Азийн орнууд Модерна, Файзер вакцинаар дахин дархлаажуулж эхлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07

Хятадын вакцинууд хүн төрөлхтөнийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулахад шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд олон сая хүн Синовак эсвэл Синофармын вакцин хийлгэсэн билээ. Гэвч сүүлийн үед Хятад вакцины үр дүн муу байгаа тул өөр вакцин сонгох Азийн орны тоо өссөөр байна. 

Хятадын вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө  ашигласан олон орон өөр вакцинаар ард иргэдээ дахин дархлаажуулахаа мэдэгдээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Тайланд вакцины бодлогоо өөрчилж байгаагаа мэдэгдэж, Синовакийн хоёр тун хийлгэсэн хүмүүст АстраЗенека тарьж эхлэхээ мэдэгдэв.

Индонез Синовакийн дархлаажуулалтад хамрагдсан эрүүл мэндийн ажилтнуудаа Модеранагийн вакцин тарьж эхэлсэн байна. Малайз Улс Синовакаас татгалзаж, Файзерын вакцинд шилжиж байгаагаа зарлав. Гэхдээ Филиппин, Камбож зэрэг бусад улс орон  Хятадын вакциныг үргэлжлүүлэн хэрэглэсээр байна.

Сүүлийн үед Хятад вакцины хоёр тунг хийлгэсэн ч КОВИД-ын халдвараас нас барж буй хүний тоо нэмэгдэж байгаа юм. Синофармын BBIBP-CorV вакцин хийлгэсэн хүмүүст Дельта хувилбарын эсрэг үйлчлэх эсрэг биет маш бага тогтоогдсон нь Шри Ланкаас авсан хүмүүсийн дээж дээр хийсэн лабораторийн судалгаанаас харагджээ. Судалгааг Шри Джейеварденепурагийн их сургууль, Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд хамтран хийсэн байна.

Өнгөрсөн жилийн сүүлчээр Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта хувилбар дэлхий даяар тархаж, Их Британи, Индонез, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсад сүүлийн үед голчлон бүртгэгдэх болсон билээ.  Судлаачид вакцин хийлгэсэн хүмүүсийн цусны ийлдсэнд агуулагдах Дельта хувилбарын эсрэг биетийн түвшинг вакцин хийлгээгүй  халдвар авсан хүмүүсийн ийлдэстэй харьцуулахад мэдэгдэхүйц ялгаа илрүүлээгүй байна. Синофармын вакцин нь Хятадад хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд Ковакс  хөтөлбөрт  2022 оны дунд үе хүртэл 170 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон.

Харин “Pfizer/BioNTech” компанийн КОВИД-19-ийн вакцины гурав дахь тун Дельта хувилбарын эсрэг стандарт хоёр тунгийн  үр дүнг нэмэгдүүлж байгаа нь судалгаагаар батлагдсан байна. Судалгааны тайланд дурдсанаар Файзер вакцины хоёр дахь тунгийн тарилгаас хойш зургаан сарын дараа хамгаалалт нь бага зэрэг суларч эхэлсэн байна. 

Харин Файзер вакцины гурав дахь тунгийн тарилга нь стандарт хоёр тунгийн үр нөлөөтэй харьцуулахад “SARS-CoV-2” вирусийн дельта хувилбарын эсрэг дархлааг эрс нэмэгдүүлж, сайн хамгаалж байгаа аж.

Судалгаанд хамрагдсан 18-55 насны сайн дурын оролцогчдод вакцины гурав дахь тунг тарьж туршихад Дельта вариантын эсрэг биетийн түвшин дунджаар тав дахин нэмэгдсэн гэх үр дүн гарсан байна. Харин 65-85 насны сайн дурын оролцогчдод гурав дахь тунг тарьсны дараа эсрэг биетийн түвшин хоёр тунгийн тарилгын дараа бий болсон эсрэг биетийн хэмжээнээс 11 дахин нэмэгдсэн аж. Ирэх жил гэхэд дэлхий дахин КОВИД-19-ийг хяналтдаа авах боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байгаа юм. Хэдийгээр Дельта хувилбар дэлхийн хэмжээнд хурдацтай тархаж байгаа ч ДЭМБ-ын албан тушаалтнууд ирэх он гэхэд цар тахлыг хяналтандаа авч магадгүй гэсэн өөдрөг таамаг  дэвшүүүлж буй. ДЭМБ-ын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, доктор Майк Райан "Цар тахал энэ жил намжина гэж хэлмээр байгаа ч  тийм зүйл болохгүй нь харамсалтай. 

Хэрэв улс орнууд вакцинаа ядуу буурай орнуудад адил тэгш хуваарилж, эмнэлгүүдээ хангалттай санхүүжүүлж чадвал цар тахал эрт дуусах магадлалтай” хэмээжээ. Сүүлийн долоо хоногт дэлхийн олон бүс нутагт өвчний тохиолдол нэмэгдсэн байна. Европт халдварын тохиолдол бараг 21, Зүүн Өмнөд Азид 16.5, Номхон далайн баруун хэсэгт ойролцоогоор 30, Зүүн Газар дундын тэнгисээр өвчлөл 15 хувиар тус тус өссөн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ооркийн сэтгэлгээ нэ(59.153.114.43) 2021 оны 08 сарын 08

Модерна,Файзер тийм л сайн хамгаалдаг юм бол 3 дах тунгийн тухай яриа байх ёсгүй биздээ.

0  |  1
бодох л бодол(59.153.114.43) 2021 оны 08 сарын 08

Тийм л сайн вакцин гаргачихсан юм бол яагаад Ангил,Амекикчуудад халдвар нэмэгдээд үхэл гавьтай буурахгү й байгаа юм бэ?! Харин ч хятадад халдвар харьцангүй бага, үхэл ч бага байгаа,иргэд нь ч хариуцлагтай юм.Сүүлийн үед зөөвөрлөгдөн ирсэн дельта вирус илэрсэн тухай мэдээг хувь хүндээ ирүүт өөрийнхөө явсан газрыг нэгд нэгэнгүй зохих газарт мэдээлснээр Галт тэргэнд суусан байлаа гэхэд би тэндээс тэр хүрэх төдөн цагийн тийм дугаартай галт тэрэгний вагон болон суудлын дугаараа зарлуулж ойрын хүмүүс анхаарна уу гэж заралдаг гэнэ шүү. Энийг л нийгмийн хариуцлага гэх байх.

1  |  0
Зочин(103.212.119.220) 2021 оны 08 сарын 10

Монголчууд шиг тэнэг хүмүүс алга. Хятад юм хулххи гэдгийг мэдссээр байж хужаа вакцин шахуулаад халдвар нь буурсангүй, хүмүүс нь үхээд. байдаг. Барууны вакцин авах байтал манай эрлийз, авилгач дарга нар урд зүгийн вакцин захиалж ард түмнээ аллаа.

1  |  2
Top