Синовакийн гурав дахь тун дельта хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа  Синовакийн вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүмүүст эсрэг биет өндөр тогтохоос гадна дельта хувилбарын эсрэг үр дүнтэй нь батлагдсан тухай онцолжээ. Туркт вакцинд хамрагдсан 30 сая гаруй хүний дунд судалгаа явуулахад Синовакийн вакцины хоёр  болон нэг тун хийлгэсэн хүмүүсээс илүү гурав дахь тунд хамрагдсан хүмүүст өндөр хамгаалалт тогтсон байна.

Фахреттин Кожа  “Ямар вакцинаар ард иргэдээ дахин дархлаажуулах вэ гэдгээ шийдэхийн тулд хэд хэдэн вакцины гурав дахь тунг туршиж үзсэн ч Синовакийн гурван тун тариулсан хүмүүст дельта хувилбарын эсрэг биет хамгийн өндөр тогтсон” гэдгийг тодотгосон байна. Тиймээс тус улсын Засгийн газар Синовакийн хоёр тунг хийлгэсэн хүмүүстээ гурав дахь тунг нь удахгүй тарьж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Турк ард иргэдийнхээ олонхыг  Синовакийн вакцинаар дархлаажуулсан.  Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сараас Файзер болон Спутникийн вакциныг өргөнөөр хэрэглэж байгаа юм. Хятад нь дэлхийн 60 оронд 80 сая гаруй тун вакцин хандивлаж, худалдаад буй. Олон улсад Хятадын Синофарм болон Синовак гэсэн хоёр үйлдвэрийн вакциныг ихэвчлэн худалдан авч байна.  Идэвхгүйжүүлсэн вирусээр бүтээсэн Синовак, Синофарм компанийн вакцинууд дельта хувилбарын эсрэг үр дүн багатай байгаа боловч вирусээс тодорхой хэмжээнд хамгаалж байгаа талаар БНХАУ -ын Өвчнийг хянах төвийн ажилтан Фэн Зижян  өнгөрсөн зургаадугаар сард "CCTV" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон билээ. Тэрбээр гурав дахь тун нэмж хийлгэсэн тохиолдолд эсрэг биетийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг судалгааны дүн харуулсан гэдгийг мэдээлсэн. Төрийн өмчит Синофарм компани дельта зэрэг дөрвөн үндсэн хувилбарт тохирсон вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

Синовакийн вакцинаас гадна “Sputnik Light” вакцины гурав дахь тун  дельта хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа ажээ. Түүнчлэн “Pfizer” вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд “Sputnik Light” вакциныг бүүстер тун хэлбэрээр тарихад дельта хувилбарын эсрэг хамгаалалтын түвшинг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан өмнө нь “Pfizer” болон “Sputnik Light”, “Sputnik-V” вакциныг хослуулан хэрэглэх талаар судалгааны ажил хийж байгаа талаар мэдэгдээд байсан юм. Үүнээс гадна  ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург  өнгөрсөн ням гарагт “SARS-CoV-2” вирусийн мутацилагдсан хувилбаруудын эсрэг “Sputnik-V” вакцины шинэ хувилбарыг боловсруулсан талаар мэдээлсэн. Гэвч тэрбээр вакцины шинэчилсэн хувилбарыг эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Александр Гинцбург ОХУ-ын төрийн мэдлийн “TАСС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар “Бид коронавирусийн мутацлагдсан омог дээр суурилсан вакцины бүтцийг гарган авсан. Хэрэв зохицуулагч байгууллагууд вакцины сайжруулсан хувилбарыг эмнэлзүйд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бид үйлдвэрлэлд шилжихэд бэлэн. Гэхдээ “Sputnik-V” вакцины одоогийн хувилбар нь өнөөдрийн байдлаар тодорхойлогдсон коронавирусийн бүх омгоос сайн хамгаалж байгаа. Тиймээс шинэчилсэн хувилбарыг зайлшгүй эмнэлзүйд ашиглах шаардлагагүй” гэсэн байна.  АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар “Pfizer” вакцин нь дельта хувилбарын эсрэг 42 хувь, “Moderna” вакцин 76 хувийн үр дүнтэй гэх хариу гарсан. Тэгвэл ОХУ-ын эрдэмтэд “Sputnik-V” вакцин нь дельта вариантын эсрэг 83.1 хувийн үр дүнд хүрсэн гэх судалгааг танилцуулсан юм.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нар(202.179.27.8) 2021 оны 08 сарын 25

Оросын эрдэмтэд анх Холерын эсрэг вакциныг бас гаргасан ш тээ

0  |  0
Зочин(202.126.89.172) 2021 оны 08 сарын 25

Ейлийн эсвэл Еэлийн их сургууль.

0  |  0
Z(202.126.89.81) 2021 оны 08 сарын 25

Hahahahaha

0  |  0
Top