”ROCKIT” l А.Ариунзаяа: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Гарааны бизнес, энтрепренершипийн  бүрэн хэмжээний үндэсний цуврал  контент ”ROCKIT”-ийг  “Эрхэт Монгол” групп, “Стартап Маркетинг Спэйс” хамтран бүтээж байгаа билээ.

ТВ8 телевизээр бямба гараг бүр үзэгчдэд хүрдэг уг контент нь
 

  • Бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлж амжилттай яваа эрхмүүдийн түүх, 
     
  • Шинэхэн бизнестээ хөрөнгө оруулалт хүсэж хамтрагчаа хайсан залуус, 
     
  • Хөгжлийн гарц шийдэл эрэлхийлсэн  ярилцлага,
     
  • Инновацид суурилсан техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг юм.
     


”ROCKIT”-ийн 6 дахь дугаарын "Тэгээс Тэрбум руу" буланд “World plus” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Х.Эрдэнэбаяр оролцов.  

-Дижитал сэтгүүлийн өөрчлөлт удаан байгаа юм байна гэдгийг олж харж, 2013 онд анх санаагаа эхэлсэн. Аливаа бизнесийг туршиж байж хийхгүй бол амжилтад хүрдэггүй учраас эхлээд Voo, M plus гээд хоёр төслийг хэрэгжүүлсэн. Одоогоор M plus ном, подкаст хийгээд 480 мянга орчим хэрэглэгчтэй болсон байна. Өнгөрсөн жилээс MSC компани хөрөнгө оруулалт хийсэн.

World plus Дижитал сэтгүүл рүү долоон жилийн өмнөөс орсноос хойш өнгөрсөн жил бүрэн төгс хийж дуусаад байна гэж харж байгаа. Одоогоор олон улсын  100 орчим медиа компанитай хамтарч ажиллаж байна. КОВИД-19 халдварын нөхцөл байдал технологийн нөхцөлд сайнаар нөлөөлсөн. Гэвч манай World plus компанийн хөгжилд муугаар нөлөөлсөн. Хэрэв халдвар гараагүй байсан бол бид өнгөрсөн жил маш өндөр амжилт үзүүлэх байсан. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Alibaba-тай хамтран гэрээ байгуулсан байсан. Нөгөө талд Сингапурын том зах зээлд ажилладаг компани гэрээ хийсэн байсан боловч эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад гэрээний хугацаагаа хойшлуулсан.

Технологийн компани бол хамгийн багадаа 1,5-3 жилийн хугацаанд бойждог. Тэр хугацаанд хүмүүс тэсч, тэвчиж, давж гарах нь маш ховор. Статистик үзүүлэлтээс харахад олон улсын зах зээлд 1000 компани байгуулагдахад 995 нь дампуурдаг. Хүмүүс гаднаас харахад амархан харагддаг ч эрсэгээрээ хамгийн хэцүү ажил нь. Хэн нэгний хийгээгүй, хүмүүсийн итгэхгүй байгаа зүйлийг хийж эхэлнэ гэдэг амар зүйл биш. Хүнд хэцүү үе байдаг ч залуус даваад, туулаад ард нь гарах ёстой.
      

”ROCKIT”-ийн 6 дахь дугаарын “Стартап Питч" буланд “Шимт боловсрол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Хос-Очир оролцов.  

-Бидний хүүхдүүдийн 65 хувь нь шинээр бий болох ажлын байранд ажиллах юм байна. Хөгжингүй орнуудын ажлын байрны 30 хувь нь роботоор солигдоно гэсэн судалгааг дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан байна. Роботтой өрсөлдөхийн тулд бидний хүүхдүүд тунгаан бодох, бүтээлч байдал, багаар ажиллах, харилцааны чадвар нь дөрвөн С буюу супер чадвар гэж нэрлэдэг. Энэ чадварыг үр хүүхэддээ хэрхэн сургах вэ гэдэг нь чухал. ЭЕШ-ын дүнг харахад боловсролын чанар, агуулга дутагдалтай байгааг хүн бүр хэлж байна. Энэ асуудлыг шийдэх үүднээс боловсролын цогц шийдлийг санал болгож байна.

Лекц сонсох, үзүүлэн харахад хүүхдүүд 30 хувь хүртэлх мэдлэг эзэмшдэг бол өөрсдөө гараар хийж, тухайн асуудлыг шийдэх мөчид 80, 90 хувийн боловсрол эзмших боломжтой болдог. Энэ нь багшийн оролцоотой сургалтыг идэвхгүй сургалт гэдэг бол практик арга зүй оролцсон сургалтыг бүтээлч сургалт гэж нэрлээд байгаа юм. Хичээл бүр нь 6D алхамаар явна. Өөрөөр хэлбэл сонирхон дурлах, төсөөлөн бодох, туршилт хийх, хэлэлцэх байдлаар явах нь илүү үр дүнтэй юм.

“Шимт боловсрол” ХХК нь одоогоор таван сургуультай хамтарч ажиллаж байгаа. Цаашид 100 сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
 

”ROCKIT”-ийн 6 дахь дугаарын Бодлогын зочноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцов.

Тэрбээр “Өмнө нь тэтгэвэр тэтгэмж буухад банкууд дээр нэлээн дараалал үүсдэг байсан. Нэг өндөр настан дараалалд зогсож байгаад нас барж байсан тохиолдлыг би санаж байна. Одоо бол шууд дансанд нь ордог болсон тул нүдэнд харагдахгүй ч төрийн үйлчилгээ хялбар болж иргэндээ очиж байгаа.

Цаашид залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл сонгуулийн өмнө зарлагдсан. Нэг талаасаа “сонгуульд өөрсдийн ухуулагч бэлтгэх гээд байна” гэсэн шүүмжлэл өрнөсөн. Хандлага өөрчлөх сургалт гэж явсан учраас “яагаад хандлага өөрчлөх гэж нэг сая төгрөг өгдөг юм бэ” гэдэг шүүмжлэл явсан. Угтаа бол ажил олгогчдын зүгээс хандлага нь болохгүй бол, ажил хаяж явдаг, хариуцлагагүй байна гэх шүүмжлэлийг нэлээд хэлдэг. Өнөөдөр 45 мянган өрхийн 235 мянган хүн хүнсний талон хүлээн авч байна. Үүний хөдөлмөр эрхлэх боломжтой хүн байдаг ч амьдралын боломжоос хамаарч, хөгжлийн бэрхшээлтэй аавтай ээжтэй гэдэг ч юм уу ямар нэг шалтгаан байгаа учраас илүү мэдээлэл олж авч чаддаггүй. Эдгээр залууст боломж олгоод, сургаад Алсын хараа 2050 зорилтод тохирсон өөрийн чадвараа хөгжүүлэх сургалт юм” гэдгийг онцоллоо.

 
”ROCKIT” НЭВТРҮҮЛГИЙН 6 ДАХЬ ДУГААР БҮРЭН ЭХЭЭРЭЭ
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top