Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.06.30) боллоо.
Хуралдаанаас цар тахлын улмаас зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна.
Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна.
Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын дэлгэрэнгүйг видео хэсгээс хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )