Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгохоор тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлээд байна.  Хэд хэдэн парламент, Засгийн газрыг дамнан яригдсан, олон жилийн хүлээлт үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль ажилтан, ажил олгогчдол ямар ямар боломжуудыг олгох вэ гэдэг нь гол асуудал юм.

Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуульд уул уурхайн салбарт уртын ээлжээр ажиллахыг анх удаа хуульчлах гэж байгааг тодотгоё. Гэрээсээ хол газар байрлаж олон хоногоор (уртын ээлж, ростер, жасаа) уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажиллагсдын эрх ашгийг хамгаалах дараах заалтууд  орж байна.


  • Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.
     
  • Энэхүү горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэж болно.
     
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна.
     
  • Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
     
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.
     
  • 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцон хамтын гэрээгээр тогтоож болно.
     
  • Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй.
     
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны заасан байршил бүхий газраас ажилдаа ирэх, буцах зардлыг ажил олгогч хариуцна.
     
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбар хамтын хэлэлцээрээр тогтооно.
     
  • Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top