Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс харьяаллаар вакцинд хамрагдахад хүндрэлтэй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 31

Коронавирусний эсрэг файзер болон синофарм вакцины нэг болон хоёрдугаар тундаа хамрагдсан 55-аас дээш насны ахмадууд, шаардлагатай хүмүүст өчигдрөөс /2021.08.30/ эхлэн гуравдугаар тунгийн вакцин хийж эхэлсэн. Тиймээс бид бүхэн вакцинд хамрагдалтын явцын талаар сурвалжиллаа.

Нийслэлийн 39 дүгээр сургуулийн ард байрлах Чингэлтэй дүүргийн Спорт хороон дээр очлоо. Биднийг очиход цайны цаг болсон тул эмч нар хаалгаа барьж, хүмүүсийн дараалал нэмэгдэж эхэлсэн юм. Хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд, ахмадууд их байлаа.

Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны ахмад настан н.Мөнхцэцэг нөхөр, эмчийн хяналтад байдаг хүүгээ дагуулж иржээ. Өөрөө "Нарантуул-2" зах дээр лангуун дээр суудаг, олон хүнтэй харьцдаг учраас ямар ч байсан гуравдугаар тунгаа хийлгэе, нөхөр, хүү хоёртоо ч гэсэн хийлгэж болохоор бол хийлгэнэ гэсэн юм.

Тун удалгүй эмч нарын цайны цаг дуусаж, хаалга нээгдлээ. Нэг удаад зургаан хүн оруулаад дахин хаалгаа барьж байгаа нь дотор хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж байгаа аж. Орж байгаа хүмүүс үүдний хажууд бэлдсэн савтай улавчнаас өмсөж, гараа ариутгаад дотогшоо орно. Улмаар өөрийн нэр, регистерээ хэлж бүртгүүлээд тарианы өрөө рүү ордог юм байна.

Тус цэг дээр астразенека вакцины хоёрдугаар тун хийлгэх Чингэлтэй дүүргийн бүх хорооны иргэд, гуравдугаар тунд хамрагдах зорилтот бүлэг, файзер вакцины нэгдүгээр тун хийлгэх 12-оос дээш насны иргэдэд үйлчилж байгаа аж. Мөн файзерийн хоёрдугаар тун, синофарм вакцинд хамрагдах хүмүүс ч үйлчлүүлж байна. Өдөр бүр 10-15 цагийн хооронд вакцинд хамрагдах боломжтой гэнэ.

Тус цэгийн ахлах эмчээр ажиллаж байгаа н.Лхагвадулам  “Вакцинд янз бүрийн насны хүмүүс хамрагдаж байна. Хүүхдүүд, насанд хүрэгчдэд нэг, хоёрдугаар тунгийн вакцин хийж байгаа. Харин 55-аас дээш насны болон нэн шаардлагатай хүмүүст файзер болон синофарм вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн” гэв.

Ачаалал ихтэй өдөр 500 хүнд үйлчилж байгаа бол жирийн өдрүүдэд 350-400 орчим хүнд вакцин хийдэг байна. Манай улсын хувьд халдварт өвчний голомтод ажиллаж байгаа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаа өнгөрсөн долоо хоногт астразенека вакцины гуравдугаар тунд хамруулж дууссан аж.

Вакцины гуравдугаар тунд хамрагдах нь коронавирусээр өвчлөхгүй байхад тустай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа. Харин тусаад эдгэсэн хүмүүст вакцин хийхгүй юм билээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа болохоор ачаалал нэлээд нэмэгдэж байгаа гэдгийг н.Лхагвадулам эмч хэлсэн. Вакцинжуулалтын цэг дээр байгаа вакциныхаа тоо ширхэг, хэмжээг вакцинатарууд байнга хянаж байдаг бөгөөд нөөц багассан даруйд нь дээшээ мэдэгдэж, нэмж авдаг байна. Ойрын өдрүүдэд вакцин тасраагүй гэнэ.

Сурвалжилга хийж явах үеэр эрхтэн шилжүүлэн суулгуулсан Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн н.Мөнхзул бидэнд хандсан юм. Учир нь нэг, хоёрдугаар тунгаа хяналтад байдаг эмнэлэг дээрээ хийлгүүлж байж. Гэтэл гуравдугаар тунгаа харьяаллын дагуу хийлгэ гэсэн болохоор хэт олон хүмүүстэй холилдох, өөр олон төрлийн өвчин тусах эрсдэл хүлээж байгаа аж. Тэрбээр "Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс байнга дархлаа дарангуйлдаг эм ууж байдаг учраас олон хүмүүстэй холилдох нь хэцүү. Урт дараалал үүссэн газарт өөрийгөө эрхтэн шилжүүлэн суулгуулсан гэдгээ зарлаад байх боломжгүй учраас хүнд байна" гэдгээ учирлаж байлаа. Манай улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгуулсан 700 орчим хүн байдаг бөгөөд эдгээр хүмүүсийг ингэж эрсдэлд оруулж байгаа асуудлыг шийдвэрлэх, зохицуулах хэрэгтэй байгааг ч хэлж байлаа.

Бид бүхэн мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв дээр очсон юм. Энд вакцинжуулалтад зориулан нэг өрөө гарган нэг эмч ажиллаж байв. Бүртгэлийн ажилтан хүмүүсийг бүртгэж авсаны дараа тарилгын эмчийн өрөө рүү оруулж, вакцинд хамруулж байсан юм. Спорт хорооны цэгийг бодвол хүмүүсийн тоо харьцангуй бага байлаа. Тус цэгээс вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл авах гэсэн боловч Эрүүл мэндийн төвийн дарга нь нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авч ирвэл чинь мэдээлэл өгнө гэж зэргээр бултаж байна лээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар наймдугаар сарын 17-29-ны өдрүүдэд астразенека вакцины гуравдугаар тун хийхэд 24633 хүн хамрагджээ. Харин файзер, синофарм вакцины гуравдугаар тунд хамрагдалтын тоо бүртгэл өнөөдрөөс гарч эхлэх гэнэ.

Одоогийн байдлаар дархлаажуулалтыг 44 суурин цэг, хоёр явуулын багаар хийж байгаа бөгөөд зөвхөн гуравдугаар тунгаас гадна нэг, хоёрдугаар тундаа хамрагдаж байгаа иргэдэд ч үйлчилж байгаа юм байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top