Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, сурталчлах зорилго бүхий олон улсын 119 гаруй бие даасан төрийн бус байгууллагын нэгдэл бүхий “IFEX”-ийн сайтад Монголын тухай нийтлэл гарчээ. Нийтлэлд “Глоб Интернэшнл төвөөс Монголын төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг нэхэмжлэл гаргасан нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдээлэл авах эрхэнд халдаж байна гэж үзжээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 22 -ны өдөр "Өглөөний сонин"-ы сэтгүүлч С.Өлзийбаярын бичсэн "Ураны аюул Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг устгаж байна" гэсэн гарчигтай нийтлэл "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" гэсэн буланд нийтлэгдсэн байна. Уг нийтлэлтэй холбоотойгоор Мон-Атом хэмээх төрийн өмчит компани тус сониныг худал, ташаа мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдсан гэж буруутгажээ.
Түүнчлэн тус компанийн зүгээс 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар “Өглөөний сонин”-ы эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Ингэхдээ тус сонинг нүүр хуудастаа залруулга нийтэлж, 100 сая төгрөгийн (ойролцоогоор 38,065 ам.доллар) нөхөн төлбөр төлөхийг шаардсан байна. Мон-Атом ХХК-ийн уг үйлдлийг Глоб Интернэшнл төвөөс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн тус төвөөс хэвлэл мэдээллийн байгууллагыг нэр хүндэд нь халдсан гэж буруутгаж, их хэмжээний мөнгө нэхсэн нь эдийн засгийн цензур тогтоох гэсэн нэг хэлбэр болж магадгүй гэж үзэж байна. Угаас уг үйлдэл нь нэр хүнд бүхий албан тушаалтнуудын тухай мэдээг хаах, шударга шүүмжлэлээс татгалзах, олон нийтийн ашиг сонирхолд харшлах цензурыг өдөөх эрсдэлтэй байж болзошгүй юм. Глоб Интернэшнл төв нь 1999 онд байгуулагдсан бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах үндсэн эрхийг хамгаалдаг, төрийн байгууллагуудын ил тод байдлыг дэмждэг төрийн бус байгууллага юм” гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )