Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 80 хүртэлх хувийг ДЕЛЬТА ВИРУС эзэлж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 14 хоногийн хугацаанд халдварын дельта хувилбарын мутаци хөдөө орон нутаг, нийслэлийн бүхий л хэсэгт нэмэгдэх эрсдэлтэй байна. Өдөрт батлагдаж буй тохиолдлын 80 хувьд нь дельта вирус эзэлж байгаа юм. Иймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ ягштал барих шаардлагатай байна. Дельта хувилбар нь нэг хүнээс нөгөөд халдвардлахдаа илүү тархац өндөртэй буюу илүү олон хүнд халдаадаг. Өвдсөн тохиолдолд хүндрэ, эмнэлэгт хэвтэх эрсдэл нь өндөртэй. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ эгзэгтэй цаг үед дельта хувилбарыг тархаахгүй байх тал дээр хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй" гэсэн юм. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1841 тохиолдол шинээр илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлын 535 нь Улаанбаатар хотод, 1305 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 892 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1591 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь нэн хүнд гэсэн оноштой 180 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

 

 

Top