтай Монголын бизнесмэн, маш хүчтэй өрөмдлөгийн машинаар газрын тос олборлох боловч энэ нь газар хөдлөлт үүсгэж орхино. Газар хөдлөлтийн улмаас Чингис хааны булш санамсаргүй байдлаар илэрдэг.
Финландын зохиолч Роза Ликсомын “Зургаадугаар купе” гэх зохиол дээрхийг бодвол арай сонирхолтой. Бүтэлгүй дурлалтай учирсан нэгэн бүсгүй сэтгэлээ тайтгаруулахын тулд Монгол руу хүлгийн жолоо залж байгаагаар зохиол эхэлнэ. Тэрээр ОХУ-аас Монголыг зорих галт тэрэгний зургаадугаар купенд суужээ. Купенд насаараа цэргийн алба хаасан Вадим Николаевич Иванов гэх ааш муутай хөгшин офицер сууж таардаг. Иванов гэх энэ хөгшин цэрэг социализмын үед хоосон галт тэргээр Орос руу нууц бараа тээвэрлэж байсан тухайгаа хуучилдаг. Хэдийгээр бүхэлдээ детектив зохиол биш боловч зохиолын өгүүлэх гэсэн санаа сонирхол татдаг юм.
Америкийн зохиолч Фриц Гальтын “Монголд гарсан хүн амины хэрэг” гэх зохиол эко-триллер жанрын зохиол юм. Америкийн алдартай байгаль орчны төлөө тэмцэгч Монголын нэгэн ууланд аялж байгаад амиа алдана. Задлан шинжилгээгээр түүний амийг хороосон болох нь тогтоогдож улмаар Жек Магуер гэх тусгай ажилтан хэргийг мөрдөнө. Хэрэг ээдрээтэй байсан тул Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, Интерпол оролцоно. Түүнийг Америкийн харьяат нэгэн хороосон байх нь төгсгөлдөө тодорхой болно.
* * *
Энэ мэтчилэн Монгол Улс бол детектив, адал явдалт зохиол өрнөх гол талбар болсоор чамгүй жилийн нүүр үзжээ. Гэвч зохиолын чанар нь өмнөхөөсөө дээшилсэнгүй. Пост коммунист орон болохоор улс төрийн бүлэглэл, хүн амины хэрэг, археологийн үнэт олдвор гэсэн хязгаарлагдмал хүрээнд л зохиол өрнөх аж. Нэр алдарт хүрсэн томоохон зохиолч Монгол Улсыг тоодоггүй, нэр алдарт хүрэхийг горилсон цөөн хэдэн зохиолчид одоог хүртэл Монголыг сонирхсоор байна. Зохиолын хувьд тархинд чинь юу ч улдээхгүй байж болно. Гэхдээ нэг сонирхчиход гэмгүй. Учир нь одоо нэр нь тодроод байгаа гадаад нэртэй монгол зохиолчид энэ “бүтээлүүд”-ээс будаа идэж, шигшсэн байдаг юм билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Маш сонин мэдээ байна.Баярлалаа,..