Сальвадор улс дэлхийд анх удаа биткоиныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хуульчиллаа. Энэ сарын 7-нд хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу бүх байгууллага, аж ахуйн нэгж бараа, үйлчилгээний төлбөрийг ам.долларын адил криптовалютаар авах үүрэг хүлээж байна. Сальвадор нь үндэсний валютгүй улс юм.
Хууль санаачлагч Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле энэхүү арга хэмжээ нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, гадаадад ажиллаж буй иргэдийнх нь эх орондоо хийж буй мөнгөн гуйвуулгыг илүү хямд бөгөөд хялбар болгон гэж үзэж байна. Түүний хэлснээр, өдгөө 50 мянган сальвадорчууд биткоин хэрэглэж байна.
Букелегийн тооцоолсноор, эл алхмын ачаар иргэд нь жилд 400 сая ам.доллар хэмнэх гэнэ. 2020 онд гол төлөв АНУ-д хөдөлмөр эрхэлж буй Сальвадорын 1.5 сая иргэн эх орондоо нийт 5.9 тэрбум ам.доллар буюу Сальвадорын ДНБ-ний 23 хувьтай тэнцэх мөнгө гуйвуулжээ. Мөнгөн шилжүүлэг хийсний төлөө банкнууд өндөр хэмжээний шимтгэл авдгаас гадна цаг хугацаа шаарддаг байна.
Сальвадор улсад криптовалют нэвтрүүлэх зорилго бүхий “Bitcoin Beach” төслийн захирал Майк Петерсоны хэлснээр, АНУ болон Европын улс орнуудыг бодвол Сальвадорын ихэнх иргэд банканд дансгүй бөгөөд төлбөрийн аппликэйшн хэрэглэх боломжгүй байдаг аж. Харин энэхүү алхмын ачаар сальвадорчууд тоон ертөнцөд нэвтэрч, төлбөр тооцоогоо цахимаар бараг шимтгэлгүй хийх боломжтой болж байна гэж тэрбээр онцолжээ.
Сальвадорын Засгийн газар биткоиныг ам.долларт хөрвүүлэх 200 АТМ суурьлуулсан байна.
Харин Дэлхийн банк, Олон улсын валютын сан болон дэлхийн санхүүгийн шинжээчид Сальвадорын энэхүү шийдвэр нь оновчтой гэдэгт эргэлзэж байна. Биткоиныг хуульчилсан нь ОУВС-гаас олгохоор төлөвлөж байсан нэг тэрбум ам.долларын зээлийг түр царцаана гэж шинжээчид үзэж байна. Үүнтэй зэрэгцэн “Moody's” агентлаг Сальвадорын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Шинжээчид мөн биткоиныг хэрэглэснээр мөнгө угаах явдлыг өөгшүүлнэ гэж эмээж байна. Тэд биткоиныг хуульчилснаар макро эдийн засгийн өндөр эрсдэл, хууль зүйн хувьд тодорхойгүй байдал үүснэ гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )