О.Батбаяр: Өдөрт 500-700 сая төгрөгийг ШААРДЛАГАГҮЙ ШИНЖИЛГЭЭНД зарцуулж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.09.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Орон нутагт хэрэглэж байгаа хурдавчилсан оношлуурыг татан авч, хяналт шалгалт явууллаа. Нийт 11 оношлуурын нэг нь л хэрэглэхийг зөвшөөрсөн оношлуур байна. Түргэвчилсэн оношлуураар хуурамч эерэг, хуурамч сөрөг их гарч байна. Өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарлагадаж байна.

Бид хурдавчилсан оношлууруудаар эерэг гарсан тохиолдлуудыг PCR-аар баталгаажуулахад хуурамч эерэг 11 хувь, хуурамч сөрөг ч гэсэн маш өндөр хувьтай гарч байна.  Тиймээс цаашид олон нийтэд PCR-аар зөвхөн баталгаажсан тоог олон нийтэд мэдээлж байх юм.

Халдварын тархалт өндөр үед шинжилгээний тактик өөрчлөгдсөн бөгөөд иргэд амны хаалтаа маш сайн зүүх шаардлагатайг сануулъя. Учир нь дельта хувилбарын хувьд, амны хаалтгүй зөрөөд өнгөрөхөд л халдварлах чадвартай. Тиймээс шинжилгээ хийлгэх гэж яарахаас илүү амны хаалтаа маш сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.

Дельта хувилбарын давлагаатай холбоотойгоор хавьтал, шинж тэмдэгтэй байвал эмнэл зүй дээр үндэслэж буюу заавал шинжилгээ хийхгүйгээр эмчилгээ хийх чиглэл өгсөн. Энэ бол халдварын онцлог, эрүүл мэндийн салбарын нөөц зэргээс шалтгаалж өөрчлөгдөж байдаг зүйл" гэж ярилаа. 

Тэгвэл ЭМЯ-ны хэлстийн дарга Д.Баярболд "Коронавирусний эсрэг халдварын нэгдүгээр тунгийн хамрагдалт 69 хувьтай байна. Хоёрдугаар тунгийн хамрагдалт 65 хувьтай байна. Нийт 6100 жирэмсэн эмэгтэй, 5813 хөхүүл эмэгтэй, 12-17 насны 285 мянган хүүхэд вакциныхаа нэгдүгээр тундаа хамрагдаад байна. Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360600 томуугийн тунг хүлээж авсан. Өмнөх жилүүдэд томуугийн вакцин аравдугаар сарын дундаас хийгддэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас хийж эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн зэрэг хүчин зүйлийг 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийнэ. Мөн 65-аас дээш насны ахмадад хийнэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top