“The South China Morning Post”: Монгол жижигхэн ч дипломат амбиц ихтэй улс

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

БНХАУ-ын “The South China Morning Post” дээр нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

АНУ-ын Азийн бүс нутгууд дахь оролцоо, хамтын ажиллагаа нэмэгдэхийн хэрээр Бээжин тивийнхээ улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх гэж оролдож байна. Үүний нэг жишээ нь,  өнгөрсөн долоо хоногт  Хятадын талын урилгаар Тяньжинд болсон Гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалт байв. Уг уулзалт БНХАУ -ын Гадаад хэргийн сайд Ван И,  АНУ -ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шермантай уулзсаны дараа болсон билээ. Венди Шерман БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзахаасаа өмнө Монголд айлчилсан юм. Шерман Монголд ирэхийн өмнөх өдөр БНХАУ -ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй утсаар ярьсан. Энэ талаараа БНХАУ-ын удирдагч  “Хоёр орон нийтлэг ашиг сонирхлын тоогоо нэмэгдүүлж, Хятад Монголын харилцааг тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх замаар бэхжүүлэхээр тохиролцсон.  Манай улс  хөршийнхөө бүтээгдэхүүнийг илүү ихээр худалдаж авах болно гэдгээ амласан. Харин Монгол Улс АНУ -тай харилцах харилцаагаа гуравдагч хөрш, стратегийн түншийн түвшинд  хадгалахаа мэдэгдсэн” хэмээсэн юм. Түүнчлэн Шерман Монголд айлчилсны дараа БНХАУ -ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Монголын Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяртай Улаанбаатарт уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцоонд хүрчээ.

БНХАУ-аас Монголын уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалах томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээ амлаж, хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж ажиллахаа мөн мэдэгдээд байгаа билээ.  БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улс БНХАУ-тай  найрсаг харилцаатай байх бодлогоо үргэлжлүүлэх бөгөөд тодорхой улс орнуудыг чиглэсэн аливаа механизмд оролцохгүй. Коронавирусийн гарал үүслийг тогтоох гэсэн оролдлогыг ДЭМБ болон барууны орнууд  улстөржүүлэхээр оролдож буйг Монгол Улс дэмжихгүй. Төвөдтэй холбоотой аливаа асуудал хоёр орны харилцаанд нөлөөлөхгүй. 2022 оны өвлийн олимпыг БНХАУ  зохион байгуулахыг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн тухай онцолжээ. Рэньминий их сургуулийн гадаад бодлогын судлаач Ши Иньхун “Хятад, Монголын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Шерманы Монголд хийсэн айлчлалын үр нөлөөг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж болох ч Монгол Улс уламжлал ёсоор АНУ шиг барууны орнуудаас бус Хятадаас илүү болгоомжлох нь тодорхой. Хятадтай эдийн засгийн хувьд сайн харилцаатай байсан ч Монгол Улс ялангуяа аюулгүй байдал, соёл, шашин шүтлэгийн хувьд маш болгоомжтой  хандана” гэжээ.  АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт О'Брайений гаргасан баримт бичигт “Монгол Улс тэргүүтэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хамгийн ажиллагааг ахиулахад АНУ стратегийн ач холбогдолтой. Вашингтон Монголыг ардчилсан үнэт зүйлээ дээдлэх замаар өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлэхийг хүлээж байгаа” гэдгийг мөн онцолсон байдаг. 

Фудан их сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн профессор Ци Хуайгао “Монгол Улс "гуравдагч хөрш" орнуудтайгаа, ялангуяа АНУ -тай харилцаагаа идэвхтэй өргөжүүлж байгаа ч Хятад, Америкийн аль нэгийг буюу хэт нэг талыг барихаас болгоомжилсон хэвээр байна” хэмээв. Ци "Монгол Улс ойрын хоёр хөрш Хятад, Оростой харилцаа тогтоохоос гадна АНУ, ЕХ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс , олон улсын байгууллагатай харилцаагаа бэхжүүлэх, олон улсын орон зайгаа өргөтгөх гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж байна. Монгол жижигхэн  ч  дипломат амбийц ихтэй улс. Тиймээс Хятад, Орос, АНУ-ын  аль нэгийг сонгож, нэг талыг барихгүй” гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.71) 2021 оны 08 сарын 05

яг л үнэн бичиж дээ өөрт л хэрэгтэй бол хэн нэгийг дагана гэж байхгүй шүү хөө

1  |  0
Top