Эрүүл мэндийн яамнаас АНХААРУУЛЖ БАЙНА

2021 оны 08 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын халдвараас сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж байна.

Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд,  ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХ”-ыг зөвлөж байна. Түүнчлэн дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар “ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ”-ыг уриаллаа.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр өдөрт батлагдаж буй ковидын тохиолдлын 80 хувьд нь дельта вирус эзэлж байгаа юм. Дельта хувилбар нь нэг хүнээс нөгөөд халдвардлахдаа илүү тархац өндөртэй буюу илүү олон хүнд халдварладаг. Өвдсөн тохиолдолд хүндрэх, эмнэлэгт хэвтэх эрсдэл нь өндөртэй байдаг аж. Иймд та бүхэн ЭМЯ-аас өгч буй зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах зайлшгүй шаардлагатай юм.

"Ковид-19" халдварын эрсдэл буураагүй бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор халдвар дахин нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд ковидын 1651 шинэ тохиолдол илэрч, дөрвөн хүн нас барсан мэдээтэй байна. Түүнчлэн эмнэлгүүдэд 9910 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 842 нь хүнд, 200 нь нэн хүнд байдалтай байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top