АНУ-ын хэсэг саятнууд “Amazon” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэргүүн баян Жефф Безосын Нью Йорк, Вашингтон дахь гэрийн өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Энэхүү арга хэмжээг бодлогын дэвшилтэт өөрчлөлтийн төлөөх чинээлэг эрхмүүдийн нэгдэл болох “Patriotic Millionaires/Эх оронч саятнууд” АНУ-д холбооны татварын мэдүүлгээ өгөх сүүлчийн өдөр буюу Татварын өдөрт зориулан зохион байгуулсан байна.
Саятнууд мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн жилд 400 мянган ам.доллароос их орлого олдог корпорац, хувь хүнд ногдуулах татварын хэмжээн нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Баячуудын татварыг нэмэгдүүлснээр дэд бүтцийн төсөлд хоёр их наяд ам.доллар, Америк гэр бүлийг дэмжих төлөвлөгөөнд 1.8 их наяд ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлэхийг зорьж байна.
Жилийн орлого нь нэг сая ам.долларыг давдаг эсвэл таван сая ам.доллароос дээш хэмжээний хөрөнгө бүхий эх оронч саятнууд Безосын гэрийн өмнө “Баячуудад татвар ногдуул” гэсэн уриа барьж жагсжээ. “Эцсийн эцэст цөөн хэдэн баян хүн, маш олон ядуучуудтай нийгэм бий болж байна. Ийм замаар бид тогтвортой нийгмийг байгуулахгүй” гэж “Patriotic Millionaires” ТББ-ын ТУЗ-ийн дарга Морриc Перл ярьжээ.
Жефф Безос компанийн орлогын албан татварыг нэмэгдүүлэхийг дэмждэг ч “Amazon” компани татвараас зайлсхийдэг гэсэн хардлагад байнга өртдөг.
Албан ёсны мэдээллээр, “Amazon” компани 2020 онд 9.4 хувийн холбооны орлогын албан татвар төлсөн нь төлбөл зохих 21 хувиас даруй хоёр дахин бага байгаа юм.
Байдены засаг захиргаа компанийн орлогын албан татварын хэмжээг 21-ээс 28 хувь болгож, нэмэгдүүлэх санал гаргаад байгаа билээ. 2017 онд Трампын засаг захиргаа татварын хэмжээг бууруулсан ба тухайн үед компанийн орлогын албан татварын дээд хэмжээ нь 35 хувь байжээ.
Саятан жагсагчид Сенат дахь олонхын болон цөөнхийн бүлгийн дарга нар болон бусад холбогдох албан тушаалтнуудын гэрийн өмнө жагсаал зохион байгуулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
худлаа шоудаал дуртай бол хандив өгөхгүй юу ямар ялгаа байна
Баячууд бол хэнийг ч дэмжлэг туслалцаагүйгээр өөрийнхөө бор зүрх хүч хөдөлмөрөөр баяжсан юм шүү дээ.
социализмыг хүсч байгаа юм бна. ер нь явж2 ижил тэгш эрх эдлэж, ижил тэгш амьдрах нь хэн хэндээ хал балгүй юм бна доо.