Синофарм Дельта, Бета хувилбараас хамгаалах вакцин боловсруулж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 27

Синофарм компани Дельта болон Бета хувилбараас хамгаалах КОВИД-19-ийн  вакцины шинэчилсэн хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд одоогоор клиникийн туршилтын түвшинд явж  буй тухай “South China Morning Post” мэдээлжээ. Синофармын дэд ерөнхийлөгч Жан Юнтао  “Шинээр бүртгэгдсэн хувилбаруудын эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин боловсруулж байгаа. Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүн ч гэсэн шинээр бүтээж буй вакциныг тариулах боломжтой” хэмээжээ.

Богино хугацаанд хурдацтайгаар тархдаг Дельта хувилбар Энэтхэгт хамгийн анх бүртгэгдсэн бол  дэлхийн олон оронд тархаад буй  Бета  хувилбар нь Өмнөд Африкт анх илэрсэн. Одоогоор уг хоёр хувилбар хамгийн аюултайгаас гадна вакцинд тэсвэртэй болох нь тогтоогдоод байгаа юм.  Синофармын Халдварт өвчин судлалын мэргэжилтэн  Жун Наншань 1.4 тэрбум хүний 80 хувь нь вакцинд бүрэн хамрагдсанаар БНХАУ-д сүргийн дархлаа тогтоно хэмээжээ.  Өнгөрсөн мягмар гаргийн байдлаар тус улс 1.975 тэрбум  тун вакцин хийгээд байгаа аж.

Жан  Юнтао “Вакцины шинэчилсэн хувилбарыг боловсруулж дууссан ч өөр технологи ашиглан бүтээж байгаа болохоор хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийг дахин дархлаажуулснаар ямар нөлөө үзүүлэхийг нарийн судлах хэрэгтэй. Шинэчилсэн вакцинаар эсвэл   гурав дахь тунгаар дархлаажуулах хоёрын алт нь илүү үр дүнтэй эсэхийг судалж, холих технологийг туршиж үзсэний дараа яаралтай болон ерөнхий хэрэглээнд батлуулна. Эдгээр судалгаа хэзээ дуусах нь  тодорхойгүй байна” гэжээ. Одоогоор Синофарм болон Синовакийн вакцины гурав дахь тунг  тарьсны дараа тарьсан хэсэгт хөндүүрлэх, тууралт гарах, халуурах, ядрах зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа ч дархлааны хариу урвал хоёр тунг тарьсны дараах үеийнхтэй харьцуулахад илүү сайн тогтож байгаа нь судалгаагаар батлагдаад байгаа билээ. Синофарм болон Синовакаас гадна Хятадын хэд хэдэн вакцин үйлдвэрлэгч шинээр бүртгэгдэж буй хувилбаруудын эсрэг шинэчилсэн вакцин боловсруулж байгаа бөгөөд зарим нь  гурав дахь тунг хийж эхлэх эсвэл  өөр төрлийн вакцинаар дахин дархлаажуулснаар ямар үр дүнтэй байх талаар судалж байгаа аж. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар Синовак болон Синофармын вакцины хоёр тунг хийлгэснээс  хойш зургаан сарын дараа эсрэг биеийн түвшин мэдэгдэхүйц буурсан нь тогтоогдсон. Тиймээс  Синовак компанийн зүгээс вакцины гурав дахь тунг хоёр дахь тунг хийлгэснээс хойш зургаан сарын дараа хийлгэхийг зөвлөж байгаа юм. Тус компанийн вакцины гурав дахь тунг хийлгэхэд  эсрэг биеийн концентрац хоёр тунг хийлгэсэний дараах үеийнхээс  тав дахин өндөр тогтож байгаа нь судалгаагаар батлагдаад байгаа ажээ.

Одоогоор Дельта хувилбар тархсан улс орон, нутаг дэвсгэрийн тоо 163 болж нэмэгдээд байгаа юм. Үүнээс гадна, Альфа, Бета, Гамма хувилбар тархсан орнуудын тоо өссөөр байна. "“SARS-CoV-2" вирусний шинэ хувилбаруудыг илрүүлэх хүчин чармайлт үндэсний хэмжээнд болон үндэстэн дамнан эрчимжиж байгаатай холбоотойгоор “санаа зовоосон” гэх ангилалд багтсан хувилбарууд илэрсэн талаар мэдээлж буй улс орон, нутаг дэвсгэрийн тоо нэмэгдэж байна” гэж халдварын нөхцөл байдлын талаарх ДЭМБ-ын долоо хоног тутмын тойм мэдээнд онцолжээ. Түүнчлэн ДЭМБ-ын тэргүүн  “Коронавирусний шинэ омгууд үүсэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн салбарын болон, нийгмийн арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлэх нь чухал болохыг, мөн “SARS-CoV-2” вирусээс сэргийлэх вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэжээ.

Альфа, Бета, Гамма, Дельта хувилбаруудыг шинжээчид “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд оруулсан юм. ДЭМБ-ын мэдээлснээр, 2020 оны есдүгээр сард Их Британид анх илэрсэн Альфа хувилбар тархсан орнуудын тоо долоо хоногийн дотор хоёроор нэмэгдэж, 192 болжээ.  Өнгөрсөн оны наймдугаар сард ӨАБНУ-д илрүүлсэн Бета хувилбар долоо хоногийн өмнөхөөс гурваар нэмэгдэж, 141 улс оронд тархсан байна. Есдүгээр сард Бразилд анх бүртгэгдсэн Гамма омог 86 улс оронд бүртгэгдсэн бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин бусад хувилбараасаа илүү халдвартай Дельта хувилбар тархсан улс орнуудын тоо долоо хоногийн дотор 15-аар нэмэгдэж, 163 болжээ. ДЭМБ-ын мэдээлснээр, наймдугаар сарын 24-ний байдлаар коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 212 357 898 болж, 4 439 843 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top